Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо цаг үеийн асуудлаар хуралдлаа

0
48

Уг хуралд Үндэсний хорооны дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв болон эрдэмтэн, судлаачид бүхий гишүүд оролцов.

Хурлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Барилгын салбарт сүүлийн сард гарсан ослууд”-ын талаар болон Барилга, хот байгуулалтын яамнаас “Барилгын салбарт мөрдөгдөж байгаа дүрэм, журам, стандарт”-ын талаарх мэдээлэл өглөө.

Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны хурлаас барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, ажиллагчид болон олон нийтэд зориулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэг, дадал, төлөвшлийг нэмэгдүүлэх чиглэлээр уриалга гарган түгээх асуудлыг хэлэлцлээ. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны 2022 оны төлөвлөгөөнд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэв.