Хурдан морь. 1898 он дуустал 3 нас, 1899 онд Азарга, 1903 онд даага, шүдлэн уралдаж эхэлжээ

0
35

 

(Монгол наадмын хурдан морины уралдаан 5х6 тэнцүү 30 айраг түрүүтэй байх уу, эсвэл 5х9 тэнцүү 45 айраг түрүүтэй болох уу)

Уяачид, УИХ-аас хориод жилиийн өмнө баталсан Үндэсний их баяр наадам /ҮИБН/-ын тухай хуульд шинээр өөрчлөлт оруулах төсөлд Хурдан морины уралдаанд Эрлийз гурван насыг нэмэх заалт оруулсныг эсэргүүцэж, үүний гол буруутнаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарыг нэр зааж олон нийтэд зарласан.

Тэд Хурдан морины уралдааны талаар, тухайлбал 6 насны морь уралддаг уламжлалтай, хэрвээ эрлийз гурван нас нэмбэл 9 болж үндэсний уламжлал эвдэгдэнэ гэж их ярьж байна.

Гэтэл монголчууд бидэнд үйл явдал хэдэн жил давтагдаж байж “уламжлал” гэж тооцогдох талаар нэгдсэн ойлголт томьёлол байхгүй. Иймээс УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр ҮИБН-ын тухай хуулийг төслийг хэлэлцэх үеэр нэлээд маргаан дагуулах сэдэв болох нь тодорхой. Улсын хэмжээний том наадмын Хурдан морины уралдааны тухай баримт танилцуулья

__ 3 нас. 1729-1898 он. Их нас, соёолон, хязаалан.

Бидэнд одоогоор мэдэгдэж байгаа хамгийн эртний эх сурвалж нь 1729 онд II Богд Лувсандамбийдомийг Өндөргэгээн Занабазарын хойт дүрээр тодруулж ширээнд залахад тэнд байсан Германы жуулчин, академич П.С.Палласын аян замын тэмдэглэл юм. Уг материалд “Гурав хоногийн дараа долоодугаар сарын 5-7-нд морины уралдаан болсон ба Халхын бүх газраас ирсэн гурван насны нийт морьдын тоо 3732 байв” гэж буй. Үүнээс хойших хугацаанд болсон улсын хэмжээний хамгийн том наадмууд Даншиг, Уул тайлгын наадамд их нас, соёолон, хязаалан уралддаг байсныг батлах морины цувааны баримт Улсын төв архивт хадгалагдаж байна.

__ 5 нас. 1899 онд Их нас, соёолон, хязаалан. Азарга, жороо морь.

1899 оны зун VIII Богд Жавзандамбад бурхан шашны Бат-Оршил өргөж Хүй долоон худагт Даншгийн наадам хийхэд хуучин журмын гурван нас-их нас, соёолон, хязаалангийн уралдаан дээр АЗАРГА, ЖОРОО морийг нэмж анх удаа уралдуулсан түүхтэй. Адуун сүргийн манлайн анхны уралдаанд Цэцэн хан Дэмчигдоржийн хээр азарга Хүй долоон худагт түрүү магнай болж байжээ.

__ 6 нас. 1903 оноос Их нас, соёолон, хязаалан. Азарга, Шүдлэн, Даага.

1903 оны долдугаар сард VIII Богд Жавзандамбыг Цэцэнхан аймагт залж тусгай Даншиг наадам хийхэд (одоогийн Төв, Дорноговь, Дундговь аймгийн залгаа сумуудын нутагт) хуучин журмын гурван нас-их нас, соёолон, хязаалан, азарганы уралдаан дээр Шүдлэн, Даагыг нэмж анх удаа уралдсан. Засаг ноён Дэмчигваанжил шүдлэнгийн анхны уралдаанд хээр үрээгээ, дааганд буурал ажнайгаа түрүүлгэжээ.

Дээрх баримтаас харахад, Хурдан морины уралдааны уламжлалыг төд гэж шууд хэлэхэд түвэгтэй юм. Зургаа гэх үү, Жороо морийг оруулаад долоо эсвэл хамгийн эртнийхээр гурав гэж тооцох уу гэдэг нь маргаан дагуулах асуудал болж таарна. ҮИБН-ын тухай хуулийн төсөлд яригдаж төслөөр бол татвар төлөгчдийн мөнгө Улсын төсвөөс гаргадаг улс, аймаг, сумын наадмын их нас, соёолон, азарга, шүдлэн, даага, зургаан насны морин уралдааны зардал дээр энэ зунаас эхлэн Эрлийз гурван насны уралдааных нэмэгдэхээр байгаа ажээ.

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 06.13-06.17-нд хэлэлцэх асуудлын тов дарааллын жагсаалтын дагуу ҮИБН-ын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногийн баасан гарагт хийнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар хэдхэн өдрийн өмнө УИХ-ын гишүүд зургадугаар сарын 18-ны бямба гаргаас сонгогдсон тойрогтоо цөөн хоног ажиллаж иргэддээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь өөрсдийнх нь амьдралыг сайн сайхны цоо шинэ түвшинд хүргэнэ гэсэн сурталчилгаа таниулга хийх албан даалгавартай хэмээн мэдэгдсэн. Ямар ч болов Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн өмнө ҮИБН-ын тухай хууль шинэчлэн батлагдаж Монгол наадмын хурдан морины уралдаан 5х6 тэнцүү 30 айраг түрүүтэй байх уу, эсвэл 5х9 тэнцүү 45 айраг түрүүтэй болох уу гэдэг нь эцэслэн шийдэгдэх юм байна.

Эх сурвалж: Aguulga.mn