ХАКУХО: СЭТГЭЛ ЗҮЙ, БИЕ МАХБОДИЙН ХУВЬД БУЛАНД ШАХАГДСАН БАЙСАН

0
78

Японы Нагоя хотод мэргэжлийн сүмо бөхийн долоодугаар сарын тэмцээний сүүлийн өдрийн барилдаан өчигдөр боллоо. Адилхан 14 даваатай байсан ёкозүна Хакүхо, озэки Тэрүнофүжи нар учраа таарч, хэн ялан нь түрүүлэх байлаа. Хатуу ширүүн барилдсаны эцэст Хакүхо давснаар 45 дахь удаагаа Эзэн хааны цом хүртлээ. 

 Хакүхо NHK телевизэд өгсөн ярилцлагыг сонирхуулъя.   

-Хүнд гэмтлээс эргэн ирсэн башёдоо өвдөг шороодолгүй түрүүллээ. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Маш сайхан байна.

-Өнөөдөр Тэрүнофүжитэй тун ширүүн барилдсан?

-Баруун өвдөг минь “будаа” болоод хүссэнээр хөдөлж өгөхгүй байгаа учраас энэ барилдаанд хамаг хүч, бүх зүйлээ шавхан барилдах эрмэлзэлтэй дохёнд гарсан.

-Яг давсны дараа юу бодогдов?

-Энэ насан дээр 15 давж, түрүүлж чадна гэж тэмцээний өмнө огт бодоогүй болохоор сэтгэл амарсан.

-Тэмцээний эхний хагаст эвгүйтсэн барилдаан хэд хэд байлаа?

-Эхний хагаст даваа алдаж болохгүй. Эвгүйтсэн ч гэсэн ялж байсан нь башёд түрүүлэхэд нөлөөлсөн гэж бодож байна.

-Зодог тайлах эсэхээ шийдэх башё гэж байлаа?

-Үнэхээр сэтгэл зүй, бие махбодын хувьд ч буланд шахагдсан мэт л байдалтай байсан ч 15 жилийн өмнө Нагоя хотод ёкозүна болж байсан тул дахиад ёкозүна цолны төлөө барилдаж байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа. Энэ нь амжилттай барилдахад эерэг нөлөө үзүүллээ. Зургаадугаар сар гараад урагш явах уу, ингээд зогсох юмуу гэсэн үгний утга учрыг маш сайн ойлгосон.

-Энэ хүнд үед дэмжлэг болж байсан зүйл юу байв?

-Гуравдугаар сард мэс засалд орсныхоо дараа гэр бүл, эмч, дэвжээний хамт олныхоо дэмжлэгээр өдий хүртэл явж ирлээ. Бүгдэд нь маш их баярлаж байна.

-Өнөөдөр ордонд гэр бүл тань ирсэн байсан?

-Отгон охин минь 4 настай. Аавыгаа сүмо бөх гэдгийг ойлгож авсан. Охиндоо ч өөрийгөө харуулж чадлаа. Энэ өдрийг байнга санаж явбал сайхан байна.

-Гуравдугаар сард хагалгаанд орсноос хойш маш олон саад бэрхшээл байсан нь мэдээж?

-Дахин дохён дээр гарч чадахгүй юм биш байгаа гэсэн түгшүүр байсан ч башёд түрүүлж чадлаа.

-Өмнөх 44 түрүүнээс энэ түрүү юугаараа ялгаатай вэ?

-Үргэлж л урдаа зорилго тавиад биелүүлж ирсэн. Харин Тайхо аваргын 32 түрүүг давснаас хойш нэг хэсэг зорилго байхгүй мэт болсон ч түрүүлсэн тоогоо нэмэх дахин шинэ зорилготой болсноор ийм амжилтад хүрлээ гэж бодож байна.

-Цаашдын зорилго?

-Ёкозүна цолтой 899 давлаа. Дахиад нэг ялахад 900 даваа болох тул дараагийн эхний даваагаа зорилго болгон хичээх болно. 15 хоног дэмжсэн Нагоя хотынхондоо баярлалаа гэжээ.

Эх сурвалж: aguulga.mn