Үндсэн хууль: Нийт хүн амыг Шооны эзлэхүүн, Гишүүдийн тоог Ирмэгийн урт гэж бодож 149 гэсэн хариу гаргажээ

0
29

 

УИХ-ын чуулган долоо хоног завсарлаж 76 эрхэм гишүүн Үндсэн хуульд шинээр 4 төрлийн өөрчлөлт нэмэлт оруулах цаг болжээ гэдгийг ард иргэддээ тайлбарлан таниулж, дэмжлэгийн санал цуглуулахаар өөрсдийг нь сонгосон 76 тойрогтоо ажиллаж байна.

Чуулган завсарлана гэдэг нь хуульд зааснаар Нэгдсэн хуралдаан, Байнгын болон Дэд, Түр хороо, түүнчлэн МАН, АН-ын бүлгийн хуралдаан, бүгд тухайн заасан хугацаанд болохгүй гэсэн үг. Үндсэн хуульд шинээр оруулах 4 өөрчлөлтийн нэг нь УИХ-ын гишүүдийн тоог 76-гаас 149-152 болгон нэмэгдүүлэх явдал гэнэ.

1992 оны шинэ Үндсэн хуулийн 21.1-д “УИХ нэг танхимтай, 76 гишүүнтэй байна” заасан. Энэ тоог өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөдөлгөөгүй. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт нэмэлт оруулж 76-гийн тоог ихэсгэж хөдөлгөх гэсэн санал санаачилга гарч байсан. Тухайлбал,

__ 99 гишүүн. Сайн зүгийн 66, тааруу зүгийн 33, нийт 99 тэнгэрийн тоотой тэнцүү болгоё

__ 108 гишүүн. Уламжлалт шарын шашинтай сүсэгтэнүүдийн хэрэглээний гол хэрэгсэл Эрихний 108 нэгжтэй тэнцүү болгоё.

__ 101 гишүүн. Дэлхийн хамгийн алдартай хүүхэлдэйн кино “101 далматин Гөлөг”-ийн тоотой тэнцүү болгоё гэх мэт.

1992-2020 онд УИХ-ын ээлжит сонгууль найман удаа болж, 1992 оны Үндсэн хуулийн 21.1-д заасны дагуу тус бүрт 76 гишүүн сонгогчдын олонхын санал авч ялалт байгуулан Төрийн эрх дээд байгууллагад орж ирсэн. Эдгээр сонгуульд санал өгөх эрхтэй 18 нас хүрсэн сонгогчийн тоо болон тухайн жилийн нийт хүн амын  тоо:

1.2 сая. 1992 он. нийт хүн ам 2.1 сая

1.2 сая. 1996 он. нийт хүн ам 2.2 сая

1.3 сая. 2000 он. нийт хүн ам 2.3 сая

1.4 сая. 2004 он. нийт хүн ам 2.4 сая

1.6 сая. 2008 он. нийт хүн ам 2.5 сая

1.8 сая. 2012 он. нийт хүн ам 2.8 сая

1.9 сая. 2016 он. нийт хүн ам 3.0 сая

2.0 сая. 2020 он. нийт хүн ам 3.3 сая байжээ:

1992 оны УИХ-ын ээлжит сонгуульд 1.2 сонгогч 76 гишүүнийг сонгох хувилбартай байсан бол одоо 2.0 сая сонгогч хэдэн гишүүнийг сонгох вэ гэсэн арифметикийн тэгшитгэл зохиож бодвол хийсвэр бус бодитой хариу гарах нь тодорхой.

1200000 – 76

2000000 – ?. Тэгшитгэлийн хариу нь 126,6 гарч байна. Өөрөөр хэлбэл хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж нийт сонгогчийн тоон өсөлттэй харьцуулан УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээр бол 126-127 гишүүн гэж ойлгогдож байна. Харин манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн 20 гаруй намын дарга, удирдах нөхөд 149 гишүүн гэсэн тоог доор дурдсан хувилбараар тооцож гаргажээ.

Сонгуулийн насны болон сонгуульд санал өгөх эрх нь нээгдээгүй хүүхэд багачуудыг хамарсан, манай улсын нийт хүн ам 3 сая 307949 хүнийг Шооны эзлэхүүнтэй тэнцүү гэсэн, улмаар УИХ-ын гишүүдийг тоог Шооны ирмэгтэй тэнцүү байна гэсэн тоон утга авчээ.

Шооны эзлэхүүнээс ирмэгийн уртын нэгжийг бодож гаргахад 149 гэсэн 152-той ойролцоо тоо гарч байгаа тул, нөгөөтэйгүүр хүн ам цаашид тасралтгүй өсөх учраас одоо байгаа УИХ-ын гишүүний тоо 76-г хоёр дахин үржүүлж 152 болгож Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зохистой гэсэн хувилбарыг тандалт сурталчилгааны долоо хоногийн аянд гарсан УИХ-ын гишүүд ярьж эхэллээ.

Эх сурвалж: Aguulga.mn