Иргэдийн санал: Өндөрхааныг “Чингис” болгосон шиг Бурхан будда уулыг “Шагжамүни” гэж өөрчилж нэрлэе

0
39

Өнөөдөр 2022 оны зургадугаар сарын 14. Монгол тооллын 995 он буюу Төгсбуянтын зурхайн XVII жарны бар жилийн зуны илүү эхэн сарын шинийн 15-ны өдөр.

Жил бүр Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-нд хүн төрөлхтөний  түүхэнд тодорсон суут сэтгэгчийн нэгэн, ертөнцийг үзэх шашны онолын томоохон урсгал Буддизмыг үндэслэгч “Бурхан багш” хэмээх Будда Шагжамүнид бурхны уламжлалт шашинтай улс орнууд албан ёсоор хүндэтгэлдэг үзүүлдэг. Бурхан багшийн жинхэнэ нэрийг нь Сиддарта Гаутама гэдэг. Будда нь хүний нэр биш санскритаар “гэгээрсэн” гэсэн цол юм. Түүний төрсөн, нас барсан өдөр байтугай он нь ч тодорхойгүй. Түүхчид Бурхан багшийг ойролцоогоор МТӨ 536-аас 483 онд амьдарч байсан гэж багцаалдаг.

Дэлхийн буддистуудын холбооны анхдугаар чуулган Шри-Ланк улсад 1950 онд хуралдсан бөгөөд тус чуулганаас “Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ныг Буддизмыг үндэслэгч Шагжамүнийг хорвоод эхээс мэндэлсэн, 37 насандаа эрдмийн оргилд хүрч гэгээрсэн, 81-тэйдээ нас барж тэнгэрт дэвшсэн, тэмдэглэлт  гурван цаг хугацаа давхацсан Их дүйчин өдөр” гэж тунхаглажээ. Үүнээс хойш “Бурхан багшийн Их дүйчин өдөр” гэдэг ойлголт бий болжээ.

Хожмоо 1999 онд НҮБ-ын ерөнхий ассемблейн чуулганаас “Бурхан багшийн Их дүйчин өдөр”-ийг Олон улсын тэмдэглэлт өдрийн жагсаалтад оруулж тунхаглан зарласан. Харин манай УИХ-аас 2019 оны 12 дугаар сард тус өдрийг нийтээр амарч тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 4.1.10-р, Хөдөлмөрийн тухай хуульд 97.1.4-р заалт болгон суулгаж өгсөн. Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиосон огноо:

2020.06.05. Билгийн тооллын хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 15

2021.05.26. Билгийн тооллын үхэр жилийн зуны тэргүүн сарын шинийн 15

2022.06.14. Билгийн тооллын бар жилийн зуны илүү тэргүүн сарын шинийн 15.

            Улс даяар гурав дахь удаа тэмдэглэж буй Бурхан багшийн Их дүйчин өдөр урьд өмнөхөөсөө илүү хүндэтгэлтэй нүсэр болж байна. Дашрамд хэлэхэд, Говь-Алтай аймгийн Халиун, Цогт, Бигэр сумын нутагт Буддын шашны үндэслэгчийн алдраар нэрлэсэн Бурхан будда гэдэг мөнх цастай сүрлэг сайхан уул бий. Нутгийн хүмүүс эрт цагаас “Будда” гэж шууд хэлэхээс цэрвэж Бурхан буудай болгон нэрлэж эерүүлсэн байдаг. Халиун сум нь МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ижийн төрсөн нутаг, одоо цаг дор Төрийн тэргүүний нагац нар аж төрж буй.

Монгол хэлний бичгийн болон ярианы хэлэнд эерүүлэн хүндлэх найрлага зүйн арга байдаг. Тухайлбал, эрт дээр цагаас хүмүүс Нэгдүгээр богд Жавзандамба хутагт Занабазарыг “Өндөр гэгээн”, Хэнтий аймгийн төвөөс их холгүй нар гудайх чиглэлд орших нэг сайхан шүтээнт хайрхан уулыг “Чингис” гэлгүй Өндөрхаан гэж нэрлэж иржээ. Ардын хувьсгал ялсны дараа засаг захиргааны нэгжид өөрчлөлт орж 1923 онд Хан Хэнтий аймаг байгуулагдахад аймгийн төвийг уг уулаар нэрлэжээ. Ингэж Хэнтий аймаг эзэн Чингис хааны хүндэтгэлийн нэртэй “Өндөрхаан” хоттой болсон түүхтэй. Гэтэл Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчид 2013 оны 11 дүгээр сарын 18-нд хуралдаж, архины шошгон дээр хүртэл бичигдэж байгаа “Чингис” гэдэг үгээр аймгийн төвөө нэрлэхэд яадаг юм бэ? өөрсдөдөө асуулт тавиад, улмаар зүйтэй гэж зөвшөөрөл өөрсдөдөө өгөөд санал нэгдэн Тогтоол гаргаж “Өндөрхаан”-аа “Чингис хот” болгон өөрчилж нэрийджээ. Өнгөрсөн хугацаанд нэртэй түүхч, судлаач, улстөрчдөөс нэг ч хүн энэхүү өөрчлөлтийг буруушаасан үг яриа гаргаагүй. Тиймээс бүтэн найман жилийн цаг хугацааны шалгуур даасан оновчтой шийдэл болсон нь харагдаж байна.

Ер  нь Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан “Өндөрхаан”-аа Чингис болгож өөрчилснийг жишиг болгон даган дуурайж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нагац нарын нутгийн уулын “Бурхан будда” нэрийг “Шагжамүни” гэж өөрчлөн нэрлэвэл яасан юм бэ.

 

Эх сурвалж: Aguulga.mn