Зураач-багш Сэнгэравдангийн Элбэгдорж

0
65

МУЭ-ийн шагналт,  урлаг судлагч О.Сосор

1970-1980-аад онд Монголын шинэ цагийн дүрслэх урлаг үндэсний уламжлал болон дэлхийн сонгодог өв санд тулгуурласан өвөрмөц өнгө төрхтэй мэргэжлийн урлаг болоход тухайн цаг үед гадаад, дотоодын их дээд сургуулийг дүүргэж, зоригтой туршилт, эрэл хайгуул хийн бүтээн туурвиж байсан авьяаслаг залуус том хувь нэмэр оруулсан билээ.

Тэдний нэг Сэнгэравдангийн Элбэгдорж /1950-1988/ байв. 1964-1968 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн уран зургийн ангид Ардын зураач О.Цэвэгжав, Д.Амгалан, Б.Чогсом нараас зурах урлагт суралцаж төгсөөд, МУЭ-ийн хотын салбарт хоёр жил зураачаар ажиллаж туршлага хуримтлуулсны дараа Ленинград хотноо И.Репинийн нэрэмжит уран зураг, уран баримал, уран барилгын дээд сургууль /одоогийн Санкт-Петербург хотын урлагийн Академи/-аас уран зургийн дээд мэргэжил эзэмшсэн /1977/ тэрбээр Дүрслэх урлагийн дунд сургуульд багшилж, залуу халаагаа бэлтгэхийн хамт эрч хүчтэй бүтээж байлаа. Тэр үед ийм дэс дараалалтай сургаж, уран бүтээлч бэлтгэж байсан нь мэргэжлийн өндөр ур чадвартай болгох хийгээд шинэ соргогоор бүтээхэд их түлхэц болсныг түүнтэй хамт дээрх сургуулийг төгсөж, Монголын урлагт од болон гялалзсан Ардын зураач, Төрийн шагналт До.Болд, Төрийн шагналт Б.Пүрэвсүх, Ц.Амгалан, УГЗ Я.Оюунчимэг, МУЭ-ийн шагналт Р.Энхтайван, Р.Дүйнхоржав, Ё.Өлзийхутаг нар баталсан билээ. Тэд өөрсдийн бүтээл туурвилын зэрэгцээ нийгмийн захиалгат олон төрөл, зүйлийн бүтээлийг урлаж, их ачаалалтай ажилладаг байсан нь тухайн цаг үеийн нэг гол онцлог юм. С.Элбэгдорж ч мэргэжил нэгт нөхдийн адил багшлахын хамт идэвхтэй зурж бүтээн, дүрслэх урлагийн уралдаан үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцож байлаа. Учир нь зураач-багш хүн шавь нартаа цаг үргэлж ажил үйлс, авьяас билгээрээ үлгэрлэх ёстой. Харамсалтай нь тэрбээр “бяртай” бүтээж байсан 38-хан насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж, урлагт хайртай хүмүүсийн сэтгэл зүрхийг шимшрүүлэн оджээ. Гэвч урлагийн агуу ертөнцөд эзнийхээ ур чадварыг төдийгүй зан төлөв, хүн чанар, бодол санаа, хүсэл мөрөөдлийн илэрхийлэл болон үлдсэн уран бүтээлүүдийг нь хань ижил, үр хүүхэд, садан төрөл, анд нөхөд, шавь нар, үзэгч олон бахархан харж, хүндэтгэн дурссаар байна.

Зохиолч Ц. Дамдинсүрэнгийн хөрөг. Зураач Сэнгэравдангийн Элбэгдорж  1981.
Зотон, тос. 64х54

С.Элбэгдорж дүрслэх урлагийн уран зураг, зураасан зураг гэсэн хоёр том төрлөөр бүтээж байснаас суурь уран зургийн бүтээлүүдэд нь байгаль, хөрөг, аж байдал, харин зураасан зургийн бүтээлүүдэд нь номын зураг, тэр тусмаа хүүхдийн номын чимэг зураг голлож байв. Тэдгээр нь зураачийн реалист арга ажиллагааг гайхалтай эзэмшсэний дээр уран бүтээлийнхээ утга санаа, дүр дүрслэлээрээ урлаг, үзэгч хоёрыг ойртуулах чин эрмэлзлэлээр дүүрэн байсныг илтгэдэг. Түүний аль ч төрлийн бүтээл хүний нандин зан чанар, уужим сайхан сэтгэл шингэсэн, тайван дөлгөөн үзэгдэл юмс тодорхой, ойлгомжой дүрстэй байдаг. Ялангуяа, эх орныхоо байгалийн үзэсгэлэнг бахдан дуулсан зохиомжууддаа хүний сэтгэл тэнийж, уужран тайвшрах  яруу сайхан байдлыг үзүүлдэг нь өөрийнхөө дотоод ертөнцийн хөг аялгууг эгшиглүүлсэн гэлтэй. Тухайлбал, “Отгонтэнгэр” /1986/ зурагт сэмжин цагаан үүлтэй цэнхэр тэнгэрийн дор налайх Отгонтэнгэр уулыг хэчнээн халуунд ч цасан бүрхүүлээ тайлалгүй, цайран дүнхийж харагддагийг тун ч гайхуулан үзүүлсэн байдаг…

Тэгвэл “Чигэстэй гол” /1986/ зургийн зохиомжийн төв нь голын эрэг дээр гэнэтийн үзэгдэл мэт хослон ургасан аварга хоёр мод аж. Энэ модод голын эргээр бэлчих сарлагууд болон хөндий талыг нөмөрлөх уулсаас ч өндөр харагдах нь гойд содон. Уран сайхны хэтрүүлэгтэй дүрслэл мэт харагдах байгалийн энэ зурагт Монгол орны бас нэгэн үзэсгэлэнт газар болох Чигэстэй голын хөндийд нар хүүшилж байна. Оройн нарны зөөлөн туяа сүрлэг ханхайх уулс, тэнгэр өөд тэмүүлэх өндөр модод, тахирлан урсах голыг улбар шаргал өнгөөр хучиж, зөөлөн дулаан уур амьсгалтай төдийгүй нам гүм, амар амгалан орчин бүрдүүлснийг зураач гайхалтай бодитой үзүүлсэн байдаг. Үүний гол тодотгол бол тааваараа идээшлэх мал сүрэг юм. Үлгэрийн орон гэмээр энэ газрыг эзэгнэх хүсэлтэй харийнхан цөөнгүй байсныг бид түүхээс мэдэх билээ.

Танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой бас нэгэн байгалийн зураг бол “Хорго” /1986/ юм. Архангай аймагт орших Хоргын тогоо хэмээх унтарсан галт уул нь 9000 жилийн тэртээд дэлбэрсэн гэж эрдэмтэд тогтоосон бий. Дэлбэрэлтийн дүнд энэ уулын оройд 400 шахам метр голчтой 100 метрийн гүнтэй тогоо үүсэж, дотор нь тогтсон янз бүрийн хэлбэртэй хүрмэн чулуунуудыг нутгийн ардууд сандал, ширээ гэх мэтээр нэрлэдэг. Хэзээ нэгэн цагт амьд байгалийг айлган сүйтгэж байсан үзэгдэл ул мөргүй арилж, оронд нь өгөөж арвин (энд самар, жимс элбэг, тэр ч байтугай  доржпалам чулуу олдсон гэдэг) нутаг бүрэлдсэн энэ газрын тухай олон домог хууч байдаг аж. Хоргын тогоог манай олон уран бүтээлч зурсан нь тэрхүү үлгэр домгуудаас ч улбаатай. Зураач дархан цаазат Хорго уулыг  орчных нь байгаль, мал сүрэгтэй нь дүрслэхдээ намар цагийн гоёмсог өнгийг сонгосон байна. Энэ нь бас учиртай. Оросын сонгодог уран зурагт оройтсон намрын байгалийн зураг түлхүү байдаг нь эд юмс дээр тусах гэрэл сүүдрийн тоглолтоор зураач хүний өнгийн мэдрэмж, ур чадварыг сорьдогтой холбоотой. Энэ уламжлалыг Оросын академик сургалт өвлөн хадгалж, залуустаа эзэмшүүлж байдгийн тод жишээ бол С.Элбэгдоржийн намрын өнгө аястай байгалийн  зургуудаас илт. “Хорго” зурагт голын хөндийгөөр идээшлэх сарлагийн сүрэг болон уулын бэл дэх шарласан модод хөхрөн дүнхийх Хорго уулыг чимж, цайран урсах гол зохиомжийг ташуу хувааж, орон зай дахь дүрсүүдийг хэмнэлтэй зөв байрлуулах хийгээд тэнцвэржүүлэх оновчтой шийдэл нь болжээ. Хөнгөн униарт өлгийдүүлсэн байгалийн өнгө ба хэлбэрүүд уянгын, зөөлөн хэллэгтэй. Энэ мэтчилэн “Сартай шөнө” /1984/, “Хусан төгөл” /1985/ гэсэн олон зураг нь хүн байгалийн нандин холбоо, зүй зохицлыг бишрэн харуулдаг нь байгалийн зураг гэдэг бол яруу найраг шиг хүний сэтгэл догдлолыг илэрхийлдэг гэдгийн нотолгоо гэлтэй.

Байгалийн дүрслэл монгол зураачдын унаган сэдэв хэдий ч 1950-аад оны үеэс л бие даасан төрөл болон хөгжсөн билээ. Түүх, аж байдал, хөрөг зургийн салшгүй хэсэг болсоор ирсэн байгалийн зураг монголчуудын хамгийн дуртай төрөл байдаг нь байгаль дундаа амьдарсаар ирсэн нүүдэлчин малчин удамтай яахын аргагүй холбоотой. Байгаль нь хүний санаанд багтамгүй ширүүн авир гаргадаг ч энэ талаар монголчууд тэр болгон үзүүлдэггүй. Харин уянгын хэллэгтэй, гайхалтай тайван байдлыг илүү чухалчилдаг нь байгалиа аргадан, дээдлэн шүтэж амьдарсаар ирсэн ёс заншлаас улбаатайг С.Элбэгдоржийн зургууд ч харуулна.

Тэрбээр аж байдлын сэдэвт зургууддаа ажил, мэргэжилдээ эзэн болсон хүмүүсийн тухай үзүүлэхийг эрхэмлэжээ. Жишээ нь, “Уяачид (Гийнгоо)” /1979/ зургийн гол баатрууд нь хурдан морины уралдааны эзэд болой. Энд дүрслэгдсэн наадамд уралдахаар бэлэн болсон морьтой хүү, түүнийг үдэн мордуулж буй ахмад настан, уяач эр болон бусад хүний нүүр царай бидэнд тодорхой бус ч уяа сойлго нь таарсан янз бүрийн зүсмийн морьд, хүмүүсийн хувцаслалт, хөдөлгөөнөөс болж буй үйл явц илт тодорхой. Бусад зураачийн үзүүлэх сонирхолтой тоос манарган хурдлах морьдын уралдаан, эрч хүчтэй хөдөлгөөн зохиомжинд алга. Тиймээс үзэгч тайван, сэтгэл амар орчинд саатаж, хүмүүсийн байр байдал, морьдын өнгө зүс, шинж тэмдгийг тухлан ажиглах боломжтой.

“Нүүдэл” /1985/ зурагтаа нүүдэллэж буй хөдөөгийн малчин айлыг үзүүлсэн байна. Тэмээтэй ачаа, морьтой хүмүүс, тэднийг дагалдан шогших нохой энэ бүхэн монголчуудын уламжлалт нүүдлийн үнэн бодит төрх билээ. Хэсэгхэн үүлнүүд шаргалтах нь халуун өдрийг илтгэх ч нүүдэл үргэлжилсээр. Ачааны сүүлийг гэрийн эзэн хамгаалж явдаг ёс заншлыг зураач онцолжээ.

Аж байдлын сэдэвт хамрагдах нэгэн хичээлийн ажил ур чадвараараа миний сонирхлыг татав. Тавдугаар курст сурч байхдаа зурсан “Хөгжимчин охид” /1976/ зурагт хийл болон морин хийлийн хөгжимчин хоёр бүсгүй жижиг тайзыг эзэгнэсэн байдлаар дүрслэгдсэн ба тэдний нүүр царай, үс засалт, хувцас болон хөгжмийн зэмсгүүд, нотны тавиурыг маш нарийн ур хийцтэй үзүүлэхийн хамт өнгийн найрамж, шилжилт, гэрэл сүүдрийн хувиралыг чадварлаг гаргасан нь европын уран зургийн арга  ажиллагааг гайхалтай эзэмшсэнийг харуулсан юм.

С.Элбэгдоржийг нөхдүүд нь хөрөг зургийн агуу чадвартан байсан гэж өндөр үнэлдэг. Үнэхээр ч түүний цөөн тооны хөргүүд дүрийнхээ гадаад төрхийг төдийгүй, оюун санааны ертөнц, зан чанарыг нь хүртэл илэрхийлж чадсан санагддаг. Олонд алдаршсан “Ц.Дамдинсүрэнгийн хөрөг” /1981/ бүтээлд нэрт зохиолч, эрдэмтний цээж хөргийг нарийвчлалтай дүрслэхдээ зохиомж, өнгөний сонголтоос эхлээд гүйцэтгэл хүртэл бүгдийг сонгодог аргаар шийдсэн нь тухайн хүний зан чанарт ихэд зохицсон байдаг. Цулгуй бараан дэвсгэр дээр улаан хүрэн дээлтэй, халцарч бууралтаж яваа эрдэмтнийг үзэгч рүү хандуулан зурахдаа нүүрийг сайн гэрэлтүүлж өгсөн нь түүнтэй шууд харьцах боломжийг үзэгч олонд олгожээ. Үзэгч рүү гярхай харах түүний харцанд ихийг сурч мэдсэн ч хүлээцтэй зөөлөн байдал илэрнэ. Уг хөрөг агуу эрдэмтний дүрийг гайхалтай үнэн зөв, өндөр ур чадвартай бүтээсэн, түүхийн чухал баримт, хосгүй бүтээл тул Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хүндтэй байрыг эзэлсэн билээ. Уг хөргийг харах бүрт хэрвээ зураач маань ардчилалтай золгож, урлагийн эрх чөлөөг эдэлсэн бол ямар гайхалтай, түүхийн сэдэвт зургууд, хөргүүд бүтээх байсан бол гэж өөрийн эрхгүй боддог. Учир нь Дүрслэхийн дунд сургуулиас эхлээд олон жил зураач Б.Пүрэвсүх, Ё.Өлзийхутаг, С.Элбэгдорж нар үй зайгүй нөхөрлөсөн нь тэднийг уран бүтээл төдийгүй хүсэл сонирхол, үзэл бодол нь ч нэгтгэж байснаас үүдэлтэй. Өнгөрсөн үеийн түүхийг үнэн зөвөөр дүрслэх болсон цагаас Эзэнт гүрний үеийг өргөн далайцтай үзүүлж байсан Б.Пүрэвсүх, Ё.Өлзийхутаг нартайгаа адил энэ сэдвийг зайлшгүй хөндөж, бодол санаагаа хоёр андтайгаа хуваалцах байсан даа гэж таамаглана.

Зураач С.Элбэгдорж 1985 онд өөрийн хөргөө бүтээсэн нь бий. Хангай нутгийн байгаль бүхий орчинд дүрслэгдсэн цээж хөрөг нь цавчиж урласан баримал мэт үзэгдэнэ. Нүүрийг тойрсон тас хар халимаг үс, хууз сахал, хамраас туссан сүүдрийг эрс тэрс өнгийн шийдлээр, огцом өнцөг үүсгэсэн зураасаар илэрхийлсэн нь энэхүү сэтгэгдлийг төрүүлэхийн хамт залуу насны эрч хүчийг ч давхар илтгэнэ. Хөргийн цаанаас улбар шар, улаан, хөх, цагаан хурц өнгөөр тодрон ялгарах уул, ус, газар гэсэн байгалийн тогтоцууд хөргийг чимэглэлийн хийгээд сүрлэг хэллэгтэй болгожээ. Төрсөн газрын нутгийн үзэсгэлэнт байгаль зураач /Архангай аймгийн уугуул/-ийн сэтгэл зүрхэнд хоногшин, бүтээх урамыг хөглөж байсан болов уу гэсэн сэтгэгдэл эндээс төрнө.

1960-1970-аад онд Монголын уран бүтээлчид хүүхдийн тухай сэдвээр зурж, бүтээхийн хамт ном, хэвлэлийн салбарт идэвхийлэн ажиллаж байсан юм. Номын агуулгыг уншигчдад улам ойртуулж, түүний үйл явдалд автаж, баатруудтай нь нөхөрлөхөд номын зураачийн үүрэг их. Зураачид сурах бичгээс гадна хүүхдэд зориулсан үргэлжилсэн үгийн зохиол, үлгэр, дуу, шүлгийн номыг аль болохоор хүүхдийн сонирхол татахуйц дүр, дүрслэлтэй, хавтас, тэргүүн нүүр, хуудаснууд, төгсгөлийн чимэг зургууд нь олон талын ач холбогдолтой ном бүтээхэд их анхаарч байсан нь энэ салбарыг өргөжин тэлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Үүнд зураач С. Элбэгдорж мөн л идэвхтэй оролцож “Долоон домгийн нэгэн дэвтэр” /1983/, “Бөмбөр” /1981/, “Тааварч өвгөний гурван хүү” /1981/, “Эвтэй дөрвөн амьтан” /1988/ гэсэн ардын аман зохиол, богино өгүүллэгийн эмхтгэлүүд, Ц.Базаррагчаагийн “Жаахан Жагаа” /1983/, Ө.Баасанжавын “Наранцэнгэл түүний мөрөөдөл” /1981/ номын чимэг зургийг зурахдаа хамгийн гол утга санааг гаргаж дүрслэхийг эрхэмлэсэн байдаг.  Түүний төрсөн ах С.Идэрхангай ч мөн энэ салбарт амжилттай ажиллаж, тэргүүлэх уран бүтээлч болсон байсан ба ах дүү хоёр зохиолынхоо утга санааг оновчтой, бүрэн дүүрэн илэрхийлэхийн тулд хүүхдийн гэнэн цайлган, өхөөрдөм дүрийг үйл явдалтай нь холбон нэлээд дэлгэрэнгүй, өгүүлсэн маягтай үзүүлдгээрээ онцлог байв. Жишээ нь, түүний зурж чимэглэсэн “Үнэнч нөхөд” /1979/ хэмээх Монгол, Оросын зохиолчдын богино өгүүлэгийн эмхтгэл ном бяцхан уншигчдынхаа төсөөлөн бодох, номоо шимтэн унших, үйл явдлыг бүрэн дүүрэн ухааран ойлгох, улмаар мэдлэг мэдээллээ зузаатгахад хувь нэмэр болохыг ихэд хичээсэн байдгийг хуудас болгоныг зурагжуулж, хамгийн богино өгүүлэгт ч 2-4 зураг хавсарган, дүрүүдийнхээ нүүр царайны хувирал, хөдөлгөөнд ихэд анхаарсан байдгаас илэрхий. Олон үйл явдлын олон гол баатрыг уйгагүй эрж хайж, үйл явдалтай нь уялдуулан хувцаслаж, хөдөлгөхдөө оновчтой, донжтой зураасаар чадварлаг гүйцэтгэсэн байдаг нь С.Элбэгдоржийн хар зургийн агуу чадвартан байсны гэрч бөлгөө. Үүнийг Ш.Шажинбатын “Алтан замагт буу” /1981/ номын зураг дахь эерэг, сөрөг талын баатруудын дүрээс харж болно. Түүний номын зургууд олон айлд зочилж, хүүхдүүдийнх нь мэдлэг, хүмүүжил, гоо зүйн  төлөвшилд зохих хувь нэмрээ оруулсан нь дамжиггүй.

Нарт ертөнцөд хоромхон зуур амьдарсан ч зон олондоо буянтай үйл бүтээсэн хүн ямагт дурсагдаж байдгийн тод жишээ бол зураач С.Элбэгдорж. Түүний бүтээл туурвилаар үзэгч олон үргэлж бахархаж байдаг билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин