“Тусгаар тогтнол” хөдөлгөөн ба А.Гансүх, Б.Баасанцогт хоёр

0
108

Б.ДАМДИН-ОЧИР

Тагнуулынхан гурав хоногийн өмнө “Тусгаар тогтнол” хөдөлгөөний залуусыг баривчиллаа.  Энэ баривчилгаатай хамт хоёр хүний талаар яригдлаа. Нэг нь Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх, нөгөө нь өмгөөлөгч Б.Баасанцогт хоёр л доо. Эх сурвалжууд “…А.Гансүх, Б.Баасанцогт нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн”, “…А.Гансүх нь төмөр замын хэргээ бусадтай наймаалцсан, террорист ажиллагаа зохион байгуулахыг завдсан”, “…Б.Баасанцогт нь нэр бүхий хүмүүсийг хилс хэргээр яллуулах зорилгоор шүүгч нарт хахууль өгсөн”, “…Өнгөрсөн хавар ТЕГ-аас зэвсэгт халдлага явуулахыг завдсан гэж нэр бүхий таван хүнийг саатуулснаа мэдээлж байсан. Тэгвэл энэ хэргийн ард А.Гансүх,Б.Баасанцогт нар байсан агаад тэднийг холбогдуулан шалгаж буй гэх мэдээлэл байгаа юм. Мөн төв талбай дээр суулт зарлах болсон “Тусгаар тогтнол”хөдөлгөөнийг тэд санхүүжүүлсэн байж болзошгүй” гэж мэдээлэв. Харин А.Гансүх үүнд “…Өчигдөр Х.Баттулга руу дайрах бас нэг улс төрийн зорилготой акц эхэлжээ. Зохиолд нь би орж байгаа юм байна. Хэдэн залуусыг баривчлах шалтагаа бидэнтэй холбож, PR явуулж байгаа юм уу. Намайг ямар нэгэн хэрэгт шалгаагүй бөгөөд тэр тусмаа тагнуулын байгууллагаас терроризм зохион байгуулах, зэвсэг гэх мэт хэргээр шалгаагүй болохыг мэдэгдэж байна.  Сүхбаатарын талбай дээр сууж байсан “Тусгаар тогтнол” хөдөлгөөний залуусыг ч би танихгүй. Ийм үйл ажиллагааг санхүүжүүлэх байтугай, уулзаж байгаагүй болно. Эцэст нь хэлэхэд 1997 оноос төрд, Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар дөрвөн жил ажилласан, бас хуульч хүний хувьд эрхбиш юу хийх, хийхгүйгээ мэднэ. Жич: Гашуунсухайтын төмөр замыг шалгана гэх боловч Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замыг яагаад шалгана гэхгүй байгаа юм бол” гэсэн байна.
Үнэхээр ч өчигдрийн байдлаар А.Гансүх, Б.Баасанцогт нартай холбоотой хэрэг аль нэг шүүх дээр очоогүй байв. Тэгэхээр А.Гансүхийн өгч буй тайлбар үнэн бололтой. Өөрөөр хэлбэл, А.Гансүхийн “…Надтай холбоотой ямар нэгэн эрүүгийн болон иргэний хэрэг шүүхэд байхгүй” гэсэн нь бодитой болж таарав.
Гэхдээ мань эртэй холбоотой том том асуудлын сураг их олон дуулддаг. Гэвч тэгсгээд л чимээгүй болчихдог. Тухайлбал, 280 сая ам.доллараар төмөр замын далан барьсан гэдэг асуудалд холбогддог. Тухайн үед Зам тээврийн сайд байсан, уг бүтээн байгуулалтыг хариуцаж байсан хүн л дээ. “…Тэр далан барьсан хүн нь би л дээ. Тэр үед Х. Баттулга Хөдөө аж ахуйн сайд байсан. Тэгээд тэр далангийн ажлаа АТГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэгт дөрвөн жил шалгуулаад дууссан байдаг” гэж тайлбарласан байна. Мөн А.Гансүхийг Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга байхад ажилтнууд нь Оросоос 20 сая ам.доллар оруулж ирсэн гэх явдалтай холбогдсон. 2021 оны цагаан сарын үеэр хатуу хөл хориотой байх үед Аюулгүйн зөвлөлийн ажилтнууд Алтанбулагийн хилээр хойд хөрш рүү гарсан. Буцаж ирэхдээ ийм хэмжээний мөнгө авчирсан гэж шуугисан. Энэ талаар өдөр тутмын сонинууд мэдээлж, А.Гансүх  тайлбар өгч байсан юм.
Тэрбээр “… Манай албан хаагчид томилолтоор ажилласан уу гэвэл ажилласан. Онгоц нисэхгүй байгаа учраас машинаар явсан. Аюулгүйн зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагаа далд хэлбэрээр явагддаг, ямар нэгэн PR, сурталчилгаа хийдэггүй. Манай албаны албан хаагчид албаны тусгай үүрэг биелүүлэхээр Оросын Улаан-Үд хүртэл  машинаар яваад буцаж ирсэн. Энэ албан хаагчид хуулийн дагуу УОК-оос бүх төрлийн зөвшөөрлийг бичгээр авсан, хүрч ирээд тусгаарлалтад орсон.
Унаж явсан машин гааль, хяналтаар шалгагдсан. Машинд ямар нэгэн хууль бус мөнгө байгаагүй, байх ч боломжгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хуучин Ерөнхий сайдын хооронд үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын үед Аюулгүйн зөвлөл ийм хууль бус үйл ажиллагаа хийхгүй, хийдэг ч үгүй гэдгийг дахин хэлье. Өнөөдөр хил хамгаалах, гааль, тагнуул, цагдаа бүгд Засгийн газрын  харъяа байгууллагууд. Энэ байгууллагыг даваад их хэмжээний бэлэн мөнгө оруулж ирэх боломж байхгүй. Ийм  тэнэг үйл ажиллагааг хийх ч үгүй. Үүнийг харин эрх мэдэлтнүүд хийдэг. Дээрх байгууллагуудыг удирдаж байгаа эрх мэдэл бүхий хүмүүс эсвэл улс төрийн хүчин ийм зүйл хийдэг” гэсэн байдаг. Энэ хэрэг явдал яаж шийдэгдсэн нь тодорхойгүй. Хэсэг шуугиад, ТЕГ, АТГ-ын дунд явж байгаад сураг алдрах тийшээ хандчихсан. Мөн “Суруга”-гийн газар, “Ариг” банкны хувьцааны маргаантай холбоотой гэх мэдээллүүд тасардаггүй.
Ер нь бол А.Гансүх, Б.Баасанцогт хоёрыг яагаад холбоод байдаг нь анхаарал татдаг. А.Гансүх жил гаруйн өмнө “…Таныг өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой гэсэн. Үүнд та тайлбар өгнө үү” гэсэн сурвалжлагчийн асуултад “…Б.Баасанцогтыг би танина. Намайг Зам тээврийн хөгжлийн дэд сайд байхад МИАТ-д ажилладаг байсан. Түүнээс Аюулгүйн зөвлөлд ажилладаггүй, ийм л хүн” гэж байсан. Бас Б.Баасанцогт 1,230,000 төгрөгийг А.Гансүх рүү, 17,500,000 төгрөгийг А.Гансүхийн төрсөн дүү А.Батхуяг руу, 10,650,000 төгрөгийг А.Гансүхийн эхнэр П.Золзаяа руу шилжүүлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв.
Ямартай ч А.Гансүх, Б.Баасанцогт нарын нэр хамтдаа “Тусгаар тогтнол” хөдөлгөөнөөс зүүгдээд гарч ирлээ. Өөрийнх нь хэлсэнээр улс төрийн акц уу, үнэхээр тэдний хэргийг хууль хяналтынхан сөхөөд эхлэв үү. Удахгүй тодорхой болох биз ээ.
Харин “Тусгаар тогтнол” хөдөлгөөний үйл ажиллагааг тагнуулынхан “…Аюултай” гэж үзээд арга хэмжээ авсан аж. Энэ талаар Х.Нямбаатар сайд “…Туурга тусгаар, бүрэн эрхт улсын төв талбайд “Тусгаар тогтнол” гэдэг экстремист шинжтэй үйл ажиллагаа явуулсан. Цэрэгжсэн зохион байгуулалт руу шилжсэн. Нацист суртал ухуулга явуулсан. Энэ үйлдлийг тагнуулын байгууллагаас гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзсэн. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгахаар хэмээн шүүх, прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсан. Энэ нь хуулийн дагуу явагдаж байна. Шалгагдаж буй хэргийн талаар үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. Ардчилсан дэглэмтэй дэлхийн аль ч улсад тусгаар тогтнолтой зэрэгцэж, цэрэгжсэн хөдөлгөөн байгуулахыг Үндсэн хууль болон бүх холбогдох хуулиараа хориглодог. Энэ үйлдэл зургадугаар сарын 14-нөөс эхэлсэн. Монгол үндэсний дээл хувцастай эхэлсэн. Сүүлдээ цэргийн зохион байгуулалт, цэргийн дүрэм, бие биедээ цэргийн цол хэргэм өгөх, цаашлаад Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийн экстремист үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтуудад харшлахуйц үйлдлүүдийг удаа дараа гаргасан тул үндэсний аюулгүй байдлыг сахин хангах чиг үүрэгтэй байгууллага хууль тогтоомжийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна” гэж тайлбарлав.
Ер нь бол Х.Нямбаатар сайдын хэлж байгаа нь үнэн. Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар олгосон эрхтэй ч оролдож болдог, болдоггүй сэдэв гэж бий. Ялангуяа яг энэ цаг үед улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудлаар тоглоод байж болохгүй. Хойд, урд хөршүүдтэй холбоотой юу болж байгааг бид мэднэ. Геополитикийн ноцтой хөдөлгөөн нэгэнт үүсчихлээ. Тэгэхээр бидний хувьд энэ өөрчлөлт нидрүүлчихэлгүй тусгаар тогтнолтойгоо үлдэх нь чухал. Энэ талаар учир мэдэх хүмүүс байнга л хэлдэг боллоо. Тэд “…Тусгаар тогтнолоо улам дархлах талаар арга хэмжээ авах цаг болсон” гэцгээж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 149 (6881)