Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулна

0
49

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээний нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон үг хэлжээ.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Чингис хаан судлалын олон улсын холбоо” байгуулж, дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг идэвхжүүлэн дэмжих, олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах, ном бүтээл хэвлэн нийтлүүлэх, Чингис хааны өв соёлыг сурталчлан таниулах үйл хэргийг дэмжин ажиллахаар тусгасан юм.

Ийм учраас энэхүү хурлаар Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулж, “Чингис хаан судлалын олон улсын хурал”-ыг гурван жил тутамд нэг удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахыг санал болгож байна.

Түүнчлэн, цаашид дэлхийн улс орнуудын номын сан, музей, архив, хувь хүмүүсийн цуглуулгад буй Чингис хаан болон түүний залгамжлагчдын түүхэнд холбогдох эд өлгийн болон оюуны соёлын зүйлсийг сурвалжлан цуглуулах, судлан шинжлэх, сурталчлан таниулах, хамтын бүтээл туурвих, чухал ном бүтээлийг орчуулах зэрэг ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж,  Та бүхэнтэй нягт хамтран ажиллахаа илэрхийлж байна.

Чингис хаан бол дэлхийн түүхэнд монгол хүн, монгол үндэстнийг мөнхлөн дархалж, тусгаар Монгол Улсын оршихуйг тамгалсан гавьяатан билээ.

Бидний монголчууд, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчид Эзэн богд Чингис хааныхаа суу алдар, түүх намтар, үзэл санаа, үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлэх, монголчуудын төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх бодлогыг баримталж ирсний дагуу, сүүлийн жилүүдэд их хааны шүтээн Бурхан Халдун хайрхныг дэлхийн соёлын өвд бүртгүүлж, Төрийн ордон, төрийн болон орон нутгийн бүх шатны байгууллага, хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, сургалтын байгууллага, монгол хүн, айл өрх бүр Чингис хааны эш хөргийг дээдлэн залах Ерөнхийлөгчийн зарлиг гарч, хэрэгжиж эхэлсэн бөгөөд их хааны төрсөн нутагт аялал жуулчлалын томоохон төв байгуулахаар төлөвлөж байна” гэдгийг онцолсон байна.

Эх сурвалж:www.aguulga.mn, М.Өнөр