Яруу найраг: Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам, Хойтон жилийн наадам, Дугуй хээтэй наадам

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын босгон дээр МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч зохиолч Ш.Гүрбазар Төрийн шагнал хүртлээ. Найрагчийн наадмын тухай бичсэн “Дугуй хээтэй наадам” гэсэн сайхан шүлэг бий.
Ш.Гүррагчаа зохиолчоос гадна өөр олон яруу найрагч Монгол наадмын тухай шүлэг зохиол туурвисан. Төрийн шагналт Б.Лхагвасүрэнгийн “Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам”, Төрийн шагналт зохиолч С.Дашдооров “Хойтон жилийн наадам”, 1990-ээд оны Монголын яруу найрагчдын шилдэг төлөөлөгчдийн нэг Арлааны Эрдэнэ-Очирын “Улаанбадрахын наадам”, яруу найрагч А.Сүглэгмаагийн “Дэлхийд ганцхан наадам” гэх мэт. Энэ удаад Төрийн шагналтнуудын шүлгийг уншигчдадаа толилуулъя.
Төрийн шагналт, яруу найрагч Ш.Гүрбазар
___________ДУГУЙ ХЭЭТЭЙ НААДАМ
Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж
Хөх торгон баадантай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодгоо зууван болтол дугтралцах
Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ
Үйлийн үргүй хөөрхөн алтан шаргийн Цэрмаа
Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэврүүлэхэд
Хатирч саарал мориных нь газар асгасан сүүлнээс
Хаан бугуйвч сүлжих шиг туурайн мөр хоцорлоо
Дэлгэр хэтийн наадам гурав хоног нижгэнэсэн
Дэвжээнийх нь дэнж дугуй хээтэй үлдлээ
Морь наргиа хоёр цуглах жамтай талбараас
Монгол газар шороо минь туурай хээтэйг ухаарлаа
Ийм сайхан Монгол наадмаа орхиж хэн чадах вэ дээ
Наадам гэдэг өөрийн хөг аялгуутай, наадам эхлэх
Наадмын их өрнөл,наадам тарах ч гэсэн
Надад олон янзын хөг аялгуу харагддаг юм
Алчуурын торгон сэжүүр дээр салхиар хийсэн амьсгааг
Айлын бүлээн бараанаас айраг ханхайх зуныг
Аав ижийгээ дагаад хөөрч гүйцсэн өдрүүдийг
Адуу хэмээх адгуус хийморь болдог сүрийг би наадам гэж бэлгэшээдэг юм
Өвөр дүүрэн үзэмтэй наадмаар давхих сайхан
Өргөн сумын харчуудыг хараад нэгийн даваанд гармаар санагдана
Асар тойросхийн алхжээ явах хүн хүнээс наадам сонсон холхижээ явах
Өлсөөгүй ч хуушуур айрагхан амсхийж
Өдөржин наадмын хүрээгээ тойрох л сайхан байдаг юм даа
Харин үзүүр түрүү булаалдасхийгээд наадам тарна гэхээр
Үрээ даагаа хөтлөөд уяачид буцна гэхээр
Үнсье гэлээ ч аз дутах тэр минь харинаа гэхээр
Сумын захиргааны орой дэрвэсэн туг ганцаардах шиг
Сул асрын хормой нэвсэгнэх ямар уйтай гээч
Хорогдон хорогдох гал галын хөлөөр намар эхэлж
Хорлоо гуайн их охин хүнтэй суучихдагсан
Дахиад наадам болохгүй юм шиг давчуурахыг яана
Шинийн хорины өглөөнөөс зунаа хүлээж тайтгарахад
Шингэн сарны чимээнд жаргалд хорогсоод агшилхад
Нэмнээтэй ботгоны дэргэдээс эх нь холдохгүй юм шиг
Нэг л яваа насаараа наадмаа хүлээж жаргах юм даа
Төрийн шагналт яруу найрагч С.Дашдооров
___________ХОЙТОН ЖИЛИЙН НААДАМ
Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна, гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа! Хол байна!
Аав тэр өдөр намайг
Аль морио уна гэх бол?
Эжийн тэгэхэд ямар дээл
Эвхээсий нь задлан өмс гэх бол?
Наадмын гурван хоногт
Унасан морь маань гундасхийвч
Нарны нь халуун илчинд
Гоёлын дээл маань гандасхийвч
Хамгийн түрүүнд, наадмаас
Харьж ирэх сайхан.
Багачууд дүү нараа шуугиулан
Баярын чихэр түгээх сайхан.
Дэнж дэвсэг дээр цоллуулж
Хэний морьд айрагдсаныг
Дэвжээ талбай дээр шоволзож
Хэний хүү түрүүлснийг
Хамгийн түрүүд, наадмаас
Харьж ирээд ярих бас ч сайхан.
Настан нялхас ялгаагүй тэдэнд
Наадмын сонин дуулгах бүр ч сайхан.
Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна. Гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа! Хол байна!
Зүүн голын Эгиймаа найз минь
Тэр өдөр ирдэг болуу, яадаг бол?
Зүс нийлсэн мориор гоёё гэвэл
Тэр ер зөвшөөрдөг болбуу, яадаг бол?
Наадам хүртэл баяртай гэж
Найрсгаар тэр минь инээсэн юмсан.
Хойтон болтол баяртай гэж
Хонгор тэр минь хэлсэн юмсан.
Болзсон өдөр түргэхэн шиг
Болоосой гэж яарах юм.
Хонгор түүнээ харахсан гэж
Хоног өнжин яарах юм.
Барианд очоогүй морьд, хойтон
Түрүүлж ч мэднэ.
Харахсан гэж яарнам
Барилдаад үзүүрлэсэн залуу, хойтон
Давж ч мэднэ.
Үзэхсэн гэж яарнам.
Цэнхэр дурдан алчуураа Эгиймаа
Цэцэглэж зангидаад л ирэх байхдаа.
Учрахсан гэж яарах юм.
Хацар дээрх хонхорхой нь барааны газраас
Хайр татам тодорно байх даа.
Уулзахсан гэж яарах юм.
Малчин хүний болзоо гэдэг
Магадгүй ийм л урт байдаг юм.
Урт тэр болзоо шигээ
Уйдашгүй сайхан хайр байдаг юм.
Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна. Гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа. Хол байна!