ХҮСЭЛТЭЭРЭЭ ЧӨЛӨӨЛӨГДСӨН ГИШҮҮНИЙ ОРОНД ТӨРИЙН ТҮШЭЭГ СОНГОХ АНХНЫ НӨХӨН СОНГУУЛЬ

0
40

УИХ-ын ээлжит сонгууль 1992 оноос эхлэн нийт 8 удаа болсон. Харин УИХ-ын нөхөн сонгууль 10 удаа болсон.  УИХ-ын гишүүнээр ажиллаж байх бүрэн эрхийнхээ хугацаанд Ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын орны Төрийн түшээ парламентын гишүүнийг тодруулах Нөхөн сонгууль гурван удаа 1997,  2005, 2009 онд болжээ.

Харин УИХ-ын бүрэн эрхийнхээ хугацаанд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн эрхэм гишүүн С.Гончиг, М.Чимидцэрэн, С.Зориг, Ш.Отгонбилэг, Л.Энэбиш, М.Зэнээ, О.Энхсайхан нарын орны Төрийн түшээ парламентын гишүүнийг тодруулах Нөхөн сонгууль 1998 онд 3,  2001 онд 1, 2002 онд 2, 2006 онд 1, нийт долоон удаа болсон. Талийгаач эрхэм гишүүдийн оронд Төв аймгаас Ц.Өөлд, Дархан-Уул аймгаас Д.Цэвээнжав, Дорнодоос С.Оюун, Завханаас Д.Туяа, Булганаас Б.Өвгөнхүү, Төв аймгаас Су.Батболд, Хөвсгөлөөс Ө.Энхтүвшин нар Нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Энэ удаагийн Сонгинохайрхан дүүрэг, УИХ-ын 28-р тойрогт болох Нөхөн сонгууль нь талийгаач гишүүний оронд  Төрийн түшээг тодруулах бус, өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс татгалзсан улстөрчийн орны эрхэм гишүүнийг сонгох санал хураалт болохоороо онцлог, манай парламентын түүхэнд анхных юм.

Тус тойрогт 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр Н.Учрал, П.Анужин нарын хамт сонгогдсон Д.Сумъяабазар нь  өөрийг нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох гэж байгаатай холбогдуулан гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлтийг 2020 оны 10-р сарын 23-нд УИХ-д өргөн барьсан. Тухайн өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн олонхын саналаар түүний хүсэлтийг ёсоор болгож парламентын гишүүнээс чөлөөлсөн юм.

УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх Нэр дэвшигчийн үнэмлэхээ СЕХ-оос гардан авч 21 хоногийн сурталчилгаагаа эхлүүлээд буй эрхмүүд:

  1. Монгол Ардын нам – Э.Батшугар (экс Ерөнхийлөгчийн хүү)
  2. Ардчилсан нам – Э.Бат-Үүл (улсын баатар)
  3. Иргэний зориг ногоон нам – Ш.Гантулга (ТВ-9 телевизийн экс тоймч)
  4. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам – Ш.Төмөрсүх (намынх нь дарга)
  5. “Зөв хүн электорат” эвсэл – Б.Найдалаа (ХҮН-ын экс дарга)
  6. Үнэн ба зөв нам – А.Отгонбаатар (намынх нь дарга)
  7. Дэлхийн монголчууд нам – Логийн Цог (УИХ-ын гишүүн асан)
  8. Ард түмний олонхийн засаглал нам – А.Батдорж
  9. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам – Цэндсүрэнгийн Гантулга
  10. Бие даан нэр дэвшүүлэгч Х.Бат-Ялалт нар.

Энд онцлоход, Хэнтийн УИХ-ын 18-р тойргийн Нөхөн сонгууль нь шинээр Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүхийн орны гишүүнийг, Сонгинохайрханы 28-р тойргийн Нөхөн сонгууль нь шинээр Нийслэлийн Засаг дарга болсон Д.Сумъяабазарын орны гишүүнийг тус тус сонгох үйл ажиллагаа юм.