РОНАЛДУТАЙ “МАНЧЕСТЭР ЮНАЙТЕД” ХОЖИГДОЖ, МЕССИТЭЙ “ПСЖ” ТЭНЦЭВ

0
55

Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн шигшмэл 32 багийн Хэсгийн 1 дүгээр тойргийн тоглолтууд манайхаар мягмар, лхагва гаргийн шөнө боллоо. Багууд найман хэсэгт хуваагдан дөрөв дөрвөөрөө өрсөлдөж байгаа. Өөр хоорондоо тус бүр хоёр, нийт зургаан тойрог тоглоно. Хэсэг тус бүрээс эхний нэг, хоёрдугаар байр эзэлсэн нийт 16 баг хасагдах шатны плей-оффод шалгарна.

Нэгдүгээр тойргийн 16 тоглолтоос бүхний анхаарлыг Янг Бойз (Швейцар) – Манчестер Юнайтед (Англи), Брюгге (Бельги) – ПСЖ (Франц) багийнх хамгийн их татаж байв. Өнөө цагийн дэлхийн шилдэг хоёр хөлбөмбөгчин- Роналду энэ зуны солилцоо наймааны “цонхоор” Италаас Английн МЮ багт, Месси Испанийн Барселонагаас Францын ПСЖ багт шилжиж ирсэн бөгөөд Аваргуудын лигт шинэ багийнхаа өмсгөлтэй анхлан талбайд гарч /дебют/ байгаад гол учир нь байсан.

Брюгге (Бельги) – ПСЖ (Франц) тоглолт 1:1-ээр  өндөрлөсөн бөгөөд тоглолтын 15 дахь минутад хагас хамгаалагч Эррера гоолдож 0:1,  хариу гоолыг Бельгийн багийн ахлагч Ванакен 26 дахь минутад хийж 1:1-ээр тэнцүүлсэн. ПСЖ багийн довтолгооны зүүн жигүүрт Мессиг, баруун жигүүрийн довтлогчоор Неймарыг, төвд Мбаппег гаргасан нь тоглолт эхлэхэд хэн ч харсан сүрдмээр байв. Гэвч Брюггегийн тоглогчид нэг цул болон багийн тоглолт үзүүлж сайтар хамгаалж чадлаа. Хоёрдугаар үед тоглолтын 51 дэх минутад Мбаппе гэмтэж талбайг орхиж, оронд нь тус клубт ирснээс хойш сайн гэдгээ батлан харуулж чадаагүй яваа Икард солилцоогоор талбайд орж ирсэн нь ПСЖ баг нэмж хожлын гоол хийх найдварыг үгүй хийсэн. Месси Аваргуудын лигт ПСЖ-ий өмсгөлтэй анхны тоглолтоо хийлээ. Хөлбөмбөгийн гайхамшгийг харуулж чадсангүй. Шалтгааныг шинэ багийнхантайгаа одоогоор “хөл нийлээгүй” байгаа гэдгээр тайлбарлаж болох байх. Месситэй ПСЖ баг Аваргуудын лигийн Хэсгийн 2 дугаар тойрогт Англид зочлон тус улсын аварга Манчестэр Сититэй IX.28-нд тоглох хуваарьтай.

Янг Бойз (Швейцар) – Манчестер Юнайтед (Англи) тоглолт 2:1-ээр өндөрлөсөн бөгөөд Роналду тоглолтын 13 дахь минутад хагас хамгаалагч Фернандешийн дамжуулалтаар гоолдож багтаа 1:0 гэсэн тэргүүллийг авчирсан. 2003-2009 онд тус багт тоглож байгаад Испанийн Реал М, Италын Ювентус, хоёр багт 12 жил өнгөрөөгөөд буцаж ирсэн 36-тай Роналду ийнхүү Аваргуудын лигт МЮ-ийн өмсгөлтэй дебют тоглолтоо гоол оруулж тэмдэглэсэн. Английн Премьер лигийн хүснэгтийг дөрвөн тойргийн дараа тэргүүлж байгаа МЮ-ийн хамгаалагч Ван-Биссако бүдүүлэг алдаа гарган шүүгчээс “улаан хуудас” авч тоглолтын 35 дахь минутад хөөгдсөнөөр баг нь талбайд өрсөлдөгчөөсөө нэг тоглогчоор дутуу арвуулаа үлдсэн. Нэгдүгээр үеийн 15, хоёрдугаар үеийн 45 минут Швейцарын багийн давамгайлал, Английн багийнхны шүүгчээс төгсгөлийн шүгэл үлээхийг хүлээсэн тоглолтын дүр төрхийн дор явагдсан. Нэг тоглогчийн давуу талаа түлхүүр болгосон Бельгийн багаас хагас хамгаалагч Нгамале тоглолтын 66 дахь минутад тэнцээний /1:1/ гоол, довтлогч Сибачо шүүгчийн мэдлийн 90+5 минутад хожлын гоол хийж 2:1-ээр Роналдутай МЮ-г буулган авлаа. Роналдутай МЮ баг Аваргуудын лигийн Хэсгийн 2 дугаар тойрогт Евролигийн аварга Вильерреалыг өөрийн “Мөрөөдлийн театр” /Олд Траффорд/ цэнгэлдэхдээ IX.29-нд хүлээн авна. Аваргуудын лигийн Хэсгийн 1 дүгээр тойргийн 16 тоглолтыг дүнг танилцуулъя.