Их Британи. Туг, шуудангийн хайрцаг, малгайны дуулга дээрх Хатан хаан II Елизаветын “E II R”-ыг сольж өөрчилнө

0
41

 

Далан жил Британийн хаан ширээнд суусан Хатан хаан II Елизавет тэнгэрт дэвшиж түүний угсаа залгамжлагч том хүү нь III Чарльз нэртэй хаан болсноор Их Британи, Умард Ирландын Вант улсын түүхэнд нэгэн эрин үе дуусч, шинэ эрин эхэллээ. Шинэ хаантай болсноор уламжлалт ёс дэгийн дагуу өөрчлөгдөх зүйл гэвэл,

 

  • Төрийн дуулал
  • Мөнгөн дэвсгэрт
  • Марк, шуудангийн хайрцаг
  • Туг

 

  • Дүрэмт хувцас
  • Паспорт, эдгээр болно.

__ 1745 оноос дуулагдаж байгаа Төрийн дуулалд Хатан хаан II Елизаветын үед байсан “God Save the Queen” гэсэн үг “God Save the King” гэж өөрчлөгдөнө. 

__ Мөнгөн дэвсгэрт дээр хааны зураг байдаг уламжлалтай. Иймээс Английн төв банк  III Чарльз хааны хөрөг бүхий фунт стерлингийн цаасан дэвсгэрт, зоосон мөнгийг шинээр гаргаж гүйлгээнд оруулна. Хатан хаан II Елизаветын хөрөгтэй тав орчим их наяад фунт стерлингийг бүгдийг нь солих ажил хоёр жил үргэлжлэх төлөвтэй байгаа. Энэ хугацаанд гүйлгээнээс татаж авч сольж амжаагүй “хуучин” мөнгөн дэвсгэрт хүчинтэй хэвээр, III Чарльз хааны хөрөгтэй шинэ фунт стерлингтэй зэрэгцэн, нэгэн адил төлбөрийн хэрэгсэл байх ажээ.

__ Хатан хааны шуудангийн газар нь тус улсад ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг хамгийн том байгууллага. Хатан хаан II Елизаветын зурагтай шуудангийн маркны оронд III Чарльз хааны зураг бүхий шинэ марк хэвлэгдэж гарна. Их Британид гадна талдаа “E II R” буюу Хатан хаан II Елизавет гэсэн утгатай латин “Elizabeth II Regina” үгийн товчлол бүхий 100 мянга гаруй шуудангийн хайрцаг бий. Шуудангийн бүх хайрцаг дээрх энэ тэмдэглэгээ солигдож “Charles III Rex” гэсэн латин үгийн товчлол бичигдэх гэнэ. Regina нь хатан хаан, Rex нь хаан гэсэн утгатай латин үг.

__  Хатан хаан II Елизаветын “Elizabeth II Regina” гэсэн латин үгийг товчилсон “E II R” тэмдэглэгээтэй бүх тугийг сольж шинэ товчилсон үгтэй тугтай болгоно.  Хатан хаан II Елизаветын хаанчлалын үед 70 жилийн турш Тэнгисийн цэргийн флот, Цагдаагийн байгууллага, Иргэний танхим гэх мэт  олон газар мандаж байсан албаны бүх тугийг буулган оронд нь III Чарльз хааныг илэрхийлсэн үгийн товчлолтой туг байрлуулна.

__ Хатан хааны “E II R” тэмдэг нь Британийн цагдаа, цэргийн дүрэмт хувцас, малгай дуулган дээр байдаг. Одоогийн дүрэмт хувцасны нормт хугацаа нь дуусахад нь хураан авч оронд нь III Чарльз хааны төлөөллийн тэмдэгтэй шинэ хувцас тэдэнд тавьж өгөх юм байна.

__ Их Британийн иргэдийн паспорт дээр “’Her Britannic Majesty’s Secretary of State requests and requires in the name of Her Majesty all those whom it may concern to allow the bearer to pass freely without let or hindrance and to afford the bearer such assistance and protection as may be necessary” гэсэн уриалга үг өгүүлбэр байдаг. Англи хэлний найруулга зүйн өвөрмөц дүрмээр дээрх өгүүлбэрт эмэгтэй хүнийг /Хатан хаан II Елизавет/ заасан нэр үг байгаа тул одоо эрэгтэй хүнийг /III Чарльз хаан/ заасан нэр үг болгон өөрчлөх шаардлага гарч байгаа. Ингээд “эм” өгүүлбэрийг “эр” өгүүлбэр болгож өөрчилснөөр олон сая паспорт шинэчлэгдэхээр болж байна.

    Дашрамд хэлэхэд, манай улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талийгч  Хатан хаан II Елизаветыг эцсийн замд нь үдэх Британийн Төрийн оршуулгад оролцож Монголын төр, засаг, ард түмнээ төлөөлөн дипломат харилцааны чухал үүрэг гүйцэтгэсэн нь сайшаалтай. Тэрбээр, удахгүй энэ есдүгээр сарын 27-нд Токио хотноо болох Японы экс Ерөнхий сайд Абе Шинзог эцсийн замд нь үдэх арлын улсын Төрийн оршуулгын ёслолд Монгол Улсаа төлөөлж оролцоно.