ОЛИМПЫН НЭЭЛТЭД ТУГЧААР АЛХАХ 12 ДАХЬ УДААГИЙН БӨХ НЬ Ө.ДҮҮРЭНБАЯР

0
43

Хүнтөрөлхтний спортын баяр, орчин цагийн гэсэн тодотголтойгоор 1896 оноос  дөрвөн жил тутам зохион байгуулж буй зуны XXXII олимпын наадам Японд VII.23-наас VIII.8-нд болно. Хуваариар бол өнгөрсөн 2020 оны зун зохион явуулах байсан уг наадам ковид-19-ийн цар тахлаас шалтгаалж бүтэн нэг жилээр хойшилж, улмаар хорио цээрийн хатуу дэглэмийн дор, тухайлбал уралдаан тэмцээн нь үзэгчгүйгээр болох юм.

Манай улсын баг, тамирчид 1964 онд Японд болсон олимпын наадамд анх оролцсон түүхтэй. Үүнээс хойш, 1984 онд АНУ-ын Лос-Анжелес хотноо зохион явуулсан XXIII-аас бусад 14 удаагийн олимпын наадамд оролцож, тамирчид маань олимпын алт, мөнгө, хүрэл медаль хүртэж Алтан соёмбот төрийн далбаагаа спортын их наадмын тэнгэрт мандуулж ирсэн гайхамшигт уламжлалтай.

Монгол Улсыг бөхийн орон гэдгийг дэлхий даяар мэднэ. Олимпод зодоглосон жүдо, чөлөөт бөхийн тамирчид эх орондоо хамгийн олон медаль авчирчээ. Ийм ч учраас манай улсын спортын бренд болсон бөхийн төрлийн тамирчид олимпын наадмын нээлтийн үеэр эх орныхоо Төрийн далбааг өргөн багийн жагсаалыг магнайлан явах эрхэм үүрэг хүлээдэг.

Өнгөрсөн хугацаанд, жүдо бөхийн зургаа, чөлөөт бөхийн тав, нийт  11 тамирчин тугч хийжээ. Энэ удаа “Токио 2020” олимпод ч уламжлалын дагуу Монголын багийн хоёр тугчийн нэгээр Гавьяат тамирчин, жүдогийн хүнд жингийн бөх, дэлхийн АШТ-ий хүрэл медальт Өлзийбаярын ДҮҮРЭНБАЯР сонгогджээ. Түүнтэй хос болж, эмэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн тамирчин  Онолбаатарын ХУЛАН туг өргөх юм байна.

Өлзийбаярын Дүүрэнбаяр нь 1994 онд төрсөн, 27 настай. Биеийн өндөр 184 см өндөр, 135 кг жинтэй. ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий хүрэл, армийн ДАШТ-ий алтан медальт, манай улсын хүнд жингийн шилдэг бөх. Эх орон нэгт монголчууд бид бүхэн олимпоос медаль хүртэж, дэлхийн медалиа хос болгоно гэсэн итгэлийг түүнд хүлээлгэж буй. Тэрбээр, аав Л.Өлзийбаяр, ээж Р.Бурмаагийн, хоёр талаасаа бөхийн удамтай нэгэн. Долоодугаар сарын 23-нд олимпын нээлтэд Төрийн далбаагаа өргөн жагсах Ө.Дүүрэнбаяр нь уралдаан, тэмцээнийн хуваарь ёсоор Долоодугаар сарын 30-нд жүдогийн +100 кг-ын жинд барилдах юм. Олимпын наадмын тугчдыг танилцуулъя.

  1. Японы “Токио 1964” – Ч.Найдан (хөнгөн атлетик)
  2. Мехсикийн “Мехико 1968” – Х.Баянмөнх (чөлөөт бөх)
  3. Германы “Мюнхен 1972” – Б.Жамсран (чөлөөт бөх)
  4. Канадын “Монреаль 1976” –  З.Ойдов (чөлөөт бөх)
  5. Оросын “Москва 1980” –  З.Дүвчин (чөлөөт бөх)
  6. Өмнөд Солонгосын “Сөүл 1988” –  Б.Бат-Эрдэнэ (жүдо)
  7. Испанийн “Барселон 1992” –  Б.Бат-Эрдэнэ (жүдо)
  8. Австралийн “Сидней 2000” –  Б.Бат-Эрдэнэ (жүдо)
  9. Америкийн “Атланта 1996” –  Д.Сумьяабазар (чөлөөт бөх)
  10. Грекийн “Афин 2004” – Д.Нямхүү (жүдо)
  11. Хятадын “Бээжин 2008” – М.Баяржавхлан (жүдо)
  12. Английн “Лондон 2012” – Б.Сэр-Од (хөнгөн атлетик)
  13. Бразилийн “Рио 2016” – Б.Тэмүүлэн (жүдо)
  14. Японы “Токио 2020” – Ө.Дүүрэнбаяр (жүдо), О.Халиун (сагсан бөмбөг).

 

Эх сурвалж: aguulga.mn