“ГОВЬ ШАНХЫН ИХЭНХ ДУУНЫ АЯЛГУУ УЛАМЖЛАГДАЖ ИРЭЭГҮЙ, СУДЛАГДАХУУН ХЭВЭЭР БАЙНА”

0
85

 

“Зууны мэдээ” сонин “Монгол ардын дуу” булангаараа  аман зохиолын нэг том өв болох ардын дууны талаар судлан сурвалжлан бичдэг билээ.  Энэ удаа Өмнөговь аймгийн уугуул, уртын дуучин Отгонбямбын  Оюун-Эрдэнийг урилаа. Тэрбээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр  ажиллахын зэрэгцээ  соёл урлагийн салбарт ардын урлаг, уртын дууг өвлөн үлдэх, олон нийтэд сурталчлахад  бие даан амжилттай ажиллаж байгаа  юм.

-Өмнөговьчуудын  “Говь шанхын  аялгуу”  уртын дууны  ямар ай савд багтдаг вэ. Хэр судлагдсан бэ? 
-Юуны өмнө урьж оролцуулж байгаа танд болон танай хамт олонд талархал илэрхийлье. Түүх уламжлалыг нь  сөхөж үзвэл Өмнөговийн зүүн талын сумд хуучнаар Түшээт хан аймагт, баруун талынх нь Сайн ноён хан аймгийн Ёст бэйсийн хошууд хамаардаг. Тиймээс дууны аялгуу нь ч  хоёр өөр чиглэлтэй. Миний төрсөн нутаг Өмнөговв аймгийн Баяндалай  сум Сайн ноён хан аймгийн Ёст бэйсийн хошуунд харьяалагддаг. Энэ хошуунд одоогийн Хүрмэн, Гурвантэс, Ноён Сэврэй, Булган, Мандал-Овоо сум  хамаардаг. Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн урд хэсэгтэй хиллэдэг учраас төв  халх чиглэлийн аялгуу зонхилдог гэж судлаачид үздэг. Зүүн талын Цогтцэций, Манлай, Цогт-Овоо, Ханбогд, Баян-Овоо, Номгон сумд газар нутгийн хувьд  Түшээт ханы  Сүндэв гүний хошуунд  харъяалагдаж байсан.  Дундговь, Дорноговь аймагтай хиллэдэг учраас боржигон  талын аялгуутай хосолсон нутгийн аялгуутай гэж судлаачид саяхнаас судалж  гаргаж ирж байна. Зүүн аймгийн аялгуунууд  дуунууд болон  аялгуу, баруун нутгийн аялгуу  эрт судлагдаж хүмүүс тодорхой хэмжээнд мэддэг болчихсон байхад манай нутагт  дөнгөж эхлэл төдий байгаа нь  олон хүчин зүйлтэй  хамааралтай. Сүүлийн үед уул уурхай хөгжиж байгаатай холбогдуулан соёлын өвийг хамгаалах үүднээс зарим судалгаа эхэлсэн бол 2000 оноос нутгийн зарим хүн  судалж эхэлсэн байдаг. Миний хувьд 2008 оноос, тэр үед “Говь шанхын уртын дууны улсын уралдаан”  болоход  тэдгээр дууг дуулж сурахын  зэрэгцээ   судлах болсон. Одоо  “Говь шанхын аялгуутай уртын дуунууд” сэдвээр СУИС-ийн уртын дууны морин хуурын багш магистр Соёлын тэргүүний ажилтан Б.Цогтбаатар, Үндэсний их театрын уртын дуучин, урлаг судлалын ухааны магистр судлаач, Соёлын тэргүүний ажилтан Х.Эрдэнэцэцэг болон миний багш СУИС-ийн хөгжим урлагийн сургуулийн тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын гавьяат жүжигчин УСУ-ны доктор профессор Ц.Чулуунцэцэг багштай хамтарсан манай  баг  тал  талаас нь судалж байна. Өмнөговьчуудын уламжлан авсан говь шанхын  аялгуу бүхий  дуу цөөн. Үндсэндээ “Говь шанхын гурван дуу” гэж ярьдаг  “Холч морь”, “Өндрийн өвс”, “Хурдан сайхан” гэсэн гурван  дууг дуулдаг. 2012 онд Баян-Овоо  сумын нутгаас олдсон гар бичмэлд (Говь нутгийн уртын дууны нэгэн гар бичмэл) мартагдсан 30 гаруй дуу  байдаг. Гэвч  тэдгээрээс  аялгуу тодорхойлогдсон нь  цөөн.

-Дууны аялгуу  ямар учраас өвлөгдөж ирээгүй юм бол? 
-Зарим судлаачийн дүгнэлтээс үзэхэд Өмнөговь аймаг эрт цагт олон сүм хийдтэй байсан нь түрэмгийлэл дайн байлдаан болон хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд устгалд  өртсөн.  Баяндалай суманд    Байшинтын, Зоорингийн, Овоотын гэсэн  10 гаруй том   хийд байснаас  зөвхөн  туурь нь  үлдсэн. Байшинтын хийдэд монгол цамыг урлагийн түвшинд гаргах анхны ёслол  үйлдэгдэж байсан түүхтэй гэж тэмдэглэгдсэн байдаг. Говь шанхын аялгуутай  дуунууд  төр, шашны агуулгатай, аялгуу нь лам нарын ном уншлагатай дөхүү учраас хэлмэгдүүлэлтийн үед устгагдаж,  үзэл суртлын “хайч”-нд өртөн  гээгдэж мартагдсан болов уу. Миний  2008 оноос эхлэн   судалсан  Байшинтын хийдийн Шаврон хэмээх  гэгээнтний хойд дүрийг тодруулан залах үед зохиосон “Сэнсгэр сайвар хээр” уртын дуу, ерөөл, магтаалууд  эх сурвалжид  тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Ганц дуу биш өргөн цар хүрээг  хамарсан  соёлын өв  учраас  цаашид далайцтай судалгаа хийх нь илүү  үр дүнтэй гэж боддог. Миний хувьд төрж өссөн нутгийнхаа мартагдсан дуунуудыг сэргээн дуулахын зэрэгцээ хойч үед өвлүүлэн үлдээх зорилгоор үүх түүхийг  нь  судалж байна. 2014 онд  говь шанхын аялгуутай уртын дууны цомог гаргаж, нутагтаа бяцхан тоглолт хийхэд  миний багш гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг дэмжиж хамт явсан. Зарим сум  зүүн  аймгуудтай ойр учраас  соёлын нөлөө их байсан. Тухайлбал,   манай аймгийн театрын   Доржпалам   гэдэг дуучны дуулснаар  МҮОНР-ийн алтан санд хадгалагдан үлдсэн,   бичмэл эх сурвалжид  үг нь байгаа  “Өндөр хаан” гэж дуу байдаг. Энэ дууг би  дуулж сураад зогсохгүй  сүүлийн үед түүхийг нь судалж байна. Аялгуу талаас нь задаргаа хийсэн сонирхолтой судалгааг судлаач ХЦДБЧ-ын уртын дуучин Соёлын тэргүүний ажилтан Ц.Туяацэцэг эгч маань өөрийн бүтээл номондоо оруулж байгаа. Агуулгын хувьд  энэ дуу шашин, төрийн  холбогдолтой.
“Зээ, Өндөр ханы өвөрт
Өндөр ноёныхоо буянд
Өнөр нь олон тантайгаа
Өнөд баяртайгаар жаргая гэж эхлээд
…Бурханы шажин дэлгэрээд
Эздийн төрийг батадтал
Бас ч нэмэн нэмэн дэлгэрээд
Богдын гэгээн өршөө” гэж төгсдөг, нийт  есөн түрлэгтэй.

-“Говь шанхын гурван дуу” гэж ярьж бичигддэг байгаад сүүлд “Морины гурван дуу” гэх болжээ. Аялгууны хэлбэр нь юугаараа онцлог, “ур хийц”-ийнх нь  өвөрмөц тал  юундаа байна? 
-Судлаачдын дүгнэж байгаагаар говь шанхын аялгуу нь боржигон болон  баянбараат аялгууг хооронд нь сүлж,  энэ хоёр аялгууны нийцэл дундаас  гарч ирсэн гэж одоогоор үзэж байгаа. Олон сүм хийдтэй, ном уншлагатай байсны нөлөөгөөр дууны аялгуу уужуу тайвуу. Зарим  нутагт олон жижиг уран шигшлэг, ноёдын найр наадамд дуулагддаг боржигон дууны  хөг орсон байдаг. Цаашид говь шанхын аялгууг илүү нарийн судлах шаардлагатай. Гүн гүнзгий судалгаа, тайлдбарууд гарах байх. Дууны  агуулгын хувьд  шашин, төрийн холбогдолтой. Дууны эхэнд “Ламч гурван эрдэнэ дээд, Их Богд эзэн мину зээ” гэж эхэлдгийг эртний олон эх сурвалжаас хайсны дүнд  олж авсан. Хожим энэ үгсийг авч хаяад хурдан морины тухай үг, аялгуугаар  дуулж ирсэн юм байна лээ. Үндсэн гурван аялгуутай, түүнээс Зууны манлай, алдарт дуучин  гавьяат жүжигчин, нэрт судлаач Ж.Дорждагва гуайн дуулсан нь илүү төв халх руугаа аялагддаг. Баруун аймгийн аялгуугаар бас дуулдаг. 2000 оноос хойш манай нутгийнхан  говь шанхын аялгуугаар нь  сэргээн дуулж ирсэн. Гурван аялгуу хоорондоо адилгүй. Говь шанхын аялгуугаар дуулах нь царааны хувьд багахан атлаа  далайцтай, үг нь шашин, төрийн агуулгатай. “Хурдан сайхан” гэдэг дууны аялгуу төв халхын аялуутай ойролцоо, улсын хэмжээнд өргөн дэлгэр дуулагддаг. Боржигон аялгууны хөнгөн шигшлэг, хэлбэрүүд орсноороо онцлог. “Өндрийн өвс” дуу мөн морьтой холбоотой. “Говь шанхын гурван дуу” нь морь бариа руу очиход, зурхайгаас эргэхэд, барианд ороход дуулагддаг. Уралдаж байгаа морь хурдан,  унаж яваа хүүхэд нь  осол эндэлгүй эрүүл байж зурхайдаа орж ирж олон түмнээ баясгахыг бэлгэдэж дуулдаг гэлцдэг. Гурвууланг нь  СУИС-ийн мартагдсан дууны өвийн санд оруулсан. Мөн МҮОНР-ийн өвийн санд бичүүлсэн. МУСТА Х.Эрдэнэцэцэг, Өмнөговь аймгийн театрын уртын дуучин МУСТА О.Хосбаяр  нар  дуулж соёлын өвийн санд оруулсан байдаг. Мөн СУИС болон Монгол Улсын консерваторийн дууны урлагийн санд оруулж  оюутнуудад зааж байгаа. Давхар номд хэвлүүлсэн. Бид гурав нэг багшийн шавь. Тийм болохоор хийж бүтээж байгаа бүхэнд маань  гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг багшийн   сэтгэл, зүтгэл их байдаг. Багшдаа талархаж гүн хүндэтгэж явдагаа илэрхийлье.

-Та уртын дуу дуулж  сурсан арга барилаасаа  манай уншигчидтай хуваалцана уу? 
-Би таван настайгаасаа уртын дуу дуулсан. Анх Өмнөговь аймгийн Булган сумын цэцэрлэгт дуу хөгжмийн багш Гансүх багш надад баян хөгжимд “Үлэмжийн чанар дууг” зааж, уралдаанд оруулж IV байр эзэлсэн байдаг. Дараа айлын маань хөрш байсан Айнай ах маань “Өнчин цагаан ботго” мөн Бямбаа гээд эгч “Цомбон туурайтай хүрэн” дууг заасан. Тэгээд Төв аймгийн Баянчандмань суманд ирээд Соёлын тэргүүний ажилтан Р.Болдбаатар, н.Дашзэвэг гээд дуу хөгжмийн багш нар минь бас л баян хөгжим, төгөлдөр хуур дээр уртын дууныхаа аялгууг номны нот харж тоглож өгөөд “Хулст нуур” дууг сурч байлаа. Аав, ээж маань хотоос надад уртын дууны  СД, хөгжим авч өгнө, тэмцээн уралдааны хувцсыг өөрөө оёж өгнө гээд дуу сурахад үргэлж дэмжиж тусалсаар өдийг хүрсэн дээ үүгээрээ ч би их азтай үнэхээр сайхан аав ээжтэйдээ дандаа л ачийг нь хариулчихсан гэж хичээдэг.
2004 оноос СУИС-д гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэгийн удирдлагад эчнээгээр сурч байгаа гарын шавь нарын нэг. Багш минь үргэлж дэмжиж урам хайрладаг. Хүүхэд байхаас  дууны уралдаан тэмцээнд орж өөрийгөө сорьж ирсэн. Х ангид байхдаа “Яргуй”  наадамд түрүүлж Азийн хүүхдийн наадамд оролцсон бол уртын дууны улсын уралдаанд анх удаа алдарт дуучин, гавьяат жүжигчин С.Дамчаагийн нэрэмжит  улсын уралдааны Б ангилалд түрүүлснээр их урам авсан. 2007 онд Өвөрмонголд болсон  олон улсын уралдаанд дэд байр эзэлж, 2012 онд Дундговь аймгийн Их газрын чулуунд байрлах Задгай театрт зохиосон Монгол туургатны олон улсын наадамд түрүүлэн  Зууны манлай, нэрт дуучин гавьяат жүжигчин Ж.Дорждагвын нэрэмжит шагналын эзэн болж, 2016 онд Зууны манлай уртын дуучин, хөдөлмөрийн баатар, АЖ Н.Норовбанзадын нэрэмжит уралдаанд дэд байрт орж байлаа. Дөрвөн жилд нэг удаа болдог уртын дууны олон улсын уралдаанд байнга оролцож ирсэн. Сүүлийн хоёр жил цар тахлаас болж уралдаан тэмцээн зохиосонгүй. Миний хувьд эрүүл мэндийн салбарт ажилладаг учир уран бүтээлд гаргах  цаг зав хомс болсон.

-Та удам дамжсан дуучин уу удмынхаа тухай тодруулахгүй юу. Уртын дуучин төрдөг гэлцэх юм билээ? 
-Манай аав ээжийн талд  өндөр өвгүүд  сайхан дуулдаг  хүмүүс байсан гэнэ лээ. Манай дээдсүүд одоогоос 100-140 жилийн өмнө авга элэнц өвөө Гомбо, авга өвөө Ч.Лувсан гээд өвгөд маань Баяндалай сумын Байшинтын хийдийн унзад  лам нар байсан. Гүр аялгуугаар шашны номоо дууддаг, уншлага  сайтай  явсан  тухай  нутгийн буурлууд, удмын настангуудын хууч мөн түүх сурвалжуудад тэмдэглэсэн  байдаг (Монголын сүм хийдийн судалгаа, 2009 он, Өмнөговь аймгийн сүм хийдийн судалгаа, 2021 он зэрэг бүтээлүүд). Аавын талынхан бүгд дуулдаг. Ээжийн талд ардын авьяастан, Соёлын тэргүүний ажилтан, “Ган хоолой”  Сумъяа гэж  өдгөө нас сүүдэр 80 хол гарч яваа дуучин бий. Ээжийн маань авга ах Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Загдсүрэн гэж  Өмнөговь аймгийн ХЖТ-ын хөгжмийн багшаар ажиллаж байгаад гавьяаны амралтдаа байгаа. Авга дүү маань БНСУ-д дуурийн дуучнаар  магистрт суралцдаг, удахгүй  төгсөнө. Дуучин хүний хоолой удамшдаг гэдэг,  хойшид  олон сайн дуучин төрөх байх. Одоогоор би төв халх болон говь шанхын аялгуугаар дуулж байна. Бусад аялгууг өөрийн болгож дуулахад хөдөлмөр их шаардана, дээр нь  судалгаа хийх шаардлагатай гэж боддог өөрийн дуулж чадах хүртлээ л дуулж суралцана даа.

-Өв соёлоо судлах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд Өмнөговь аймаг хэр санаачилга гаргаж байна вэ. Уул уурхайн том компаниуд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд  хэр дэмждэг юм бол? 
-Уртын дуучид бид өөрсдөө анхаарал хандуулж, нутаг орны зүгээс дэмжлэг авахын тулд асуудлынхаа  ач холбогдлыг эрэмбэлж зөв шийдвэрлүүлэх хэрэгтэй байдаг. Энэ үүднээс 2018 оноос “Говь шанхын уртын дууны уралдаан”-ыг хоёр жил дараалан зохион байгуулсан. Үүний дүнд хүүхэд залуус уртын дуугаа сурч эхэлсэн. Дууг судлах өөр, судлаад  нутаг орондоо түгээн дэлгэрүүлэх бас өөр. Төрөөс дэмжиж оролцох нь мөн өөр байдаг. Өмнөговь аймгийн иргэдийн хурал, Соёл урлагийн газар тодорхой ажлыг хийж байгаа. Цаашид үйл ажиллагааны залгамж холбоог тасалдуулахгүй үргэлжлүүлэх нь зарим талдаа орхигдоод  байх шиг санагддаг. “Энержи ресурс”  компани том хувь нэмэр оруулж, “Говь шанхын уртын дууны уралдаан”-ыг ивээн тэтгэж, ном бүтээл гаргахад дэмжиж хамтарч мөн түгээн дэлгэрүүлэхэд “Ажнай”, орон нутгийн “Таван толгой” компаниуд ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байсан. Цаашид бидний судалгааны багтай өргөн хүрээнд хамтран ажиллана байхаа гэдэгт найдаж байгаа. Мөн ӨХЖТ-ын ахмад уран бүтээлч гавьяат жүжигчин  Д.Батжаргал “Сэнсгэр сайвар хээр” уртын дууг морин хуурын сургалтад оруулаад аймгийн хүүхдүүдэд сургаад явж байгаа. Өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хүн бүхний оролцоо чухал. Өмнөговьчууд  өв соёлынхоо судлагдахуунд  цаашид ч их ач холбогдол өгч судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах нь  хүүхэд залуустаа өвлүүлж үлдээх  төдийгүй, өөрсдийгөө таньж мэдэх, Монгол Улсын биет болон биет бус соёлын  өвийн судалгаанд их хувь нэмэр оруулах болно. Энэ ажил хэрэгжээд явна гэдэгт итгэлтэй байна. Дөнгөж судалж эхэлж байгаа залуу судлаач бидний хувьд дорвитой том судалгааны ажил эхлүүлэхэд төсөв мөнгө шаардагддаг дэмжлэг хэрэгтэй байдаг. Дуулах, дүрсжүүлэх, урлаг судлаачдад хүргэж нээлттэй байлгаж судалгааны эргэлтэд оруулах гээд олон ажил байдаг.  Гэхдээ хүн өөрөө зорьж байгаа бол нэг дууг  ч гэсэн сэргээж бүтээл болгох боломжтой. Миний хувьд одоогоор дөрвөн дуугаа дүрсжүүлсэн. Удахгүй “Сэнсгэр  сайвар хээр” дууны түүх, судалгааг гаргасан бүтээл гаргана. Соёлын судалгааг зөв гаргаж ирэхэд анхаарах ёстой байдаг. Уртын дуучин, уран бүтээл хийж байгаа хүний хувьд судлах нь үүрэг, хариуцлага гэж хүлээн авч үүний төлөө шантрахгүйг хичээж байгаа.  Урлаг судлалын чиглэлээр суралцах зүйл ч их байна дөнгөж л эхэлж байгаа миний хувьд.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.10.15 БААСАН № 203 (6680)

  Ч.ҮЛ-ОЛДОХ