Английн хөлбөмбөгийн АШТ. Солонгос Сон 23 гоолоор анхны Шилдэг мэргэн бууч Ази тоглогч боллоо

0
325

(Амралтын ням гарагт Английн Премьер лиг өндөрлөж Манчестер Сити баг түрүүлж Аварга боллоо)

 

Дэлхийн хөлбөмбөгийн топ таван лиг – Англи, Испани, Герман, Итал, Францын энэ улирлын АШТ тавдугаар сард цувран өндөрлөж ирэх улиралд Аваргуудын лигт тоглох алт, мөнгө, хүрэл медальт болон шагналт байрын багуудын нэр эцэслэн тодорлоо. Эдгээр топ лигийн тухайн АШТ эцэслэн дуусахаас нэлээд олон тойргийн өмнө Испанийн Ла лигт Реал М, Францын Лиг 1-д Пари Сен-Жермен, Германы Бундеслигт Бавари М баг аварга болж Цом өргөх болзлоо хангасан. Харин Английн АШТ премьер лиг, Италын АШТ сери А-д ямар баг аварга болох нь тавдугаар сарын 22-ны ням гаргийн, хамгийн төгсгөлийн тойргийн тоглолтоор эцэслэн шийдэгдлээ.

Английн Премьер лиг. АШТ-ий төгсгөлийн 38 дахь тойрогт Ман Сити баг талбайдаа Астон Виллаг хүлээн авч тоглолоо. Хэрвээ тэнцэх юм уу хожигдоход ард нь яваа Ливерпүүлд гүйцэгдэж хоёрдугаар байрт орохоор байв. Тоглолтын 76 минут хүртэл тэд талбайдаа Астон Виллад 0:2-оор хожигдож цэнгэлдэхэд хүрэлцэн ирсэн 53395 үзэгч болон нийт хөгжөөн дэмжигчийнхээ урмыг хугалсан. Харин хөлбөмбөгийн шилдэг мэргэжилтэн, Ман Ситигийн испани дасгалжуулагч Гвардиолагийн сонголтоор тоглолтын 69 дэх минутад сэлгээнээс талбайд орж ирсэн хагас хамгаалагч Гюндоган 76 дахь минутад эхний гоол оруулж тоог 1:2 болгож “хонгилын үзүүрт гэрэл” асаасан. Эргэлтийн цэг эхэллээ гэдгийг мэдэрсэн Ман Ситигийн тоглогчид Астон Виллагийн хаалганы өмнөх талбайг бүрэн эзэлж шуургалан довтолсон ба 78 дахь минутад хагас хамгаалагч Родри тэнцээний гоол оруулж тоог 2:2, тун удалгүй хагас хамгаалагч Гюндоган 81 дэх минутад хожлын гоол хийж тоог 3:2 болгосон. Ман Сити багийн авсан оноо 93-д хүрч Аварга болж Цом өргөх болзол хангасан.Тус багийн гол өрсөлдөгч Ливерпүүл баг талбайдаа Вулверхэмптоныг 3:1-ээр хожиж оноогоо 92 болгож түрүү багаас нэг оноо дутаж хоёрдугаар байрт шалгарлаа.

Английн премьер лигийн энэ улирлын АШТ-ий мэргэн буучийн төлөө гол өрсөлдөгч хоёр тоглогчоос Тоттенхэм багийн солонгос довтлогч Сон Хын Мин төгсгөлийн 38 дугаар тойрогт Норвичийн хаалганд хоёр бөмбөг хийж гоолын тоогоо 23, харин Ливерпүүлийн довтлогч Салах нь Вулверхэмптон багийн хаалганд нэг бөмбөг хийж гоолын тоогоо мөн 23 болгосон. Адил тооны гоол хийсэн эдгээр хоёр довтлогч хоёулаа энэ улирлын Шилдэг мэргэн буучаар тодорлоо. Өмнөд Солонгосын иргэн, довтлогч Сон Хын Мин нь Английн нийслэл Лондоны хөлбөмбөгийн баг Тоттенхэмд 2015 оны зунаас найм дахь жилдээ тоглож байгаа. Тэрбээр, Английн төдийгүй Европын топ таван лигт Шилдэг мэргэн бууч болсон анхны Ази тивийн тоглогч болж хөлбөмбөгийн түүхэнд нэрээ мөнхөллөө. Английн премьер лигийн шилдэг довтлогчийн “Алтан пүүз”-ийн эзэн болов.

Италын хөлбөмбөгийн Сери А лиг. АШТ-ий аваргын төлөө Милан хотын АС Милан, Интер гэсэн хоёр баг сүүлчийн тойргуудад өрсөлдөж байлаа. Төгсгөлийн 38 дугаар тойрогт АС Милан айлын талбайд Сассуоло багийг 3:0-ээр буулгаж 86 оноогоор түрүүлж Италын аварга баг боллоо. Харин АС Миланы хожигдол, тэнцээний бүдрэлийг хүлээж явсан Интер баг өөрийн талбайдаа Сампдорийг 3:0-ээр хожин 84 оноогоор хоёрдугаар байрт шалгарлаа.

АС Миланы багийнхан Аваргын баяраа хөлбөмбөгийн цэнгэлдэхийн талбай, асарт тэмдэглэж байх үеэр тус багийн дасгалжуулагч Пиологийн алтан медаль хулгайд алдагдсан, 40 настай алдартай тоглогч Ибрагимович талбай дээр нэг гартаа барьсан навчин тамхиа ойр ойрхон сорж, нөгөө гартаа шилтэй оргилуун дарс барьж буудуулан сахилгүйтсэн гэх мэт сонин үйл явдлаар дүүрэн байлаа.