РОНАЛДУ “МӨРӨӨДЛИЙН ТЕАТР”-Д ЭРГЭЖ ИРСНЭЭ 2 ГООЛ ХИЙЖ ТЭМДЭГЛЭЛЭЭ

0
37

 Английн хөлбөмбөгийн 2021-2022 оны улирлын АШТ – премьер лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдэд болж байна. Бямба гарагт Манчестэр Юнайтед баг “Мөрөөдлийн театр” /Олд Траффорд/ цэнгэлдэхдээ Ньюкаслыг хүлээн авч тоглон 4:1-ээр ялалт байгууллаа. Хожлын гурван оноо, гурван гоолын зөрүү амжилт нь тус багт дөрвөн  тойргийн дараа хүснэгтийн тэргүүллийг /10 оноо, гоол 11-3/ авчирсан нь онцлог байв. Онооны хүснэгтэд МЮ-ийн дараах 2, 3, 4, 5 дахь байрт Челси 10, Ман Сити 9, Брайтон 9, Тоттенхэм 9 оноогоор бичигдэж байна. МЮ-Ньюкаслын тоглолтын үеэр хөлбөмбөгийн түүхэнд тэмдэглэгдэх бас нэг онцгой үйл явдал болов. 21-р зууны ширэн бөмбөгийн амьд домог Роналду 18 жил 28 хоногийн өмнө буюу 2003 оны 8-р сарын 16-нд хамгийн анх “МЮ”-гийн өмсгөлтэй талбайд гарч байсан. Харин энэ удаад хоёрдахиа МЮ-гийн өмсгөлтэй анхлан талбайд гарч тоглолтын 45, 62 дахь минутад Ньюкаслын хаалганд гоолдлоо.

Роналду нь 2003-2009 онд МЮ багт тоглож байгаад 2009 оны зун Испанийн алдарт Реал М баг руу, дараа нь тэндээс Италын Ювентус клубт шилжиж 2021 оны хавар хүртэлх хугацаанд тоглосон. Энэ зуны хөлбөмбөгийн солилцоо наймааны “цонхоор” тэрбээр хөлбөмбөгийн од болох замналаа тавьсан Английн МЮ клубтээ эргэн ирсэн. Тэрбээр өчигдөр буцаж ирснээсээ хойш анхныхаа тоглолтод оролцож, эргэн ирэлтээ хоёр гоолын амжилтаар тэмдэглэж хөгжөөн дэмжигчдэдээ баярлуулав.

Өдгөө 36 настай Роналду урьд нь МЮ-д 196 удаа тоглож, тус багийн төлөө 84 гоол оруулсан амжилтын үзүүлэлтээ өчигдөр 197 тоглолт, 86 гоол болгож ахиуллаа.