Английн хөлбөмбөг. Челси клуб, дасгалжуулагч Тухелиэ ажлаас нь хөөж оронд нь Поттерийг авлаа

0
38

 Хөлбөмбөгийн топ лигтэй Англиас Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн Хэсгийн шатанд 4, Европын цомын Хэсгийн шатанд 2 баг өрсөлдөж буй. Энэ долоо хоногийн дундуур болсон энэ хоёр тэмцээний Хэсгийн шатны I тойрогт 6 багаас 3 нь өрсөлдөгчөө хожиж, 3 нь хожигдож Английн хөлбөмбөгийн шүтэн бишрэгчдийнхээ урмыг хугаллаа.

Аваргуудын лигт тус тэмцээний 2019 оны аварга Ливерпүүл баг Италд зочлон Наполид 4:1-ээр, 2021 оны аварга Челси баг Хорватад зочлон Динамо Загребт 1:0-ээр хожигдлоо. Европын цомд Манчестер Юнайтед баг талбайдаа Испанийн Реал Сосьедад 0:1-ээр ялагдал хүлээв.

Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалдаг гэдэг. Челси багийн Боели тэргүүтэй америк эзэд Европын дундаж баг Динамо Загребт хожигдсоны маргааш өглөө нь дасгалжуулагч Тухелийг ажлаас нь халлаа. Халлаа гэсэн үг хэрэглэхэд оновчгүй, хөөлөө гэвэл үнэнд нийцэх үйл явдал болжээ.

Дасгалжуулагч Тухель лхагва гаргийн өглөө Лондоны баруун өмнөд захын Кобхэм дэх бэлтгэлийн бааздаа ирэхэд нэг ч хүн байсангүй. Уг нь хөлбөмбөгчид нь цугларсан байх ёстой, тэдэнтэй хожигдсон тоглолтын талаар ярилцаж бэлтгэл сургуулилтыг нь хийлгэх ёстой байж. Гэтэл утас дуугарч клубын удирдлагууд түүнийг ажлаас нь халсан тухай мэдэгджээ. Тэрбээр, багийн эзэн Боели болон түүний хамтрагч Бехдад Эгбали нарыг өөрт нь цаг хугацаа өгч өөрийгөө харуулах боломж олгохыг гуйсан байна. Харамсалтай нь том дарга нар Тухелийг үг дуугүй ажлаа өгч чемодан савандаа юм аа хийж баглахыг тушаасан байна. Түүнтэй нүүр тулж уулзахыг ч хүссэнгүй. Челси багийн өмнөх эзэн Абромович цөөнгүй дасгалжуулагчийг ажлаас нь чөлөөлж байсан. Гэхдээ тэдэнтэй уулзаж учир шалтгааныг тайлбарлаж хүн ёсоор хандаж хоёр тийшээ болдог байв. Харин шинэ эзэд дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэг, герман мэргэжилтэн Тухелийг хүн гэж тоосонгүй, харин ч эсрэгээрээ түүнийг 10 минут утсаар дарамталсан байна.

Тухель нь Лондоны Челси багийг 2021 оны нэгдүгээр сараас дасгалжуулж өнгөрсөн хугацаанд багаа Аваргуудын лиг /2021/, УЕФА-гийн Супер цом /2021/, Клубүүдийн Дэлхийн АШТ-д /2021/ түрүүлгэсэн. Түүний удирдлагад Челси баг 100 удаа тоглохдоо 60 хожиж, 24 удаа тэнцжээ.

Челси багийн хэвлэлийн албанаас багийн шинэ дасгалжуулагчаар Грэм Поттерийг томиллоо гэж зарлалаа. 47-той Поттертой тус клуб таван жилийн гэрээ байгуулжээ. Тэрбээр, өмнө нь Шведийн Эстерсунд, Уэльсийн Суонси багийг дасгалжуулж байсан. Энэ удаад 2019 оноос дасгалжуулж байсан Английн Брайтон багийн ажлаа өгч Челсид ирж байна. Челси баг Английн АШТ премьер лигт зургаан тойргийн дараа 10 оноотой, хүснэгтийн зургадугаар байрт бичигдэж байгаа. Шинэ дасгалжуулагч Поттерээр удирдуулсан багийн эхний тоглолт Премьер лигийн долдугаар тойрогт есдүгээр сарын 10-ны бямба гаргийн орой Фулхэм багийн талбайд болно.