ДАЙНЫ ҮЕИЙН БАГШ, АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН АМЬД ГЭРЧ Г.ТОГТОХ

0
28

 

Их хотын түчигнээн, замын түгжрэлээс залхан саяхны нэг өдөр Офицеруудын ордны автобусны буудлаас  ажил руугаа алхав. XIII хорооллын автобусны буудал өнгөрч явтал “Миний охин монгол бичгээр гарын үсгээ зурж чадах уу” гэх дуунаар  хажуу тийш харвал намхан буурал эмээ үзэг, цаас барьчихсан инээвхийлэн зогсч байлаа. “Үндэсний  бичиг, соёлоо  монгол хүн бүр мэддэг байх ёстой. Босгоо бичгээрээ гарын үсгээ зурж чаддаг   байх учиртай” гэсэн санаа  түүний харцнаас  илт. Энэ бүхнийг  хүмүүст хэлж, сануулж,  нийгмээ сэрээж яваа нь  гүн хүндэтгэл төрүүлэхийн зэрэгцээ судалж сурвалжлах  сонирхлыг минь татсанаар тэртээх 1939 оны дайны үеийн  сурагч,  шинэ үсгийн анхны багш нарын нэг, 1945 оны ард нийтийн санал асуулгын амьд гэрч, өдгөө нас сүүдэр 95 хүрч буй Г.Тогтох гуайг “Амьдралын тойрог” булангийнхаа  зочноор урьсан юм.

 

Анхны дээд боловсрол нь Угтаалцайдмын дөрвөн жилийн  сургууль

 

Г.Тогтох гуай Төв аймгийн Угтаалцайдам сумын Баржиган хэмээх газар 1926 онд мэндэлжээ. Сумын бага сургуульд  орохоос өмнө аав, ээж нь охиноо  ном эрдэмтэй болгоно хэмээн өдөр судар харж байгаад нутгийнхаа  Ээндэн зайсан хэмээх хүнд шавь оруулж монгол бичиг заалгасан байв. Түүнээс удалгүй III багийн дарга  Загд хэмээх хүн ирж, “Манай багт сумын  сургуульд оруулах   гурван хүүхдийн  тоо ногдуулсан.  Нэг нь танай охин тул сургуульд хүргэж өг” гэжээ. Тэднийх мал олонтой. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсний ууган нь Тогтох  тул   аав ээждээ  ихээхэн тус нэмэр болно. Эрэгтэй дүү нь цэрэгт явсан бусад нь бага. Гэсэн ч  сумын захиргаанаас сургуульд ногдуулсан хүүхдийн тоонд нэр заагдсан тул охиноо явуулахаас аргагүй. Ийнхүү тэрбээр 1939 оны есдүгээр сарын 1-нд Угтаалцайдам сумын  дөрвөн жилийн сургуулийн анхны сурагч болжээ. Шинэ сургуулийн хичээлийн хэрэгсэл, сурагчдын дээл хувцсыг улс хангаж байв. Бүгд  хөх даалимбан тэрлэг, ногоон дурдан бүстэй. Мөн “Школ малгай” гэх саравчтай малгай,  орос бакалиар ижилсэнэ. Жагсаад зогсоход  аав ээж нь хүүхдээ ялгаж  танихгүй шахам. Ангийн багшаар Эрдэнийн Жүрмэддорж гэж залуу Хэнтий аймгаас ирснээр  анхны хичээл эхэлж байв. Олон таван үггүй, хүүхдүүдэд ном эрдэм заах гэж  чармайн багшилсан залуухан багш Багшийн сургууль 1932 онд анх байгуулагдахад орж сурсан анхны багш нарын нэг, Угтаалцайдам бага сургууль байгуулах үүрэг даалгавар аваад очсон байж.  “Амьдралын тойрог”-ийн зочин маань 1939 онд арван настайдаа  тус  сургуульд анх орж, 1945 онд төгссөн байна.  Дайны үеийн  сургуулийн орчин, сурагчийн амьдрал нэрт яруу найрагч Д.Пүрэвдоржийн “Хар цас” найраглалд

“Хар дайн харагдахгүй мөртлөө

Харандаа цаас гараас булааж

Шилэн савтай бэх хуурайлж

Ширээн дээрээс дэвтэр хураалаа” хэмээн дүрсэлсэн тийм л нөхцөл байдалд өнгөрчээ.  Лааны гэрэлд ганц сурах бичиг дээр арвуулаа тонгойн үсгээ нүдэлнэ. Тэгж байгаад лааны галд духныхаа үсийг шатаачихна. Шаазан савд хийсэн бэх хөлдчихнө, түүнийгээ амандаа барьж бүлээн амьсгаагаараа хайлуулаад үзгээ дүрж  бичнэ. Ам хамар нь  бэх  болж цэнхэр хоншоортой хүүхдүүд гүйлдэнэ.  Энд сурсан дөрвөн жилээ  Г.Тогтох гуай “Миний төгссөн  анхны дээд сургууль” гэж ярих  дуртай. Учир нь  1945 оны  намар Угтаалцайдам сумын захиргаа багш дутагдалтай тул анхны төгсгөсөн шавь нараасаа шалгаруулж багшлуулах чиглэл өгчээ. Бүх төгсөгчийг шалгаад, “Маргааш хэрэгтэй хүнээ дуудна” хэмээн тараав. Гэртээ хариад байж байтал  өртөөний зарлага ирж “Таныг сургуулийн захирал  дуудаж байна” хэмээн хэл хүргэж иржээ. Очиход нь “За чи одоо багш болсон шүү” гэв. Ийнхүү 14 настайдаа  тэрбээр гэнэт  нэг  гартаа шохой, нөгөө гартаа журнал сугавчилсан  багш болжээ.

 

Үндэсний бичиг үсгээр өөрийн нэрээ бичиж чаддаг байх нь том баталгаа 

Угтаацайдам сумын  сургуулийн ойгоор 

Тэр 1939 оны дайны жилийн сурагч байсан бол 1945 он бол эх орны дайны гал дүрэлзсэн бас л хатуу цаг үе байлаа. Дайны үеийн багш нийгмээ соён гэгээрүүлэх, гэрэл асаах үүрэгтэй. Тийм нөхцөл байдалд 1945 оны  аравдугаар сарын 20-нд  Монгол Улсад  оршин сууж, амьдарч байгаа ард түмний дунд БНМАУ-ыг тусгаар тогтносон улс байлгахын төлөө явуулсан бүх ард түмний санал хураалт явагдсан байдаг. Энэ үйл явдалд   Г.Тогтох багш үнэтэй  хувь нэмэр оруулсан   хүн юм. Тухайн үед хөдөө  нутагт бичиг үсэг мэддэг хүн ховор. Иймд багш нар санал хураалтын ажилд дайчлагдан оролцож байв. Энэ үед тэрбээр  өөрийн санаачилгаар  хөдөө айлуудаар явж хүмүүст гарын үсгээ хэрхэн бичихийг зааж өгч зуруулж байлаа.  Бичиг үсэг мэдэхгүй нь хурууны хээ тавьж болох ч гарын үсгээ зурвал илүү баталгаатай хэмээн тэрээр үзэж байжээ.

Хожим Г.Тогтох багш ХБНГУ –д нэг удаа  зорчих завшаан тохиожээ. Олон хүнтэй хамт явсан ч будилж төөрсөн байна. Дээр нь  хэл мэдэхгүй тул багагүй сандрав. Ингэж яваад нисэх буудалд хүрч журам сахиулж байсан хяналтын цагдаа нь ирээд юм асуухаар нь ойлгохгүй ч гэсэн цаас гаргаад монгол бичгээр нэрээ бичиж өгчээ. Мөнөөх ажилтан түүнийг нь авч  цааш яваад хурдан гэгч эргэж ирээд “Монгол, монгол” хэмээн хүндэтгэлтэй хандаж, тэнд байсан хүмүүсээс хамгийн түрүүнд виз гаргаж өгч  улмаар  онгоцонд  нь  суулгасан  байна.

Энэ бүхнээс түүний ухамсарт монгол хүний, монголоороо байхын, Монгол Улс оршин тогтнохын том баталгаа нь үндэсний хэл, бичиг соёл юм шүү гэсэн зарчим баттай үлджээ. Тийм ч учраас чөлөөнд гарсан ахмад багш хүмүүст монгол бичгээ сурахыг уриалж, ядаж гарын үсгээ ч болов бичиж сурахыг зааж зөвлөж явдаг болсон гэнэ. Чаддагт нь баяр хүргэж, чаддаггүйд нь ингэж бичдэг юм шүү хэмээн бичиж өгсөөр Монголоо  соён гэгээрүүлэх үйлсэд өргөсөн тангарагтаа буурал багш одоо ч үнэнчээр зүтгэсээр.

 

100 жилийн түүхтэй боловсролын салбарт 80 гаруй жил зүтгэсэн  ахмад багш

Шавь нарын хамт.

 Хамгийн сонирхолтой нь  манай  “Амьдралын тойрог”-ийн  зочин  дөрвөн жилийн боловсролоороо  багшилж явсаар 1960 онд Багшийн сургууль төгсчээ. Энэ бол түүний төгссөн хоёр дахь дээд сургууль бөгөөд  өмнөхөөс ялгаатай нь багшийн дипломтой болсон ч насаараа бага ангийн багш хийж, 80 гаруй жил боловсролын салбартайгаа  хамт яваа хүн юм. Өөрөөр хэлбэл, өдгөө 100 жилий ойгоо тэмдэглэж буй боловсролын салбартай намтар түүхээ холбосноос эхлэн 80 гаруй жилийг  хамтдаа туулж яваа  нас сүүдэр 95 хүрч буй ахмад багш. Анх багш болсноос хойш ном эрдэм заасан шавь нарын тоо 2500-г хол давжээ.

Багш гэж ямар хүнийг хэлэх вэ гэхэд нийтлэлийн  зочин  маань “Манай багш надад хэлэхдээ  багш гэдэг чинь жүжигчин хүн л гэсэн үг. Тайзан дээр бүх хүний анхаарлын төвд зогсч байна гэж бод. Багш хүн бол толь шүү. Гоё явах хэрэгтэй, сайхан хувцасла. Боловсролоо ямагт дээшлүүлж бай хэрэгтэй, их унш. Багш бүхнийг чаддаг байх хэрэгтэй” гэж захиж байсан. Би багшийнхаа захисан хэлсэн ёсоор явж, багш гэдэг нэр алдрыг  сэвтүүлэлгүй өдий хүрсэн” хэмээн өгүүлсэн.

14-хөн настайдаа анх багш болоход сургууль нь  танхимын нэг ангитай, бүгд шахам дотуур байранд суудаг. Тэднийг  орой унтуулж, өглөө сэрээх, гар нүүрийг нь угаалгах, ариун цэвэр сахиулах, хичээлийг нь давтуулах гээд бүхий л зүйлд санаа тавьж гардан хийлгэнэ. Тэр бүү хэл шавь нарынхаа  үсийг хусч өгнө, охидын үс бөөстчихнө, түүнийг нь түүж цэвэрлэн усанд оруулдаг байв. Хүүхдүүд хамуу өвчин тусна, хамаг биеэр нь яр гарч шархална. Шавь нараа усанд оруулж, угааж цэвэрлэж байгаад өөрөө хамуурч байсан удаатай. Энэ үеэс багш нарынхаа  захисан ёсоор “Багш бүхнийг чаддаг байх ёстой”  хэмээн хичээн зүтгэж явсан бол хожим ангийнхаа хүүхдүүдийн үсийг  нэг өдөр цаг гаргаад  өөрөө жигд засчихаад өгчихдөг, тэр байтугай  хумсыг нь  авч,  30 гаруй хүүхдийн захны даавуу,  улаан бүчийг нэг өдөрт багтаан угааж индүүддэг багш  байжээ. Үүнийгээ “Тэр үед ариун цэврийн шалгалт, “Зад угаагч”  комисс гээд орж ирээд шалгадаг байлаа. Нэг өдөр л бүгдийнх нь үсийг засахгүй бол жигд биш харагддаг. Захны даавуугаа бүгд нэгэн зэрэг  угааж хадахгүй бол өнгө нь жигд биш  харагддаг учраас өөрөө санаачлаад хийнэ. Эцэг эхчүүд ажил ихтэй, амжихгүй байдаг учраас тэдэнд ч нэмэр тус болдог байсан” гэв. Багшлахын зэрэгцээ тэрбээр мандолин бариад дуу хөгжим заана, сургуулийнхаа уран сайханд идэвхтэй явна. Олон шавь бэлдэхийн хажуугаар соён гэгээрүүлэх бүхий л ажилд оройлон оролцож иржээ.

 

Бага ангийн багшдаа баярлалаа

 

Хүн болгоны зүрх сэтгэлд бага ангийн багш том байр суурийг эзэлдэг. Насан туршид мартамгүй нандин сайхан алба  бол багш юм гэж  гэж дуу шүлэгт мөртэй  ч хүмүүс дээ.  “Бага ангийн багш байх сайхан. Тэдэнд ээж шиг нь хандаж чадвал  хэлсэн ярьсныг ягштал биелүүлнэ, ном сурах, тогтооход тэр нь нөлөөлнө. Багш өөрөө үлгэрлэх хэрэгтэй. Багш юу хийнэ, хүүхэд түүнийг яг дууриадаг, яг л толь шиг, түүнтий тусгал шиг байдаг. Багш ангиа угаавал хүүхдүүд гүйж ирээд би угаая гээд зүтгэнэ. Харин өөрөө ном шагайж суучихаад хүүдүүдийг ангиа угаа, шал арч гээд байвал хиртэй ус савируулж гүйгээд, өнөөхөө тэнд ч нялж, энд ч гоожуулж  угаасан юмгүй бужигнаж, багш аа тэрийг хараач, энийг ч хараач гээд  үймүүлээд байдаг. би ер нь 45 минутад л ангиа цэвэрлэж, угаачихдаг байсан” хэмээн ярьж сууна.

Шавь нараа ээж шиг нь  асарч тойлж ирсэн нь түүний амьдралд өдгөө ч хадгалагдан үлджээ. Тэр нь юу вэ гэвэл Г.Тогтох багш өнөөдөр ч гэсэн   70 гарсан, 80 дөхсөн шавь нараа асарч тойлж насаараа ангийн багшийн үүргийг гүйцэтгэсээр л явна. Өөрөө бол  нас дээр гарсан ч эрүүл чийрэг  хүн юм. Ямар нэгэн  өвчин эмгэг түүнд үгүй. Тийм болохоор  нүд нь өвдсөн эсвэл даралт нь ихэссэн шавь нар дээрээ  авбусаар яваад очно.  Хөтөлж аваачаад  эмнэлэгт үзүүлж, эмчилгээг нь бичүүлж өгч, хэн нь яаж байна хэмээн сураг ажиг тавьж хооронд нь холбож сууна.  Хажуугаар нь дурсамж, тэмдэглэлээ бичиж, гудамжаар алхахдаа хүмүүст монгол бичгээ сурах хэрэгтэйг ухуулж, ядаж  гарын үсгээ бичдэг байх хэрэгтэйг сануулах гээд  ер зүгээр суудаггүйг шавь нарынх нэг Д.Батбаатар өгүүлсэн. Тэрбээр ах дүү дөрвүүлээ  Г.Тогтох багшийн гар дээр бага анги төгссөн хэмээн хуучилсан. Төв аймгийнхан  хүүхдээ  Г.Тогтох багшийн ангид  оруудах гэж өрсөлддөг байсан гэнэ.  Бараг түүнд  тааруулах гэж хүүхэд төрүүлэхдээ ч төлөвлөгөөтэй  хандаж байсан байж мэднэ хэмээн тэрээр хошигнож байсан ч үнэний ортой ч байж бас мэдэх юм.

 

Бидний үед  нөхөр юм уу, эхнэрээ “Найз аа” гэж дууддаг байлаа

 

Хань Г.Аюуш агсаны хамт

Г.Тогтох багш  төрж өссөн Угтаалцайдам сумаасаа анх гарсан түүх нь түүний хань Гомбосүрэнгийн Аюуш  Төв аймгийн Баянчандмань сум шинээр байгуулагдахад нэгдлийн даргаар томилогдсонтой холбоотой. Тэндээсээ Сэргэлэн сумд  ажиллах үүрэг аваад явахад нь ч , аймгийн төв рүү шилжихэд нь ханиа даган мэргэжлийн ажлаа хийж  явжээ. Энэ хооронд долоон хүүхэд төрүүлж өсгөсөн байна. Тэдний дөрөв нь хүү, гурав нь охин. Сүүлд ханиа Худалдааны  яаманд газрын даргаар   томилогдоход  дагаад  хотод ирсэн байна.

Тэрбээр  Улаанбаатарт ирээд   анх  зохиолч М.Чимэд захиралтай  XXII  сургуульд багшилжээ. Энэ хүртэл Угтаалцайдам сумын  дөрвөн жилийн бага сургууль төгссөн гэсэн үнэмлэхтэй л яваад байж. Нэг өдөр шалгалт ирж багш нарыг “Дипломоо үзүүл” гэхэд 1942  оноос  1952 он хүртэл  арав гаруй  жил багшилж  ирсэн өнөөх үнэмлэхээ гаргаад иртэл М.Чимэд захирал нь “Чамайг ер нь ямар багш гэдэг юм бэ. Наадах чинь ямар багшийн үнэмлэх юм уу” гээд шидчихэв. Орой нөхрөө ажлаас ирэхэд нь  намайг ингэж хэллээ гээд уйлахад “Найз аа, бид  чинь сургуульгүй хоёр шүү дээ. Ер нь тэгээд сурах хэрэгтэй. Миний найз чадна. Одоо хоёулаа сургуульд сурна” гэсэн байна. Энэ тухай ярихдаа тэрбээр “Бидний үеийнхэн  хань ижлээ одоогийн залуус шиг хайр аа гэдэггүй  найз аа гэж дууддаг байлаа гэсэн юм.  Ингээд маргааш нь залуу хос  мотоциклио асаан  сундалж давхисаар нэг газар очсон нь Багшийн сургууль байсан бөгөөд нийтлэлийн баатар маань  тэнд хоёр жил сурч төгсчээ. Төгсөх шалгалтаа онц өгчихөөд гараад иртэл нөхөр нь мөн л мотоцилио унаад ирчихсэн “Суучих” гэжээ. Хаашаа явах юм бэ гэхэд нь “Одоо хоёулаа дээд сургуульд бүртгүүлнээ” гэсэн байна.  “Би чадахгүй байх” гэсэнд “Юу ярьж байгаа юм бэ, чи сая шалгалтаа онц өгсөн байна шүү дээ” хэмээснээр Марксизм-Ленинзмын оройн  дээд сургуулийн түүхийн ангид орж суралцсан түүхтэй. Дараа нь орос хэлний курст хоёр жил сурч, мэдлэг боловсролоо дээшлүүлэх курс, сургалт  хаана байна тэнд орж, сайн ханийнхаа түшигт сурах мэдэхийн их аянд зүтгэж  явжээ. Үүнийгээ тэрбээр хүнд  идэвх зүтгэл байгаад хийе гэвэл болохгүй зүйл байхгүй. Дээр нь өндөр мэдлэг боловсрол эзэмшсэн сайн багш нартай ажиллаж тэднээсээ давхар суралцаж явсаар ирсэн  хэмээн дурсч сууна. Нийтлэлийн баатар маань Улаанбаатар хотод нийслэлийн  I дунд сургууль,   52 дугаар сургуулийн бага ангийн багшаар олон жил  ажиллаж, даасан ангиа төгсгөсөн ч 1990-ээд оныг хүртэл гэр ахуйн багш, хөдөлмөрийн багшаар ажиллаж байгаад  гавьяаны амралтад гарчээ.

 

Олны багшийг  орон гэртэй болгох юм сан

 

Г.Тогтох багш нас сүүдэр 95 хүрч байгаа гэхэд 70 шүргэж яваа болов уу гэмээр толиотой сайхнаараа байна. Урт насалж, эрүүл байгаагийн  нууц юунд байгааг сонирхвол “Би мах, гурил хоёроос өөр хоол  иддэггүй. Их төлөв лавшаа хийгээд  идчихнэ, түүнээсээ уйдахгүй. Өөхтэй мах чанаж идэх дуртай. Түлэгдсэн, хайрсан, шарсан, хуурсан, даршилсан хоол хүнс хэрэглэдэггүй. Загас жараахайны мах  ер иддэггүй. Цагаан идээнээс ээзгийг  байнга  хэрэглэдэг. Би гурван удаа шарласан хүн байгаа юм, тийм болохоор элэг муу байхаар. Тиймээс элгээ эмчлэх гэж бараг шуудай ээзгий идсэн. Түүнээс хойш элгээ эход харуулахад эмч ямар ч сэв алга, яг хүүхдийн элэг шиг байна, та ер нь юу идсэн хүн бэ гэж асуусан. Одоо би хүмүсийг ээзгий ид, эрүүл хүнс хэрэглэ гэж уриалж, хэлж байдаг хэмээн хуучлав. Түүний бас нэг зуршил нь байнга уншиж, тэмдэглэл  бичиж суудаг. Энэ бол оюун ухааны дасгал хийгээд юм мартахгүй байхад тустай гэнэ.

Олны багш оюун соёлын анхдагч, одоо ч нийгмээ соён гэгээрүүлсээр 100 насны босго руу дөхөж  яваа буурал багшийн “Амьдралын тойрог”-оор аялахад ийм байна. Ихийг бүтээж, урт замыг туулсан атал өдгөө эрхэм багшид  өөрийн гэсэн гэр орон алга. Хүнд өвчинд шаналж хэвтэрт удаан байсан ханиа асарч тойлсоор бурханд булаалгаж,  үр хүүхдээсээ хагацаж амьдралын хатуу хөтүүг туулж явахдаа байраа барьцаанд тавиад зээл авсан ч төлж чадахгүйн улмаас алджээ. Ах дүүс  байлаа ч тусдаа айл болохоор төвөг боломгүй. Үр хүүхэддээ төвөг чирэгдэл учруулмааргүй. Хааяа шавь нарынхаараа ирж, очно. Харин эрүүл байгаа нь өөртөө ч, бусдад ч том бэлэг бөгөөд  гадуур явж, хүмүүст монгол бичгээ сурахыг уриалж , ядаж гарын үсгээ хэрхэн бичихийг нь  зааж  өгч олон дээгүүр гүйж явах нь “Амьдралын тойрог”-ийн зочинд маань аз жаргал, хамгийн том баяр баясгалан нь байдаг ажээ. Монголын төр,  боловсролын салбар  түүх бүтээсэн иргэнээ, соён гэгээрүүлэгч эрхэм багшид хүндэтгэл үзүүлж, орон гэртэй болгоход нь анхаараасай. Багшаасаа том шавь гэж үгүй, ер багшаас эрхэм өөр  хэн сэн  билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ҮЛ-ОЛДОХ