0 түрүүлж, 2 удаа 9 давж үзүүрлэсэн бөх Улсын аварга болох хуулийн цоорхой

0
65

 Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хуулийг өөрчлөн шинэчлэх төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн. Ирэх долоо хоногт эцэслэн батлагдах Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөлд  Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана” гэж заажээ.

Энэ заалтаар бол Их Монгол улс 1206 байгуулагдсаны ойг 1921 онд Ардын хувьсгал ялсны тэгш ойтой (100, 110, 120, 130, 140, 150, 160, 170… жил гэх мэт) давхцуулан 10 жил тутам 2021, 2031, 2041, 2051, 2061, 2071, 2081, 2091…онд Улсын наадамд 1024 бөх барилдах ажээ. Өнгөрсөн 2021 онд цар тахлаас үүдэж Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ойн Улсын наадам болоогүй өнжсөн. Гэхдээ өнгөрсөн жилийн өнжсөн тэгш ойн Улсын наадмыг энэ 2022 оны Улсын наадамтай хамтад нь зохион байгуулах учраас энэ зун 1024 бөх барилдана.

Улсын наадамд амжилттай барилдсан бөхчүүдэд Ерөнхийлөгч зарлиг буулгаж Улсын цол олгох заалтад,

  1. тав давсан бөхөд улсын начин;
  2. зургаа давсан бөхөд улсын харцага;
  3. долоо давсан бөхөд улсын заан;
  4. найм давсан бөхөд улсын гарьд;
  5. ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн бөхөд улсын арслан;
  6. ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн улсын арслан цолтой бөхөд улсын аварга;
  7. ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн улсын аварга цолтой бөхөд улсын даян аварга;
  8. ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн улсын даян аварга цолтой бөхөд улсын дархан аварга гэж томьёолжээ.

Энэ зун 1024 бөхийн барилдаанд 9 давж үзүүрлэж арслан цол хүртсэн бөх 2023-2030 онд Улсын наадмын 512 бөхийн барилдаанд түрүүлж чадаагүй байсан ч 2031 оны тэгш ойн 1024 бөхөөс 9 давж хоёр дахь удаа үзүүрлэхэд Монгол бөхийн дээд цол – улсын аварга цол хүртэх болох нөхцөл үүсчээ. Цаашид Улсын наадамд хамгийн багадаа нэг удаа түрүүлсэн бөх улсын аварга болдог уламжлал эвдэгдэж ганц ч түрүүлээгүй бөх 10 жилийн зайтай болох Ардын хувьсгалын тэгш ойн хоёр наадмын 1024 бөхөөс хоёр удаа 9 даван үзүүрлэхэд л улсын аварга болох нь.

Амьдрал баян, ийм тохиолдол цөөн ч гэлээ гарахгүй гэх баталгаа байхгүй. Ийм учраас Улсын наадамд ганц удаа түрүүлж үзээгүй бөх улсын аварга болох боломж олгосон энэ заалтыг УИХ-ын эрхэм гишүүд хуулийн цоорхой гэж үзээд бөглөж “Улсын наадмын 512 бөхийн барилдаанд 9 даван түрүүлж улсын арслан болсон бөхөд тэгш ойн 1024 бөхийн барилдаанд 9 давж үзүүрлэхэд улсын аварга цол олгоно” гэж өөрчилбөл зохистой зөв болов уу.

Ардын хувьсгалын жилүүдэд Улсын наадмын 512 бөхийн барилдаанд 9 даван түрүүлж арслан цол хүртсэн бөх дараа нь 9 даван үзүүрлэж улсын аварга цолонд хүрч байсан. Тухайлбал, Архангайн Хайрхан сумын харьяат Ц.Чимэд-Очир 1944 онд 512 бөхөөс ес даван түрүүлж арслан, 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойн баяр наадмын 1024 бөхөөс ес даван үзүүрлэж улсын аварга цолыг тус тус хүртжээ. Мөн Увсын Наранбулаг сумын харьяат, хөдөлмөрийн баатар О.Балжинням 1991 онд 512 бөхөөс ес даван түрүүлж улсын арслан, 1994 онд Улсын наадмын 768 бөхөөс ес даван үзүүрлэсэн амжилтаараа аварга цолонд хүрч байлаа.

Эх сурвалж: aguulga.mn