ӨВЧТӨН ДАМНУУРГАН ДЭЭР ТАВИАД ГОЛ ГАТАЛЖ БУЙ ЗУРГИЙН ТҮҮХ

0
174

Олон нийтийн сүлжээнд дамнуурган дээр өвчтөнөө хэвтүүлэн үүрч дүүрэн гол гаталж буй зураг тархаж, анхаарал татаад байгаа. Тэрхүү зураг ямар үүх түүхтэй болох талаар хүн бүхэн сонирхож буй юм.

Тэгвэл уг үйл явдал Өвөрхангай аймагт болсон бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар жирэмсэн эх гэртээ амаржсан дуудлагаар явсан байжээ. Энэ тухай Өвөрхангай аймгийн Бүсийн эмчилгээ, оношилгооны төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Ж.Баярсайхан хэвлэлд ярихдаа “Бид Баруунбуян сумын эмнэлгээс алсын дуудлага авч, томоохон бүрэлдэхүүнтэй түргэн тусламжийн багийнхан аймгийн төвөөс гарсан. Дуудлагын дагуу  Баруунбуян сумаас хойш 50 километрт орших Нарийны гол дээр очиход гол үертэйн дээр захаараа шилбээр татсан шавартай учир машинтайгаа орж болохгүй байсан. Тиймээс бид 800 метр шавар гатлаад, давхар гол туулж айлдаа очсон юм. Бинийг очиход сумын эмнэлгийн бага эмч нар ирсэн байсан. Мөн эх амаржиж, хүүхдээ алдаад, эхэс нь гарахгүй, цус алдсан хүнд байдалтай байсан.

Гэрийнх нь тал нь усанд автаж, ширдгэн дээрээ хүүхдээ төрүүлсэн хагас суугаа байдалтай байсан юм. Бид амаржсан эхэд  анхан шатны тусламж үзүүлээд сумын эмнэлэг рүү авч явахаар болсон. Тухайн үед бороо орж байсан болохоор тус айлын орыг нь эвдэж дамнуурга хийгээд, нялх биетэй эхийг хөнжлөөр ороож, гялгар цаасаар бүрхээд авч гарсан юм. Бидэнд нутгийн хүмүүс тусалж, үертэй голоор дамжлан гаргасан. Ингээд түргэний машинд суулган сумын эмнэлэгт аваачиж, эхэсийн үлдэгдлийг цэвэрлэж, цусыг нь тогтоогоод эмчилгээ хийж, амийг нь аварч чадсан. Амаржсан эх хэд хоног эмчилгээ хийлгэж биеийн байдал нь сайжирч, эмнэлгээс гарсан” гэжээ.