“БАРСЕЛОНА” “МЮ” ХАСАГДВАЛ ЗӨВХӨН СЕНСААЦ, ХАРИН 16-Д ШАЛГАРВАЛ ПЛЕЙ-ОФФ СОНИРХОЛТОЙ БОЛНО

0
30

Хөлбөмбөгийн хорхойтнуудын хүсэн хүлээж байсан Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн тэмцээн гурван долоо хоног завсарласны эцэст хэсгийн тавдугаар тойргийн  тоглолтуудаар эргэн ирж байна. E, F, G, H хэсэг тус бүрийн хоёр, нийт найман тоглолт мягмар гаргаас лхагвад шилжих өнөө шөнө, A, B, C, D хэсэг тус бүрийн хоёр, нийт найман тоглолт маргааш лхагваас пүрэвт шилжих шөнө болно. Зургадугаар тойргийн тоглолтууд ирэх 12 дугаар сарын 7, 8-нд болж хэсгийн шатны дүн гарна. Хэсэг тус бүрийн дөрвөн багаас эхний нэг, хоёрдугаар байр эзэлсэн хоёр, нийт 16 баг Аваргуудын лигийн плей-оффын хасагдах шатны шилдэг 16-д шалгарна. Ирэх 2022 оны II, III, IV сард хасагдах шатны 1/8, 1/4 болон хагас шигшээд өрсөлдөж, улмаар манай хойд хөршийн Санкт-Петербург хотноо 2022.05.28-нд аваргын төлөө финалд тоглох юм. Хэсгийн тоглолтууд хоёр тойрог дутуу байхад одоогийн байдлаар Английн “Ливерпүүл”, Германы “Бавари М”, Италын “Ювентус”, Нидерландын “Аякс”, дөрвөн баг шөвгийн 16-д шалгарч ирэх онд плей-оффод тоглох тасалбараа халааслаад байна. Харин сүүлийн цаг дор тун тааруу тоглож, саяхан ахлах дасгалжуулагчдаа халсан алдарт Испанийн “Барселона”, Английн “Манчестер Юнайтед” баг хэсгээсээ шалгарах эсэх нь тав, зургадугаар тойргийн тоглолт үр дүнгээс шууд хамаарах хүнд нөхцөлд орсон байгаа. Испанийн клубийн дасгалжуулагчаар тус багийн амьд домог Хави шинээр томилогдсон, харин Английн багийг халагдсан ахлах дасгалжуулагчийн туслах Каррик түр орлон ажиллаж байна. Тус хоёр баг шөвгийн 16-д шалгарч чадахгүй хасагдвал ердөө л хөлбөмбөгийн ертөнцөд мэдээллийн сенсаац болох хэмжээнд сонирхол татна. Харин хэсгээсээ 16-д шалгарвал плей-оффод тэдгээрийн тоглолтууд гал гарсан сонирхолтой болох учраас үнэлэмжийн хувьд илүү, асар зөрүүтэй юм. Иймээс хөлбөмбөгийн хорхойтнууд бараг бүгдээрээ “Барселона”, “МЮ” дэмжиж байна гэсэн статистик судалгаа гарчээ.

Өнөө орой мягмар гаргаас лхагва гарагт шилжсэн шөнө болох найман тоглолт

  1. Украины “Динамо К” – “Бавари М” (Герман)
  2. Испанийн “Барселона” – “Бенфика” (Португал)
  3. Испанийн “Вильярреал” – “Манчестер Юнайтед” (Англи)
  4. Швейцарын “Янг Бойз” – “Аталанта” (Итал)
  5. Испанийн “Севилья” – “Вольсбург” (Герман)
  6. Францын “Лилль” – “Зальцбург” (Австри)
  7. Шведийн “Мальме” – Зенит (ОХУ)
  8. Английн “Челси” – “Ювентус” (Итал)

Маргааш орой лхагва гаргаас пүрэв гарагт шилжсэн шөнө болох найман тоглолт

  1. Английн “Манчестер Сити” – “Пари-Сен-Жермен” (Франц)
  2. Бельгийн “Брюгге” – “Лейпциг” (Герман)
  3. Английн “Ливерпүүл” – “Порту” (Португал)
  4. Испанийн “Атлетико” – “Милан” (Итал)
  5. Туркийн “Бешикташ” – “Аякс” (Нидерланд)
  6. Португалын “Спортинг” – “Борусси Д” (Герман)
  7. Италын “Интер” – “Шактёр” (Украин)
  8. Молдавын “Шериф” – “Реал М” (Испани) баг. Европын цагийн бүс, Улаанбаатарын цагийн бүсийн зөрүүгээс хамаарч орон нутагтаа оройн 21.00 цагаас эхэлж байгаа тоглолтууд манайд болохоор шөнийн 03.45 цагт эхэлж байдаг.