1709-1924 ОНД ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ НАР ЯМАР УРАМШУУЛАЛ АВДАГ БАЙСАН БЭ?

0
44

Шүлэгч үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль удахгүй УИХ-аас батлагдан гарахаар одоогоор төслийн хэмжээнд, жирэмсэн эмэгтэй хүүхдээ төрүүлэх гэж байгаа мэт дуншиж байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг тус хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн Дэд ахлагчаар ажиллаж буй. П.Сайнзориг дарга “Шүгэл үлээгчийг хов зөөгч, матагч гэдэг өнцгөөс бус, хууль бус үйлдэл, нийгмийн алдаа дутагдлыг мэдээлэгч гэж харах ёстой” гэж олон нийтэд урьдчилан сурталчлаад шүгэл үлээгч нарт 100 мянгаас 1,5 тэрбум төгрөгиийн урамшуулал олгохоор тооцож байгаа гэдгээ ярилаа.

1709 онд Түшээт хан Дорж-Эрдэнэ нар тэргүүтэй төрийн том албан тушаалын 31 эрхмийн хэлэлцэж баталсан “Халх журам” хуульд шүгэл үлээгчийг урамшуулах заалт орсон байдаг.

Тухайн цаг дор хамжлага ардууд эзэн захирагчаас дур мэдэн зугтааж, орон нутгаасаа өөр тийшээ явах эрхгүй бөгөөд оргон зайлж хууль бус үйлдэл гаргавал тэднийг хаана явааг нь мэдээлсэн “шүгэл үлээгч” нар дор дурдсан шагнал урамшуулал хуулийн дагуу авдаг байжээ. Халх журам хуульд, хамжлага ард оргон босч явсныг Мэдээлсэн хүнд оргон зайлагчийн биед байгаа үнэ цэнтэй бүх эд зүйлийг хурааж авч өгч урамшуулан шагнана. Оргодол замдаа бусдын эд зүйлийг хулгайлсан бол хурааж авч хагасыг нь Мэдээлэгчид өгнө. Баригдаж гардуулсан оргодол этгээд эд зүйлгүй бол түүний эзэн захирагч өөрөө Мэдээлэгчийг бод малаар урамшуулна. Хэрвээ оргодол нь эрэгтэй хамжлага бол 5 бод, эмэгтэй бол 3 бод, насанд хүрээгүй хүүхэд бол 1 бодоор тооцож шагнал өгнө. Урамшууллын бод мал нь шүдлэнгээс дээш насны үхэр, эсвэл морь байна гэж тодорхойлжээ. Эзэн захирагчийг дагалдах хамжаа ард буюу хамжлагын тоог доор дурдсан байдлаар тогтоосон байдаг. Үүнд, засаг, чин ван нар тус бүр 50, бэйл 40, бэйс 35,.. тэргүүн зэрэг тайж 15, дэд зэрэг, гурав, дөрөвдүгээр зэргийн тайж 4-12,..хошууны занги 4, мээрэн 2 хамжлагийг хошууны ардуудаас сонгож авна заасан.

Засаг, чин ван, бэйл, бэйс нь угсаа залгамжилсан төрийн албан хаагч ноёд, харин тайж нар нь Чингис хааны алтан ургийнхан, хошууны занги, мээрэн нь томилогдсон албан тушаалтан юм. Хамжлага ард гэдгийг, биеийн хүчнийг нь үнэлүүлж ажил хийлгэхээр дээр дурдсан эрхмүүдэд “хувьчилж” өгсөн жирийн хүмүүс гэж хялбаршуулан ойлгож болно. Анхны Үндсэн хууль 1924.11.26-нд батлагдсанаар хамжлагат ёсыг халж эзэн захирагч, хамжлага ард ижил тэгш эрхтэй болсон билээ. Ийнхүү хамжлага ардууд Монгол газраа хаана ч очиж, дураараа явж сэлгүүцэх эрхтэй болсноор Халх журам хуулиар зохицуулагдсан, тэдний талаар мэдээлж шагнал урамшуулал авдаг “шүгэл үлээгч” нарын 215 жил үргэлжилсэн үйл ажиллагаа тасалбар болсон.