Хатан хаантай салах ёслол. Уригдан оролцогчдоос Жо Байден, Л.Оюун-Эрдэнэ, Японы Эзэн хааныг онцолж байна

0
31

 

/Хатан хаан II Елизаветийг эцсийн замд нь өнөөдөр IX.19-ний манайхаар 15.30 цагт үднэ/

Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улсын Хатан хаан II Элизабетийг эцсийн замд нь үдэж оршуулах ёслол даваа гарагт орон нутгийн цагаар 06.30-д болно. Хатан хаантай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд дэлхийн олон орны Хаан, Төрийн тэргүүн, Ерөнхий сайд тэргүүтэй дээд түвшний 500-аад эрхэм оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр ням гарагт Лондон хотноо Вестминстерийн ордонд Хатан хааны шарилд хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр МУ-ынхаа өмнөөс Британийн ард түмэн болон шинэ Хаан II Чарльзын гэр бүлд эмгэнэл илэрхийлэв. Дараа нь Ланкастерийн харшид Эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурж ёслол гүйцэтгэлээ.

Гадаадын ажиглагчид оршуулах ёслолд хүрэлцэн ирэгсдээс АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Японы эзэн хаан Нарухито нарыг онцолж байна. Жо Байден дэлхийн тэргүүлэгч ОХУ, Хятад, АНУ, гурван том гүрний нэг төлөөлөл гэдгээрээ олны анхаарал татаж буй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг Украины дайнтай холбогдуулж албан ёсоор уриагүй. Хятадын дарга Ши Жиньпинийг урьсан боловч тэрбээр Хятадад Уйгарын цөөнх үндэстний эсрэг явуулж буй бодлогыг нь шүүмжилсэн Британичуудын эсэргүүцлийн жагсаал цуглаан угтахаас болгоомжилж оршуулах ёслолд ирсэнгүй. Тус улсыг төлөөлж БНХАУ-ын дэд дарга Ван Цишань оролцож байна.

Манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд, Орос-Украины дайн, Хятад- Тайваний зөрчлөөс үүдэлтэй олон улсын геополитикийн анхаарлын бүсэд, цөмийн зэвсэгтэй хоёр том гүрний дунд Ардчиллын үнэт зүйл зарчмыг хадгалж байх гадаад бодлого явуулж байгаа Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдгээрээ гадаадын ажиглагчдын анхаарлыг татжээ.

Харин Японы эзэн хаан Нарухитог онцолсон нь, тэрбээр 2019 онд Японы хаан ширээнд сууснаасаа хойш анх удаа хил алхаж гаднын орныг зорьсон тохиолдол юм байна. Уг нь арлын орны уламжлалаар бол Японы эзэн хаан гадаад төдийгүй дотоодын оршуулгын ёслолд оролцох ёсгүй.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилли Байданы хамт өчигдөр ням гарагт, манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэгэн адил Вестминстерийн ордонд Хатан хааны шарилд хүндэтгэл үзүүлж, Ланкастерийн харшид Эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурж ёслол гүйцэтгэсэн.

Хатан хаан II Елизаветтай салах ёс хийх Төрийн ёслолд уригдан оролцогчдын багцлан танилцуулъя.

Хаан: Бельгийн хаан Филипп, хатан Матильда, Нидерландын хаан Виллем-Александр, хатан Максим, Хатан хаан асан Беатрикс, Испанийн хаан Филипп, хатан Летизиа, Японы эзэн хаан Нарухито, хатан Масако, мөн Норвеги , Швед, Дани, Монако улсын хаад. Саудын Арабын хаан ширээг залгамжлагч Мохаммед бин Салман… нар. 

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд: МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, тэргүүн хатагтай Ж.Байдан, Францын Ерөнхийлөгч Макарон, Германы Ерөнхийлөгч Штайнмайер, Италын Ерөнхийлөгч С.Матарело, Шри-Ланкийн Ерөнхийлөгч Ранил Викремесингхэ, Польшийн Ерөнхийлөгч А.Дуда, Энэтхэгийн Ерөнхийлөгч Драупади Мурму, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн, Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина…нар.

Бусад: Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Европын холбоог төлөөлөн Лондонд ирсэн. Украиныг төлөөлж тус улсын тэргүүн хатагтай Олена Зеленска оршуулах ёслолд оролцоно. Ираныг Англид суугаа тус улсын Элчин сайд төлөөлнө.

Их Британийн талаас Хатан хааны оршуулгын ёслолд оролцох урилгыг Сири, Венесуэл, Афганистан, Бирм, ОХУ, Белорусь, Хойд Солонгос, Никарагуа зэрэг улсад өгөөгүй. Эдгээр улсын Элчин сайд нар хүсвэл эх орноо төлөөлж ёслолын ажиллагаанд оролцож болох ажээ.