ХӨЛӨӨРӨӨ ДЭВДЭГ СҮМО БӨХИЙН АКИ БАШЁ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

0
95

Мэргэжлийн сүмо бөхийн намрын Аки башё өчигдөр /IX.12/ эхэлсэн. Японы нийслэл Токио хотноо 15 мянган суудалтай  “Рёогокү Кокүгикан” ордонд шинээр ёкозүна цол хүртсэн Японы иргэн, монгол залуу Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй бөхчүүд өнөөдөр хоёрдугаар тойрогт барилдлаа. Аки башёг ковид-19-ийн халдвар авсан Мияагино дэвжээнийхэн цар тахлын үеийн журмын дагуу бусдад халдвар тараахгүйн тулд өнжих болсон. Эдгээрт тус дэвжээний манлай бөх Япон улсын иргэн, монгол залуу Хакүхо М.Даваажаргал ёкозүна хамрагджээ. Мөн мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна, Япон улсын иргэн, монгол залуу Какүрюү Ананд өнгөрсөн хавар 3-р сард зодог тайлсан тул барилдахгүй. Намрын башё 15 тойргийн дараа наймдугаар сарын 26-нд өндөрлөнө. Сүмочид өдөр бүр нэг, нийт 15 удаа барилдах хуваарьтай.

Аки башёгийн дээд макүүчи зиндаад иргэншлээ солиулсан Г.Ган-Эрдэнээс /унаагүй, хоёр даваатай/ гадна МУ-ын иргэн харьяат, монгол залуучууд барилдаж байна.

  • Ичиножо А.Ичинноров. Архангайн Батцэнгэл сумын харьяат, улсын харцага Н.Алтансүхийн садан төрөл. /2 унасан/
  • Хоошёорюү С.Бямбасүрэн. Д.Сумъяабазар аварга, Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү. /1 даваа, 1 унаатай/
  • Чиёошома Г.Мөнхсайхан. Өвөрхангайн Баян-Өндөр сумын харьяат, улсын арслан Б.Ганбаатарын хүү. /2 унаатай/
  • Тамаваши Б.Мөнх-Оргил. /2 даваатай/
  • Кирибаяама Б.Лхагвасүрэн. /2 даваатай/
  • Миторюү Б.Төрболд. /2 даваатай/ нар. “Монгол бөх гараараа дэвдэг, сүмогийн бөх  хөлөөрөө дэвдэг. Монгол бөх боорцог цацдаг, сүмогийн бөх давс цацдаг”. Дархан аварга Х.Баянмөнх Монгол, Японы үндэсний бөхийн онцлогийг ингэж тодорхойлсон билээ.