КОВИДТОЙ АНГЛИД ХӨЛБӨМБӨГИЙН АШТ ҮЗЭГЧТЭЙ, БАС СЕНСААЦТАЙ ЭХЭЛЛЭЭ

0
66

Манай спортын SPS зурагтын суваг үзэгчдэд тоглолтуудыг нь шууд дамжуулан хүргэдэг Английн хөлбөмбөгийн АШТ- Премьер лиг өчигдөр /VIII.13/  эхэллээ. Нэгдүгээр тойргийн эхний тоглолтод доод лигээс дэвшин орж ирсэн Брентфорд баг талбайдаа “Брентфорд Коммвюнити” цэнгэлдэхэд бүх суудлыг дүүргэн хүрэлцэн ирсэн 17250 хөгжөөн дэмжигч үзэгчийнхээ өмнө Арсеналыг 2:0-ээр буулган авч шуугиан тарилаа. Эхний гоолыг тоглолтын 22 дахь минутад хийсэн Брентфордын довтлогч Канос Премьер лигийн шинэ улирлын анхны гоолын эзэн болов. Тус баг нь Английн дээд лигт 1947 оноос хойш 74 жилийн дараа эргэн ирж тоглож байгаа нь энэ юм.

Премьер лигийн нэгдүгээр тойргийн бусад, Тоттенхэм- Ман Сити гэх мэт есөн тоглолт VIII.14-ний ням,  VIII.15-ны даваа гарагт болно. Нийт 20 баг хоорондоо тус бүр хоёр, өөрийн талбайдаа, зочлон 38 тойрог тоглож Аваргаа тодруулдаг Премьер лиг ийнхүү эхэллээ. Ковидтой Их Британийн Засгийн газар ирэх 2022 оны V.22-нд өндөрлөх тус лигийн тоглолтуудыг үзэгчтэйгээр явуулахаар шийдвэрлэсэн юм.

Тус улсад өнгөрсөн хугацаанд Ковид-19-ийн халдвар авсан тохиолдол 6.18 сая хүнд илэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 1.3 сая өвчтөн эмчлүүлж байна. Дэлхийн улс орнуудаас хамгийн анхлан иргэдээ вакцинжуулах ажлыг эхлүүлсэн Их Британи нь 68.3 сая хүн амынхаа 47 саяд нь вакцин, үүнээс 40 саяд нь бүрэн вакцинжуулалтын хоёр тунг хийж амжжээ. Цар тахлын дэгдэлтийн тархалтаас болгоомжилж Английн хөлбөмбөгийн Премьер лиг болон бусад уралдаан тэмцээнд энэ намар хүртэлх хугацаанд үзэгч оруулахгүй байсан. Вакцинжуулалтын ажлын нааштай сайн үр дүнд Английн хөлбөмбөг дахин үзэгчтэйгээр явагдаж эхэллээ