МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ОЛИМПЫН НААДАМД АНХ УДАА

0
76

 Хүнтөрөлхтний спортын баяр зуны XXXII олимпод манай улсын шилдэг тамирчид 10 төрөлд оролцоно. Эдгээрээс ширээний теннисчид, 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн баг анх удаа оролцоно.

1926 онд байгуулагдсан, 226 гишүүнтэй Олон улсын ширээний теннисний холбоо (ITTF) энэ оны 3-р сард  “Токио 2020” олимпын эрх олгох тэмцээнийг Катар улсын Дохо хотод зохион явуулсан.  Манай шигшээ багийн тамирчин Энхбатын ЛХАГВАСҮРЭН, Батмөнхийн БОЛОР-ЭРДЭНЭ нар 50 гаруй орны шилдэг теннисчин оролцсон тус тэмцээний Зүүн Азийн хэсэгт амжилттай тоглож олимпын эрх авсан. Ширээний теннисчид 60 жилийн тэртээ 1961 онд анх дэлхийн АШТ-д оролцож байсан бол ийнхүү Олимпын наадамд анх удаа оролцохоор болсон.

Олон улсын хэмжээний мастер Э.ЛХАГВАСҮРЭНГ ширээний теннисний “амтанд оруулсан” эрхэм нь түүний аав Монгол телевиз, ТВ-9 телевизийн экс захирал, нэртэй сэтгүүлч Цэндийн Энхбат. Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар дэлхий дээр 260 сая хүн ширээний теннисний спортоор хичээллэж, 600 сая хүн сонирхогчийн түвшинд тоглож буй. Ц.Энхбат сэтгүүлч 1980, 1990 онд шигшээ багийн томчуудаас нэг парт салгах хэмжээнд дөмөг явсныг ширээний теннисчдийн ахмад үеийнхэн өнөөдөр ярьж байна. Ямар ч болов, энэ спортод элэгтэй явсны ачаар тэрбээр хүүгээ олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн тоглох тамирчин болох спортын замналд хөтөлсөн нь бахархууштай юм.

“Токио 2020”-г зорьж буй манай 40 гаруй тамирчнаас 18 настай, хамгийн залуу нь 3х3 сагсан бөмбөгийн О.Халиун, ширээнийн теннисний Б.БОЛОР- ЭРДЭНЭ нар. Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, ширээний теннисний сор болсон мэргэжилтэн С.Галбадрахын гарын унаган шавь, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн оюутан тэрбээр найман настайгаасаа эхлэн арав дахь жилдээ ширээний теннисний цохиур мод, одон бөмбөгтэй “нөхөрлөж” явна.

Монголын тамирчид 1988 оноос олимпын хөтөлбөрт орсон ширээний теннисний төрөлд олимпын дэвжээнд анх удаа ийнхүү өрсөлдөх болсны түүхэн гавьяа, үнэлэмж нь хорин жил тамирчин, хорин жил дасгалжуулагч, нийтдээ 40 жил ширээний теннисийн спортод яваа дасгалжуулагч С.Галбадрахад ногдох учиртай билээ.

“Токио 2020” олимпод ширээнийн теннисчид 5 алт, 5 мөнгө, 5 хүрэл, нийт 15 медалийн төлөө өрсөлдөнө. Ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, мөн Эрэгтэй хос, Эмэгтэй хос, түүнчлэн эрэгтэй, эмэгтэйн Холимог хос гэсэн таван төрлийн тэмцээнтэй. Манай Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ нар Олимпын нээлт болох VII.24-ний өдөр ганцаарчилсан төрөлд тэмцээнээ эхлүүлэх хуваарьтай.

Эх сурвалж: aguulga.mn