ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар П.В.Савиныхт ШУА-ийн “Хүндэт доктор” цол олголоо

0
21

ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойн хүрээнд манай улсад айлчилж буй  ЗХУ болон Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, П.В.Савиных, Монголын  анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүн  В.А.Бабушкин нарыг өчигдөр ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар хүлээн авч уулзсан байна.

Уулзалтын үеэр сансрын нислэгийн үеийн дурсамж яриа өрнүүлж, цаашдаа Монголоос хоёр дахь нисэгчийг бэлтгэх талаар санал солилцсон юм. Монгол Улсын хувьд хоёр дахь сансрын нисэгч эмэгтэй хүн байх санал дэвшүүлж байгаа бөгөөд энэ тал дээр ОХУ-ын сансрын нисэгчид дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Энэ үеэр Монгол Улсын ШУА-иас ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойг тохиолдуулан  В.А.Жанибеков,  В.А.Бабушкин нарыг ШУА-ийн “Хүндэт жуух”-аар шагнасныг гардуулж өглөө. Мөн П.В.Савиныхт  ШУА-ийн “Хүндэт доктор” цол олголоо. Сансрын нисэгч П.В.Савиных нь ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын  баатар бөгөөд ОХУ-ын төрийн соёрхолт  эрдэмтэн, техникийн шинжлэх ухааны доктор, Оросын ШУА-ийн академич хүн юм. Түүнийг Монгол-Оросын шинжлэх ухааны салбарт тэр дундаа сансар судлалын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж “Хүндэт доктор” цол олгосон байна. Академич П.В.Савиных нь 1981 оны  хамтарсан нислэгийн эрдэм шинжилгээ, туршилтын ажлыг явуулахад онцгой хувь нэмэр оруулсан эрдэмтэн аж. Тэрээр  1981 оны 10-р сард БНМАУ-ын баатар цол хүртжээ.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр