Аймгийн цолны найраа хийдэг Улсын цолтнуудын “ачаар” долдугаар сарын 10 наадмын баярын 6 дахь өдөр болж нэмэгдэнэ

0
50

 

__Нийтээр амрах баярын өдөр: “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13, 14, 15” гэж Хөдөлмөрийн тухай МУ-ын хуулийн 97.1.6-д,

__Нийтээр тэмдэглэх баярын өдөр: “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15” гэж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай МУ-ын хуулийн 4.1.1-д тус тус заасан.

Үндэсний их баяр наадам нь

  • Улсын баяр наадам
  • Аймгийн баяр наадам
  • Сумын баяр наадам
  • Нийслэлийн баяр наадам, гэсэн дөрвөн ангиллаас бүрддэг. Гэхдээ Нийслэлийн баяр наадмыг Улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэдэг.

УИХ-аас 2003 оны зургадугаар сард баталсан Үндэсний их баяр наадмын /ҮИБН/ тухай хуульд улс, аймаг, сумын наадмын нээлт болон бөхийн барилдаан, морины уралдаан, сур харвааг Нийтээр амрах, тэмдэглэх долдугаар сарын 11-15-ны аль өдөр нь эхлэн явуулахыг огт заагаагүй. Хэдийгээр албан ёсоор хуульчлагдаагүй ч уламжлалын дагуу Улсын баяр наадмын нээлт долдугаар сарын 11-нд болж Төрийн тугийг наадмын төв талбайд залж, МУ-ын Ерөнхийлөгч наадмыг нээж, хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэлдэг. Харин сүүлийн жилүүдэд Улсын баяр наадмын Сурын харваа Сурын талбайд, Хурдан морины хоёр насны уралдаан Хүй долоон худагт долдугаар сарын 10-нд болж байгаа.

УИХ зургадугаар сарын 17-нд Нэгдсэн хуралдаанаараа ҮИБН-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Одоо энэ долоо хоногт эцэслэн батална. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадам шинэ хуулийн дагуу зохион байгуулагдана.

Шинэчилсэн хуулийн төсөлд өмнөх хуулиасаа онцгойлон ялгарах нэг зүйл байгаа нь Сум, Аймаг, Улсын баяр наадмын нээлт буюу өөрөөр хэлбэл морь, бөх, сур эхлэх хугацааг тодорхой болгож заасан явдал. Үүнд:

__Жил бүрийн 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Аймаг, Сумын баяр наадмыг

__Жил бүрийн 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд Улсын баяр наадмыг улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ гэсэн заалт орж буй. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат энэ заалтаар “Улс орон даяар наадмын /улс, аймаг, сумын наадам/ зөрүүтэй байдал байхаар /цувж наадах/ уяачид морьдоо машинд ачиж очоод бужигнуулаад, улсын цолтой бөхчүүд Аймгийн наадмыг будилуулаад /даваа болон цолны найраа/, аймгийн цолтой бөхчүүд Сумын наадмыг будилуулдаг /даваа болон цолны найраа/ зохисгүй үзэгдлийг таслан зогсоож байгаа гэж тайлбарлалаа. Тухайн жил Улсын баяр наадмаар амжилттай барилдаж улсын цол хүртсэн бөхчүүд үүний дараа болсон Аймгийн наадмуудад очиж зодоглон тавын даваанд бүгдээрээ өвдөг шорооддог, үзэгчид наадамчид үүнийг цол, давааны найраа боллоо, мөнгө төгрөг авлаа, өглөө гэсэн гэсэн яриа өрнүүлдгийг бид бэлхнээ мэдэх билээ. Хэрвээ уншигчид сонирхох аваас жил жилийн Улсын болон Аймгийн наадмын бөхийн барилдааны дүйз нийтэлдэг Дэвжээ мн сайтаас Ж.Мөнхбат гишүүний хэлсэн “улсын цолтой бөхчүүд Аймгийн наадмыг будилуулдаг”, өөрөөр хэлбэл аймгийн цолны даваанд улсын цолтнууд ойчсон баримтыг үзэж болно.

ҮИБН-ын хуульд шинээр “7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Аймаг, Сумын баяр наадмыг тэмдэглэнэ” гэсэн заалт орохоор Хөдөлмөрийн тухай МУ-ын хуулийн Нийтээр амрах баярын өдрийн 97.1.6 болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай МУ-ын хуулийн Нийтээр тэмдэглэх баярын өдрийн 4.1.1-д “10-ны өдөр” гэсэн нэмэлт өөрчлөлт орж таарна. Эдгээр хууль “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15” гэсэн шинэ заалттай болно. Аймгийн наадмууд Улсын баяр наадамтай зэрэг бус цувж болсон үед очиж барилдан аймгийн цолны  найраа хийдэг улсын цолтнуудаас болгоомжилсон УИХ-ын эрхэм гишүүд улс орон даяарх наадамчдаа машид хүндэтгэн байж “долдугаар сарын 10-ны өдрийг нийтээр амрах, тэмдэглэх баярын өдөр болгон хуульчлахаар шийджээ. Энэ зунаас эхлэн ард иргэд жил бүр Үндэсний их баяр наадмын үеэр өмнөх шигээ 5 бус хойшид 6 өдөр баярлан амарч, амран баярлахаар боллоо.

 Эх сурвалж: aguulga.mn