С.БАТ-ЭРДЭНЭ: БАСС БОЛ ДЭЛХИЙД ХОВОРДСОН ХООЛОЙ

0
27

 

Энэ удаагийн “Сонгодог урлаг” буланд УДБЭТ-ын гоцлол дуучин С. Бат-Эрдэнийг урилаа. Тэрбээр театрын нээлтийн тоглолтод “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дүрийг амилуулсан юм.

 

-Таны хувьд дахин Балган ноёны дүрийг бүтээлээ. Сүүлийн хэдэн жил та энэ дүрд босго тогтоочих шиг боллоо?

-Удаан хугацааны хөл хорионы дараа театрынхаа тайзан дээр гарах сайхан байлаа. Театр маань 59 дэх удаагийн үзвэрийн нээлтээ амжилттай хийлээ. Миний хувьд Балган ноёны дүрийг сүүлийн хэдэн жил амжилттай бүтээж байна. Хүмүүст хүрч, сайхнаар хүлээж авч байгаад баяртай байдаг.

-Дууриас Балган ноёны дүр хамгийн сонирхолтой нь санагддаг. Зохиол дээрээ яг ямар онцлогтой бичигдсэн байдаг вэ?

-Өмнө нь Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж,  Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гээд үе үеийн дуурийн урлагийн сор болсон уран бүтээлчид энэ дүрийг тамгалчихсан байдаг. Миний хувьд 21 дэх Балган гэж явдаг. Үзэгчид Балганыг нас тогтсон хүн гэж хардаг. Гэхдээ зохиол дээрээ баян ноёны залуухан хүү гэж гардаг.

-Таныг саяхан олон улсын тэмцээнд орсон гэж сонссон. Олз омог арвин уу?     

-Өнгөрсөн наймдугаар сард Санкт-Петрбургт болсон олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд амжилттай оролцоод ирлээ. Энэ тэмцээн нь хоёр жилд нэг болдог онцлогтой.  Энэ удаа 12 орны 209 дуучин өрсөлдлөө. Миний хувьд шилдэг 15 дуучны нэг болж, дипломат болж ирсэн. Үүний дараа өнгөрсөн сард Испанийн Барселонд болсон уралдаанд мөн амжилттай оролцоод ирлээ.

-Дэлхий ер нь ямар дуучныг үнэлдэг юм бэ. Монгол дуучдын дутагдалтай тал юу байна?

-Манай эрэгтэй дуучдын хувьд хоолойны цар хүрээ, царай зүсээрээ хаана ч гологдохгүй. Харин зөв техник дутагдах тал бий. Дуучид маань хэтэрхий бярдах гээд байдаг. Гэтэл яг зөв техникээр эвлэгхэн дуулсан дуучинд шүүгчид илүү оноо өгөх жишээтэй. Тэгэхээр техникээ л сайжруулах шаардлагатай юм байна гэж хардаг.

-Монгол дуучдын хоолойны цар хүрээ сайтай байгаа нь юутай холбоотой гэж боддог вэ?

-Цаг уурын онцлогтой холбоотой. Бид жилийн дөрвөн улиралд хоолойгоо бэлтгэж дасан зохицуулдаг. Тэгэхээр монгол дуучны хоолой сод байлгүй яахав.  Гэтэл ихэнх орны дуучин нэг улиралд, нэг хэмд бэлтгэгдэж байна.

-Таны хоолойны хувьд басс гэж явдаг. Баритоноос юугаараа ялгаатай юм бэ?

-Баритон гэдэг нь эрэгтэй хүний дундаж хоолой. Басс гэдэг нь хамгийн бүдүүн хоолой. Өргөн, цар хүрээ томтой гэж ойлгож болно. Гэхдээ монгол сонгодгоос яг басс хоолойд зориулж бичсэн гол дүр бараг байдаггүй.

-Театрын хувьд басс хоолойтой дуучин олон уу?

-Гоцлол дуучдаас О.Хүрэлбаатар ах, Б.Алтанхуяг ах, сүүлд орсон н.Мөнхтөр бид дөрөв байна. Басс хоолойны өөр нэг онцлог нь хэзээ ч хайр дурлалын дүрд тохирдоггүй. Ихэвчлэн нас өндөр, хаан, алуучирчин гэх мэт хүнд дүрд дуулдаг. Энэ дүрүүдийнхээ онцлогоос шалтгаалаад дуучид нүүр хувиргалт хийх шаардлагатай болдог.

-Таныг хоёр мундаг багшийн шавь гэх юм билээ?

– Анх Монгол Улсын консерваторит Д.Жаргалсайхан багшийн шавь болж байсан. Жил хагасын дараа багш маань бурхан болсон. Дараа нь гавьяат багш Ц.Ерөөгийн удирдлага дор хичээллэсэн. Хамгийн сонин нь Ц.Ерөө багш маань Д.Жаргалсайхан багшийн ууган шавь бол би отгон шавь нь. Д.Жаргалсайхан багш маань өөрөө басс хоолойтой учир миний хоолойг их хайрладаг байсан. Учир нь зөвхөн Монголд ч биш дэлхийд ховордсон хоолой.

-Дуурийн дуучин болох таны багын мөрөөдөл байв уу. Ямар хувь тохиолоор энэ мэргэжлийг сонгосон юм бэ?

-Би багадаа дуулдаггүй, их даруухан, цэргийн хүн болох мөрөөдөлтэй байлаа. Харин ээж маань их сайхан дуулдаг байсан. Дуучин болох мөрөөдөлтэй байсан ч хувийн шалтгаанаас болоод чадаагүй юм билээ. Тиймээс есөн хүүхдийнхээ нэгийг заавал урлагийн хүн болгоно гэж ярьдаг байсан. Би чинь сургуулиа төгсөөд цэргийн зарлан авсан. Бүр хүндэт харуулын ангид хуваарилагдах болоод үсээ хусуулах гэтэл ээж орж ирээд “Би хүүгээ цэрэгт явуулахгүй, дуучин болгоно” гээд аваад гарсан. Хэрэв тэр үед ээж орж ирээгүй бол өдийд нэг цэргийн ангид л ажиллаж байх байлаа. Ээжийнхээ үгийг дагасандаа одоо талархдаг юм.

-Таны ах эгч нар сайхан дуулдаг уу?

-Манай ах нар бүгд над шиг басс хоолойтой. Их сайхан дуулдаг. Гэвч бүгд өөр мэргэжилтэй. Хэрэв урлагаар явсан бол нэг гэр бүлийн дөрвөн басс хоолойтон байх байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ГАНТУЛГА