Үсэг өрөгч Д.Сүхбаатар ба “Мөнхийн үсэг”-ийн Б.Батцэцэг сайд

0
39

Гурван өдрийн өмнө есдүгээр сарын 15-ны баасан гарагт эхэлсэн “Номын баяр 2022” өнөөдөр ням гаргийн орой өндөрлөнө. Уламжлалын дагуу жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй 32 дахь удаагийн номын баяр нь УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор болж буй.

Номын баярын үеэр худалдаж байгаа номын дийлэнх хувийг өөрийн хэвлэх үйлдвэртэй “Мөнхийн үсэг”, “Соёмбо”, “Адмон”, “Интерпресс” компанийн хэвлэсэн ном товхимол эзэлж байна.

Анхлан хэвлэлийн машиныг германы сэтгэгч Гүтэнбэрг 577 жилийн тэртээ 1445 онд анх зохион бүтээжээ. Орчин цагийн цаасан хэвлэлийн технологийн эхийг тавьсан түүний хэвлүүлэн гаргасан анхны ном нь латин хэл дээрх Христос шашны Библи болон Дуулал юм. Харин манай Монголд цаасан хэвлэх үйлдвэрийн анхдагч нь 1912 онд нийслэл хотноо Оросын Консулын газарт суурилуулсан монгол үсэг, кирилл үсэгтэй “Орос-Монголын хэвлэлийн хороо”-ны хэвлэх үйлдвэр. Энэ хэвлэх үйлдвэрийн машиныг Монголд суугаа Оросын бүрэн эрхэт төлөөлөгч, дипломатч Коростович 1912 оны эхээр Эрхүү хотоос худалдан авч зөөвөрлөн авчирч Консулын газартаа өгсөн байдаг. Нийтэд “Орос-Монголын хэвлэлийн хороо” гэж нэршсэн энэ үйлдвэрт 1913 оны гуравдугаар сараас монгол хэл дээр монгол үсгээр “Шинэ толь бичиг”, “Нийслэл хүрээний сонин”-г хэвлэжээ. МАН-ын анхны долоон удирдагчийн нэг жанжин Д.Сүхбаатар 1918-1919 онд тус үйлдвэрт үсэг өрөгчөөр ажиллаж байжээ.

Энэ цаг дор манай хэвлэх үйлдвэрүүдээс хамгийн шилдэг, олон улсын түвшний технологи технологитойд “Мөнхийн үсэг” тооцогддог. Монгол Улсын анхны хувийн хэвшлийн энэ үйлдвэрийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн аав, ээж Г.Батмөнх, Т.Доржсүрэн нар 30 жилийн өмнө 1992 онд үүсгэн байгуулжээ. Дарханы Хөтөл тосгоны Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын агуулахад ашиглалтгүй хадгалагдаж байсан хэвлэлийн Тигель машиныг нийслэлд авчирч суурилуулан ажлаа эхлүүлжээ. Тухайн үед олон улсын стандартаас хасагдах түвшинд байсан ганцхан Тигель машинтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн нэгэн гэр бүлийн хэвлэх үйлдвэрийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд орчин цагийн, Монголдоо номер нэг болгоход Б.Батцэцэг сайдын бүтээлч сэтгэлгээ зонхилох үүрэг гүйцэтгэжээ. Монголын хэвлэлийн түүхэнд түүчээ гэгдэж, уншигчдын гар дээр очиж байгаа саяар тоологдох номыг өнгөтэй үзэмжтэй, эдэлгээтэй хэвлэж байгаа “Мөнхийн үсэг” компани өнөөгийн өндөрлөгт ирэхэд Б.Батцэцэг сайдын тус компанид хийж байсан ажил нь түлхүүр болж байжээ. Тэрбээр,

__1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн захирал,

__2003-2004 онд “Аз хур” ХХК-ийн захирал,

__2007-2016 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн ТУЗ-ийн даргын албыг хашсан.