Тавантолгой–Гашуунсухайт төмөр зам. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийнхөө үгтэй хөшөөг өөрөө нээлээ

0
48

 

(Урд хөрштэй төмөр замаар холбогдох хоёр дахь гарц Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлт боллоо)

 

______1955 оны 12 дугаар сарын 31. Бямба гараг

Улаанбаатар–Замын Үүдийн чиглэлийн анхны илчит тэрэг замд гарснаар Монгол, Хятадыг холбосон төмөр замын сүлжээний албан ёсны нээлт болжээ. Тухайн үеийн эрх баригч МАН болон Төрийн тэргүүн Ю.Цэдэнбал энэ түүхэн үйл явдалд маш их ач холбогдол өгч ард иргэдэд тайлбарлан сурталчлах ажлыг үзэл суртлын зэвсэг гэгдэж байсан Монголын радио, өдөр тутмын сонины эрхлэгч нарт /телевиз гараагүй байсан/ нэр заан хариуцуулсан байна. Үүрэг хүлээсэн эрхмүүд зөвлөлдөөд бүхний танил Төрийн шагналт зохиолч Ч.Чимидээр уг төмөр замын тухай шүлэг бичүүлж сонин хэвлэлд нийтлэн уншигчдад, радиогоор уншиж сонсгон сонсогчдод хүргэе гэж шийджээ.

Ингээд ард түмний хайртай зохиолч Ч.Чимид гуай “Найрамдлын зам” гэсэн захиалгын шүлгээ бичсэн байдаг. Төрийн /бас МАН-ын/ төв хэвлэл “Үнэн” тэргүүтэй өдөр тутмын сонинд нийтлэгдэж, мөн суурин газрын айл өрх, албан байгууллага бүрийн албан өрөөнд байсан кабелийн шугамын радио, хөдөө орон нутгийн малчин ардуудын гэрт байсан зайгаар ажилладаг “Эх орон 52” маркийн радиогоор олон өдөр сараар дуурсаж байсан “Найрамдлын зам” шүлэг нь ийм үгтэй.

НАЙРАМДЛЫН ЗАМ

Москва Бээжин хоёулаа Монголын нийслэлтэй гурвуулаа

Ган замаа сунгалаа Гар барих шиг нийлүүллээ.

Уудам Сибирийг зүссэн Улаан говийг туулсан

Төмөр зам урт юм Түмэн газрын холбоо юм.

Төмөр зам урт ч гэсэн Хүний гараар бүтсэн юм.

Төгс их хөдөлмөрийн Дүн нь болж гялалзсан юм.

Орос, Монгол, Хятадын Онцгой элэгсэгийн бүтээл юм.

Найртай манай улсуудад “Найрамдлын зам” нэртэй юм.

Ууланд хаагдаагүй зам Улсын хэрэгцээг бүтээнэ

Усанд боогдоогүй зам Түмний харилцааг зузаатгана.

Хүн ардын амьдралыг Улам тэнэгэр болгоно

Хүүхэд багачуудын жаргалыг Бүр ч их нэмнэ.

Ган төмөр шиг бөх Манай найрамдлыг бэхжүүлнэ

Галт тэрэг шиг хурдан Бидний харилцааг өргөжүүлнэ

Шуугисан хурдан тэргүүд Шулуун замаар тэмүүлнэ

Улс түмний хөгжил Тэрнээс ч түргэн урагшилна.

______2022 оны 9 дүгээр сарын 9. Баасан гараг

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233,6 км төмөр замын албан ёсны нээлт боллоо. Ачаа тээврийн анхны галт тэрэг “Тавантолгой төмөр зам” вокзалаас шинэ замаар Гашуунсухайт чиглэн явлаа. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,  Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарын албаны хүмүүс болон уг төмөр замыг барьсан “Бодь интернэшнл” компанийн удирдлага, бизнесмэн Д.Баясгалан нар оролцлоо. 

Энэ үеэр олон улсын нэгдүгээр зэрэглэлийн төмөр замыг барьсан монгол инженер, төмөр замчин, нийт 5000 гаруй хүнд зориулж босгосон “Хүндэтгэлийн хөшөө”-ний нээлт боллоо. Хөшөөн дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бичсэн бөгөөд тэрбээр уг хөшөөг өөрөө нээж ёслолд хүрэлцэн ирсэн хүмүүстэй хамт өмнө талд нь зогсож зургаа татуулав. Хөшөөн дээр мөнхрөн үлдэж буй түүний хэлсэн айлтгал нь ийм үг өгүүлбэртэй.

“Тавантолгой-Гашуунсухайтын ган зам бол манай улсын хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын төмөр судас юм. Энэ төмөр зам монголчууд бидэнд өндөр үр ашиг, өргөн боломж нээж, хөгжилд хөтлөх үүд хаалга байх болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх

2022 оны 9 сарын 9-ний өдөр” гэж сийлжээ.