Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмэгтэй энхийг сахиулагчдад баяр хүргэв

0
35

Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” энэ өдрүүдэд тохиож байна.

Эмэгтэй энхийг сахиулагчдаа алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх ёслол Соёлын төв өргөөнд болж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 400 гаруй эмэгтэй алба хаагч оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эмэгтэй энхийг сахиулагч нарт баяр хүргэв.

Монгол цэрэг Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд тусгасан аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг улс төр-дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болж, олон улсад Монгол Улсын байр суурийг бэхжүүлэх, нэр хүндийг өргөхөд жинтэй хувь нэмэр оруулж байгааг онцлов.

Үүн дотроо Зэвсэгт хүчний үүрэг зориулалт, бие бүрэлдэхүүний бүтцэд  шинэ чиг хандлага, өөрчлөлт гарч эмэгтэйчүүдийн оролцоо, эзлэх жин жилээс жилд нэмэгдэж байгааг хэлэв.

Эхчүүд, эмэгтэйчүүдийн оролцоо цэргийн харилцаанд зохицол, зөвшилцлийн  уур амьсгал, энэрэнгүйн соёл түгээн, Энхийг дэмжих ажиллагааны хүнлэг зорилгод илүүтэй нийцэж, сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх, үймээн самууны хөлд нэрвэгдэгсэд болон хүчирхийлэлд өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд өндөр үр дүнтэй байдгийг дурдав.

Мөн Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд  хувь нэмэр оруулсан энхийг сахиулагч нарт дурсгалын зүйл гардууллаа.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр