Г.Навчаа: Омикроны шинж тэмдэг ханиадтай төстэй илэрч байна

0
97

ЭМЯ болон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн яамны Анхан, лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа  “Омикрон ВА.4, ВА.5 болон бусад дэд хувилбаруудын нэгэн адил амьсгалын дээд замын халдварын шинж тэмдэг ханиадтай төстэй шинж тэмдгүүдийг үүсгэж байна. Үүнд, ханиалгах, нус гоожих, хамар битүүрэх, ядрах зэрэг нь Омикрон халдварыг авсан хүмүүст түгээмэл тохиолдож байна. Энэ удаад ковид-19 вирусийн гол шинж тэмдэг болсон амтлах болон үнэрлэх мэдрэмж алдагдах нь одоо өвчлөгдөж буй өвчтөнүүдийн дунд “бараг” байхгүй. Халуурах, толгой өвдөх, хоолой өвдөх шинж тэмдэг илүү давамгайлж байна.

Ханиалгах, хоолой өвдөх, нус гоожих зэрэг шинж тэмдгүүдийг гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой. Харин хүчилтөрөгчийн хэмжээ буурч, толгой эргэх, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай эсэхийг тодорхойлуулсны үндсэн дээр хэвтэн эмчлүүлнэ.

Энэ удаад давамгайлж буй Омикрон ВА.5 хувилбарын нууц үе харьцангуй богино байгаа. Нэг хүнээс нөгөө хүнд халдварлах хурд хагас өдөр байгаа нь хурдтай тархах хандлага харагдаж байна.

Хамраас нус гоожсон буюу хөнгөн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд зайнаас ажиллаж, амны хаалтаа зүүх, өөрийгөө тусгаарлах зэргээр амьдралын дэглэмээ бусдын төлөө өөрчлөх хэрэгтэй. Их хэмжээний шингэн зүйл уух нь хоолойны өвдөлтийг намдаахад тустай буй нь эмнэлзүйн эмчилгээний явцад харагдаж байна.

Бөгшүүлэн ханиалгах шинж тэмдэг илэрсэн үед халуун бүлээн зүйл уух, эмчийн зааврын дагуу эм ууж, гэрээрээ эмчлэх боломжтой. Эмнэлзүйн хөнгөн шинж тэмдэгтэй хүмүүсийг гэрээр эмчлэх бодлого барьж ажиллаж байна. Жирэмсэн эх болон хүүхдүүдийг шаардлагатай тохиолдолд шууд хэвтүүлэн эмчлэх арга хэмжээг авч байна” гэв.

Эх сурвалж:www.aguulga.mn