ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛООР ШАГНАЛАА

0
38

Энэ онд Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа.

Олон тэгш ой давхацсан Үндэсний их баяр наадмыг тохиолдуулж МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Эрдэнэт  үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагналаа.

Байгууллагад өгсөн цол, дагалдах одон тэмдгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн гардаж авлаа. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэхүү шагнал нь үйлдвэрт төдийгөөс өдий хүртэл ажиллаж ирсэн, одоо ажиллаж буй нийт ажилчдын гавьяа зүтгэл, бүгдийнх нь энгэрт гялалзах одон гэдгийг онцолж байсан юм.

МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ ЗАРЛИГТ:

“Монгол Улсын хөгжил цэцэглэлт, эдийн засаг, уул уурхайн салбарын өсөлт хөгжил, салбарын боловсон хүчний бэхжилт, улсын төсвийн төвлөрөлт, “Ковид-19” цар тахлын хүндрэлтэй нөхцөлд айл өрх, аж ахуйн нэгжүүдэд учирч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад үзүүлж байгаа дэмжлэг, хүчин чармайлт, 20 дугаар зууны түүхэн бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр”-ийн улс орныхоо хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж, “Монгол Улсын Баатар” цолоор шагнаж, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил дэвшил, улсын эдийн засагт оруулах үр ашгийг дээшлүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, нийт уурхайчдын гавьяа зүтгэлийг цохон тэмдэглэн алдаршуулж байна” гэжээ.