Номын баяр. Архины дэлгүүр өдөр бүр ажиллана, харин Номын сан зуны 4 сар бямба, нямын 34 өдөр ажилладаггүй

0
75

 

____ Монгол Улсын иргэн Г.Занданшатар УИХ-ын дарга гэсэн улстөрийн албан тушаалын хүрээнд ивээл дороо Намрын “Номын баяр 2022”-ыг есдүгээр сарын 16-наас 18-нд баасан, бямба, ням гарагт жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Намрын гурав хоногийн, энэ номын өргөтгөсөн худалдаанаас хойш хоёр долоо  хоногийн дараа Үндэсний төв номын сан амралтын өдрүүдэд хаалттай байдаг Зуны хуваариа сольж 10 дугаар сарын 1-нээс эхэлж долоо  хоног бүрийн амралтын бямба, ням гарагт түгжээтэй хаалгаа нээн ажиллаж уншигчдыг Уншлагын танхим руугаа нэвтрүүлнэ.

УИХ-ын даргын ивээл дор Хаврын “Номын баяр 2022” өнгөрсөн 5 дугаар 20-22-ны баасан, бямба, ням гарагт болсон. Үндэсний төв номын сан долоо хоногийн дараа 5 дугаар сарын 28, 29-ны бямба, ням гарагт ажиллаад  Өвлийн хуваарьт шилжиж 5, 6, 7, 8 дугаар сарын нийт 34 өдөр бямба, ням гарагт “ээлжийн амралт”-аа авсан.

Нийслэл хотод Архины дэлгүүр өвөл, хавар, зун, намар бүтэн жилийн 365 хоногт өдөр бүр архи зардаг. Гэтэл Үндэсний төв номын сан болон бусад томоохон номын сан зуны гурав, дээр нь нэмж нэг, нийт 4 сарын турш бямба ням гаргийн 34 өдөр ажилладаггүй, хаалгаа барьдаг.

____ Номын өргөтгөсөн гурван өдрийн худалдаа “Номын баяр 2022” сайхан болж байна. Ивээгч УИХ-ын дарга Г.Занданшатар ярьж байна, Үндэсний төв номын сангийн захирал, яруу найрагч Б.Ичинхорлоо ярьж байна. Эмхэтгэсэн, бичсэн номоо худалдаж багагүй орлоготой байгаа зохиогч, зохиолчид, халаасаа гүвж ном худалдан авч байгаа уншигчид бүгдээр шинэ үеийн монголчууд ном уншдаг болон төгөлдөржиж, гэгээрч байгааг магтаж байна.

Гэхдээ гурав өдрийн номын өргөтгөсөн худалдаагаар нийслэлчүүдийн ном унших хэрэгцээг хангаж чадахгүй гэдгийг огт ярихгүй байна. Зохиогч, зохиолчид нь худалдааны асраас нь ганцхан хөндлөн замын зайтай байрлах Үндэсний төв номын сан, Үндэсний хүүхдийн төв номын санд номоо бэлэглэн хандивлаж уншигчдыг уншлагын танхимаар дамжуулан өөрсдийн бүтээлтэй танилцах боломж нөхцөл бий болгосноо огт ярихгүй байна. Бодвол нэг нь ч нэг ном бэлэглээгүй бололтой. Ном зөвхөн Номын санд л хамгийн удаан мөнхөд хадгалагддаг гэдгийг одоогоор сайтар ухаараагүй байгаа зохиогч, зохиолчид ч яах вэ, номоо бэлэглэх эсэх нь өөрсдийнх нь асуудал. Номын сангуудад шинээр ном худалдаж ав гэж төсвөөс хуваарилсан мөнгө нь дэндүү бага учраас тэр болгон олноор худалдаж авах боломж хязгаарлагдмал байдаг. Дашрамд номыг хэвлэгдэн гарсан даруй хандивлаж хадгалуулаагүйн гашуун жишээ татахад, эрдэмтэн зохиолч Э.Оюуны товчлон орчуулж, марзан хэмээх зураач Б.Шарав чимэг зургийг нь хийсэн “Робинзон Крузо” ном /1930-иад оны/, ХХ зууны үргэлжилсэн үгийн нэрт мастер Н.Банзрагч зохиолчийн “Зам” романы анхны хэвлэлт /1960-аад оны төгсгөлийн/, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуянгийн бичсэн, УИХ-ын экс дарга М.Энхболдын аав-нам төрийн зүтгэлтэн Г.Миеэгомбын тухай “Миеэ багш” /2000-гаад оны/ зэрэг олон сайхан ном Үндэсний төв номын сангийн уншлагын танхимд байтугай фондод нь ганц ч ширхэг хадгалагдан үлдээгүй байна.

Хүн хэлэхээс нааш санахгүй, цаас чичихээс нааш цоорохгүй гэдэг. Бэлгэ танхай авьяастай манай уран зохиолчдод номын International Standard Book Number (ISBN) кодын талаар сануулж хэлэхэд л бүтээж туурвин хэвлүүлсэн номоо Номын сангуудад хандивлан хадгалуулж уншигчдын хүртээл болгох байх аа. Харин зарим уншигч Номын сангуудыг зуны 4 сарын амралтын өдрүүдэд, архины дэлгүүр лугаа адил ажилладаг болгох талаар зохицуулах арга, санал санаачилга гаргаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт сонордуулъя.

  1. Зуны дөрвөн сарын долоо хоногийн амралтын өдрүүдэд Номын санг ажилладаг болгоё.
  2. Номын санг ажиллуулдаг болгохын тулд ирэх 2023 оны Улсын төсөвт амралтын 34 өдөр ажиллах Номын санчдын цалинг үндсэн цалин дээр нь нэмж суулгаж өгье.

Дээрх санал нь ирэх 2023 оны зуны амралтын өдрүүдэд ажиллах номын санчдын цалингийн төсвийг энэ 2022 оны 10 дугаар сард эхлэх УИХ-ын Намрын чуулганаар хэлэлцэн батлах Улсын төсвийн Соёлын яамны сайдын багцад, урьд өмнөх жилүүдийнх дээр нэмж суулгах хувилбар гэж ойлгогдож байна.