Нөхөн болон дахин сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг шалгав

0
56

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн бүх хэсэгт санал тоолох төхөөрөмжийн ажилллагаа, өгөгдөл дамжуулах сүлжээг энэ сарын 16-нд шалгасан талаар СЕХ-ноос мэдээлэв.

Туршилтын ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан тусгай удирдамжийн дагуу Мэдээллийн технологийн төв, мэдээллийн технологийн багийн 29 гишүүн, 120 даамал, ажиглагчдын оролцоотойгоор гүйцэтгэсэн байна. Туршилт, хяналтын ажиллагааг бүхэлд нь “Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах,  гэрчилгээ олгох” Ажлын баг хяналт тавьжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль ирэх сарын 19-ний ням гарагт болно. Тодруулбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн 54 тойрог буюу аймгийн хурлын төлөөлөгчийн 4, сумын хурлын төлөөлөгчийн 45, дүүргийн хурлын төлөөлөгчийн 2 тойрогт нөхөн, аймгийн 1, сумын Хурлын төлөөлөгчийн 1 тойрогт дахин сонгууль зохион байгуулах юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулиас хойш 32 төлөөлөгч нас барж, 8 төлөөлөгч төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон байна. Мөн 7 төлөөлөгч тухайн орон нутгаас шилжин явсан бол 1 төлөөлөгч УИХ-ын гишүүнээр сонгогдож, зургаан тойрогт шүүхийн шийдвэрээр нөхөн сонгууль явуулах болжээ.