МАНАЙ ХОРООНЫ ДАРГА ЦАГААН САРААР 2022.II.2-НД ТӨРИЙН ЗОЛГОЛТ ХИЙХГҮЙ

Хэдхэн хоногийн дараа билгийн тооллын хаврын тэргүүн сарын Цагаан сарын шинийн нэгэн болно. Цагаан сарын шинийн 1, 2, 3-ний баярын гурван өдөр аргын тооллын II.2, 3, 4-ний лхагва, пүрэв, баасан гарагтай давхцаж буй. II.5, 6 нь долоо хоногийн амралтын бямба, ням гараг учраас ард иргэд нийт таван өдөр “ажилгүй сул зогсож” амрахаар болж байна.
Манай Баянзүрх дүүрэг хүн ам олонтой, манай хороо ч бас харьяат олон иргэнтэй. Хороон дарга маань жил бүр хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан Төрийн золголтыг хорооны ахмадууд бидний дунд зохион явуулдаг юм. Тэрбээр, энэ удаа уламжлалт Төрийн золголтыг хийхгүй өнжинө гэж нүүрномоороо дамжуулан илгээлт ирүүлж бидэнд мэдэгдлээ. Уг илгээлтдээ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь сар шинийн баяраар Төрийн золголт хийхгүй гэж зарласныг, түүнчлэн гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалсан тухай эш татжээ. Бидний ахмадууд даргатайгаа золгох гэж хорооны байр руу явах шаардлагагүй боллоо, гэрээсээ цахимаар золгох юм байна ойлголоо.
Дашрамд хороон даргынхаа тухай жаахан ярья. “МУ-ын Төрийн тэргүүн У.Хүрэлсүх, харин би Хорооны тэргүүн, Ерөнхийлөгчийн жижигрүүлсэн хувилбар” гэдгээ шууд хэлэхгүй ч үгээрээ бус үйл ажиллагаа, зангарагаараа бидэнд ойлгуулдаг эрхэм. Тэрбээр, Үндсэн хууль бол “Алганд багтсан” Монгол Улс юм гэж хэлэх дуртай. Зөвхөн хэлэх дуртайгаар хязгаарлахгүй Үндсэн хуулийн “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалтыг хорооны даргын хувьд ажил болгоно. Жишээлбэл,
____Загалмайтны шашныхны оройн дээд шүтээн Есүс Христийн төрсөн өдөр XII.25-ны зул сарын баярыг тохиолдуулан, өнгөрсөн 2021 оны XII.24-ний баасан гарагт хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Христийн цугларалтын 50 пастер номлогчийг хорооны байрандаа хүлээн авч уулзалт зохион байгуулсан. Хороон дарга маань, “Хорооны иргэдийг цар тахлаас аварч хамгаалах, нийслэлийн ИТХ-аас өөрийн хороондоо их хэмжээний төсөв хуваарилуулж өгөх”-ийг Ертөнцийн эзнээсээ гуйхыг тэднээс хүссэн гэсэн дам яриа тарсан. Энэ бараг цуурхал байх.
____Жил бүр Гуравдугаар сарын 22-нд Наурызын баяраар манай хорооны иргэдийн үндэстний цөөнх казахуудын төлөөлөл 50 хүнийг хүлээн авдаг уламжлалтай. Өнгөрсөн хоёр жилийн тухайд цар тахлын дэгдэлдээс болж энэ хүлээн авалт болоогүй өнжсөн. Уулзалтын үеэр анч бүргэд, казах ёс заншил, зөнч мэргэн Мухаммедийн тухай яриа өрнөдөг гэсэн. Гэхдээ манай хорооны иргэдийг Аллахад даатгаарай гэж огт гуйдаггүй гэнэ лээ.
____Манай хороонд албан ёсоор үйл ажиллагаа эрхэлдэг бөө зайран байдаггүй болохоор, бидний л мэдэхээр, хороон дарга маань тэднийг хүлээн авсан уулзалтыг ойрын нэлээд хэдэн жил зохион байгуулаагүй. Манай хөрш зэргэлдээ хороонд Их засаг дээд сургуулийн өмнө талд “Монгол бөө мөргөл” төв байдаг. Хэрвээ манай хороонд харьяалагддаг байсан бол хороон дарга маань тэдэнд зориулсан уулзалт хүлээн авалтыг зохион байгуулах нь лавтай байсан. Зайран бөө нараар уламжлуулан хорооны иргэдийн эрүүл мэнд, мөнгө санхүү, хайр сэтгэлийг Мөнх тэнгэрт даатгах байсан даа, манай хороон дарга. Манай хороонд бөө, зайран нар өдрийн од шиг цөөн байгаа нь бидний аз дутсан хэрэг.
____Манай хороон дарга урьд өмнө нь Цагаан сараар хорооны ажилтнуудаа дагуулан хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шарын шашны сүм хийдэд очиж хамба лам нарт нь хадаг гардуулан золгож хорооныхоо иргэд төдийгүй зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд залбирахыг хүсдэг байлаа. Харин Монгол Улсын төрийн гурван өндөрлөгөөс хэн нэг нь Цагаан сараар Гандантэгчинлэн хийдэд очихоо больж, улмаар Д.Чойжамц хамба тэргүүтэй лам нар Төрийн ордонд ирж тэдний амар мэндийг эрж Төрийн золголтод оролцдог болсноос санаа авснаар, золголтын хувилбар 180 хэм өөрчлөгдөж хороон дарга маань хорооныхоо Бурхны шашны сүм хийдийн хамба лам нарыг хорооны байранд ирж Төрийн золголтод оролцохыг урьж урилга илгээдэг болсон.
Манай хороон даргаас үл хамаарч, цар тахлын дэгдэлтээс болж түүний зохион байгуулдаг хуваарьт золголт, хүлээн авалтууд хорооны байранд болохгүй, тасалдал өнжилт цөөнгүй байгааг уншигчдадаа дуулгая. Хорооны иргэдээ олноор нь нэг дор цуглуулахгүй, биднийг цар тахлын халдвараас сэргийлэх ажлыг зөв зохион байгуулж буй манай хороон дарга болон түүний багийнханд ирж буй усан бар жилдээ ажил нь амжилттай, албан тушаалын суудал нь түшигтэй байхыг хүсэн ерөөе.
Эх сурвалж: Aguulga.mn