Н.БАГАБАНДИЙН ОРОНД Н.ЭНХБАЯР, Н.ЭНХБАЯРЫН ОРОНД М.ЭНХБОЛД, Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ОРОНД Д.ЗОРИГТ, ХАРИН ОДОО?

0
42

УИХ-ын нөхөн сонгуулийн 18-р тойрогт Хэнтий аймагт нэр дэвшсэн 6 эрхэм СЕХ-ноос Нэр дэвшигчийн үнэмлэхээ IX.18-нд гардан авлаа. Улмаар X.8-ны орой шөнийн 00.00 цаг хүртэл 21 хоног үргэлжлэх Сонгуулийн сурталчилгаагаа энэ өдрөөс шууд эхэллээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Нөхөн сонгууль” гэж Улсын Их Хурлын гишүүний орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг ойлгоно” гэж заасан. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 18-р тойргоос гишүүнээр сонгогдсон У.Хүрэлсүх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулж Төрийн тэргүүн болсон учраас түүний “орон гарсан суудлыг нөхөх” сонгуулийн санал хураалт Хэнтий аймагт X.10-ны ням гарагт болно. УИХ-ын гишүүн улстөрч Ерөнхийлөгчөөр сонгогдож түүний “орон гарсан суудлыг нөхөх” Нөхөн сонгууль манай парламентын түүхэнд урьд 3 удаа болсон.

  • 1997 он. Н.Энхбаяр Завхан аймагт УИХ-ын 21-р тойргоос шинэ Ерөнхийлөгч Н.Багабандийн оронд,
  • 2005 он. Миеэгийн Энхболд Баянгол дүүрэгт 65-р тойргоос шинэ Ерөнхийлөгч Н.Энхбаярын оронд,
  • Д.Зоригт Чингэлтэй дүүрэгт 24-р тойргоос шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оронд УИХ-ын гишүүнээр сонгогдож байв.

Энэ удаагийн Нөхөн сонгуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон гарсан сул суудлын төлөө горилон нэр дэвшигчид:

  1. Монгол Ардын нам – Ц.Идэрбат (аймгийн Засаг дарга)
  2. Ардчилсан нам – Б.Гарамгайбаатар (УИХ-ын гишүүн асан)
  3. Ард түмний олонхийн засаглал нам – Д.Чулуунбат
  4. Бие даагч – М.Баасанжаргал (цахим сүлжээн дэх нэр нь М.Чингисхаан).
  1. Иргэний зориг ногоон намаас А.Бархүү
  2. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Д.Баатаржав (паралимпын аварга).

Дашрамд онцлоход, Ерөнхийлөгчийн оронд хэн гэдэг улстөрч сонгогдохыг шийдсэн гурван удаагийн Нөхөн сонгуульд одоогийн эрх баригч МАН-аас нэр дэвшигч бүгдэд нь ялалт байгуулж парламентын гишүүн болж байсан. Хэнтий аймгийн сонгогчдын дийлэнх олонх Төрийн тэргүүний орон гарсан сул суудлын төлөөх Нөхөн сонгуулиар МАН-ын нэр дэвшигч Ц.Идэрбатын төлөө саналаа өгнө, тэрбээр ялалт байгуулах магадлал өндөр байна гэсэн сурталчилгааны “бор шувуу” өчигдөр өглөө үүрнээсээ нислээ.