Д.Сумъяабазар: Би Богд уулын аманд сөөм газар ч авахгүй

0
53

Дугуй цагаан орчмыг тохижуулах компанийн төлөөлөл, холбогдох албаныхан мэдээлэл өгч байна.

Хотын дарга Д.Сумъяабазар:

-Иргэд ая тухтай орчин хүсэж, маш их хүсэлт ирүүлсээр байна. Эндээс Богд уулын хоёр ам руу иргэд алхаж хүрдэг. “Энигма” компанитай үл ойлголцол үүссэн. Ковидын улмаас энэ амыг тохижуулах ажил хойшилсон юм. Бид хуулийн дагуу ажилласан. Хувимйн хэвшил гомдолтой байгааг би ойлгож байна. Хувийн хэвшлээ дээрэмдлээ, тонолоо гэж шүүмжлэх хэсэг байна. Би өнгөрсөн хугацаанд бизнес эрхлэгчидтэй байнга уулзан, дэмжиж ажилласаар ирсэн. Нөхөн олговрын асуудал үүснэ гэдгийг би мэдэж байсан. Олон нийтийн хүсэлтийг л биелүүлж байна. Би хотын даргын хувьд иргэдийн талд байна. Шүүхийн шийдвэрээр нөхөн олговрыг олгоно. Энэ амыг тохижуулах зураг төсөл нь жилийн өмнө гарсан. Энэ бол улсын тусгай хэрэгцээнд авсан газар. Горхи-Тэрэлжид мөн байдал хүнд байна. 2000 оны эхнээс газар олголтыг буруу олгосноос хот  хувийн хэвшилтэй зөрчилдсөөр ирлээ. Үүнийг хуулиар л шийднэ. Энд амины орон сууц бариулах тэнэглэл байхгүй.

Богд уулын энэ аманд дахин амины орон сууц бариулахгүй. Би эндээс сөөм газар ч аваагүй, авахгүй. “Энигма” компанийн захирал н.Мөнхбат энд ирсэн байна. Бид өчигдөр миний өрөөнд уулзсан. Бид ойлголцож чадна гэж бодож байна гэв. Сэтгүүлчид түүнээс энэ аман дарь хоёр давхар, амины орон сууцнуудыг аль компани барьсан талаар асуухад мэдэхгүй гэж хариуллаа. Мөн Туул голын дагуух, Шадар сайдын хамаарал бүхий компанийн барьсан барилгуудыг хэрхэх талаар асуухад “Улстөрөө больё” гэв.

“Энигма” компани, МҮИС-ийн ТУЗ-ийн дарга Л.Мөнхбат:-“Богд хаан” жуулчны бааз өмч хөрөнгөө эвдүүлсэндээ харамсаж байна. Бидний зогсож буй энэ ам Даяанчийн ам гэдэг нэртэй, эртнээс авшигтай газар. Оюун санаагаа төвлөрүүлэх гэж энд ирдэг байжээ.
Бид энд эрдэм шинжилгээ, судалгааны аялал жуулчлал хөгжүүлэхээр ажилласан ч зөвшөөрөл өгдөггүй.  Бид энэ газрыг 2017 онд авсан. Энэ газрыг биднээс авахын тулд намайг Бээжинд хар тамхи татсан хэргээр баригдлаа гэх мэтээр гүтгэж байсанд би их харамсдаг. Би 18 наснаасаа Орос, Хятад, Солонгост бизнес хийсэн.  Хүний нутагт зодуулсан, дээрэмдүүлсэн, буу тулгуулсан удаа ч бий.   Манай компанийн ард ямар ч улс төрч байхгүй. Бидний хийж бүтээж буй бүхэн Монголын өмч болно, би үхлээ гэхэд өөр хүнд үлдэнэ. Энд 20-иод хүн ажиллаж байсан. Хот бидний алдагдлыг шийдэж өгнө гэж бодож байна. МҮИС бол брэнд болсон их сургууль. Бидний нэрийг хүртэл авах гэж шүүхэд очсон удаатай. Манай сургуульд 200 орчим гадаад оюутан бий. Бид эдийн засаг, эрдэм шинжилгээний салбарт хувь нэмрээ оруулан ажилладаг, бид хос диплом олгодог. Манай сургууль 9000 м кв бүхий хамтын оффисыг гарааны бизнесээ эхлүүлж буй залууст зориулан нээсэн. Харвард, Стэнфордын сургалтын агуулгаар хичээлээ заадаг ганц л сургууль. Ер нь их сургууль бол оюунлаг хүмүүсийн цугладаг газар. Эдийн  засаг, Монгол Улс хөгжих ёстой. Бид хүнд байдалд ороход УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Пүрэвдорж,  Шадар сайд С.Амарсайхан, Бат-Эрдэнэ, С.Одонтуяа нар санал бодлоо илэрхийлсэн. Өнөөдөр хотын дарга дуудсанд баярлаж байна. Бид шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Шүүхийн шийдвэр гараагүй тул энэ талаар хамаагүй ярьж болохгүй байна. Хохирлын хэмжээг хөндлөнгийн аудит тогтооно. Манай таван  ажилтны амьдарч байсан байрыг нураасан. Тэд хувцсаа ч авч чадаагүй тул бид хохирлыг барагдуулна. Зун энд 70-80 хүн ажилладаг байсан гэв.  Богд уулын энэ амыг тохижуулах ажил удахгүй  эхэлнэ. Тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбай, хоёр гүүр, хоолны цэгүүд, нийтийн бие засах газар, алхалтын жим, задгай театр, таван амрах өртөө байгуулах юм байна. Ингэхдээ байгалийн тогтцыг алдагдуулахгүй, дандаа модон материал ашиглана гэв. Энэ ам тусгай хамгаалалттай газар тул уул руу өгсөх хэсэгт ямар ч тохижилт хийхгүй, 1.9 тэрбум төгрөгөөр засах юм байна.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр