Хүрээ цам харайж МУ-ын Тэргүүнээс эхлээд нийт иргэдэд учирсан бэрхшээл саадыг хөөж зайлуулав

0
169

1811 онд анх дэглэсэн Хүрээ цам наймдугаар сарын 6 буюу билгийн тооллын Зуны адаг сарын 9-нд Хүйн долоон худагт харайв. Цам харайсан өдөр нь 1811 оноос эхлэн Төр засгаас Шарын шашны сүм хийдийг тараасан 1937 он хүртэлх хугацаанд 127 удаа уг ёслол эхэлж байсан билгийн тооллын Зуны адаг сарын 9-ний уламжлалт гараг байлаа.

Шарын шашны нууц тарни ном, дотоод бясалгалын Цам харайж буй бүжигчин лам нар нь Цамын өмсгөлт биеэ зайлан сэгсрэх, тэргүүнээ 4 зүг 8 зовхист чиглүүлэн эргүүлж агаар сэжих, хөлөөр газар дэвслэх, харайх, алхах, түүнчлэн гарын олон төрлийн хөдөлгөөн хийж Монголчуудын арга билгийн болон Шарын шашны онолын үүднээс МУ-ын төрийн гурван өндөрлөгөөс эхлээд нийт иргэдэд учирсан /Ковидын цар тахал, Орос-Украин, Хятад-Тайваний улстөрийн хямрал гэх мэтээс хамааралтай/ бэрхшээл саадыг бие болон сэтгэлээс нь хөөн зайлуулсан ёслол гүйцэтгэлээ.

Үндсэн хуулийн 9-ийн “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн 1 дэх заалтын хүрээнд болж буй энэ удаагийн шашин соёлын “Даншиг наадам Хүрээ цам” наадмыг

  1. Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазарын Тамгын газар,
  2. Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар,
  3. Д.Чойжамц хамбын тэргүүлдэг Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн

хийд хамтран билгийн тооллын Зуны адаг сарын 9, 10 буюу амралтын өдрүүдэд Хүйн долоон худагт зохион байгуулж байна.

Дашрамд хэлэхэд, МУ-ын одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Засгийн Ерөнхий сайдаар ажиллаж байхад Засгийн газрын тогтоолоор тухайн үед дутуу баригдаж, хөрөнгө мөнө хүрэлцэхгүй барилгын ажил нь зогссон байсан Гандантэгчинлэн хийдийн шашны “Батцагаан” цогчин дуганыг бүрэн ашиглалтад оруулах санхүүжилтыг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж байв. 2019 оны есдүгээр сард ашиглалтад орж, өнөө цаг дор Бурхны шашинтай сүсэгтэн олны үйлчлүүлэх таашаалд  нийцсэн тус дуган нь нийт 1080 лам хурах багтаамжтай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль аргын тооллын 6 дугаар сарын 9 буюу билгийн тооллын Зуны эхэн сарын 29-ний өдөр болж МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгогдсон. УИХ-аас  товлосон МУ-ын зургаа дахь Ерөнхийлөгч сонгогдох өдөр нь билгийн тооллын нийт арван хоёр сарын 29-ний 12 өдрийн нэг нь байсан. Монгол орон даяар Шарын шашны сүм хийд, лам нар Бурхны шашныг хамгаалагч гэгддэг арваад том бурханд зориулан тогтмол, сар бүрийн 29-нд тахилга хийж, ном уншиж онцгойлон чухалчилдаг ажээ.

Эх сурвалж: Aguulga.mn