ФИНАЛД ХОЖИГДСОН “МАН СИТИ” БАГ ДААГАА НЭХЭЖ “ЧЕЛСИ”-Г 1:0-ЭЭР ХОЖИВ

0
99

Европын хөлбөмбөгийн клубүүдийн дунд жил бүр зохиогддог Аваргуудын лигийн тэмцээний шигшээ тоглолтод /финал/ өрсөлдсөн хоёр багийг тухайн цаг үе үеийн хамгийн шилдэг багууд гэж хөлбөмбөгийн ертөнцөд хүлээн зөвшөөрдөг. Мэдээж хэрэг, Аваргуудын лигийн цом өргөсөн нь нэгдүгээрт, хожигдсон баг хоёрдугаарт бичигддэг. 2020/2021 оны хөлбөмбөгийн улиралд Английн хоёр баг тус лигийн финалд шалгарсан бөгөөд өнгөрсөн хавар V.29-нд аваргын төлөө тоглож “Челси” нутаг нэгт “Манчестэр Сити” багийг 1:0-ээр буулган түрүүлж Цом өргөсөн. Онцлон хэлэхэд, Цом өргөсөн багийн тоглогчид цамцан дээрээ Аваргуудын лигт түрүүлснийг илэрхийлсний бэлгэ тэмдэг дөрвөлжин туузтайгаар дараагийн финал хүртэлх хугацаанд талбайд гарах эрхтэй байдаг.

Английн хөлбөмбөгийн АШТ – Премьер лигийн VI тойргийн тоглолтууд амралтын өдрүүдэд болж байна. Бямба гарагт Лондон хотноо “Челси” баг өөрийн талбайдаа “Манчестэр Сити”-г хүлээн авч тоглон 0:1-ээр хожигдлоо. Хожлын гоолыг “Манчестэр Сити” багийн довтлогч Жезус тоглолтын 53 дахь минутад оруулав.

Ийнхүү энэ жилийн Европын хамгийн шилдгүүд болох хоёр баг Аваргуудын лигийн финалаас хойш 119 хоногийн дараа дахин зүлэг ногоон талбайд таарч тоглон “Манчестэр Сити” баг “Челси”-гээс даагаа нэхэж өрсөлдөгчөө хожлоо.