“ХҮНИЙ БИОМЕТРИК ЗӨВХӨН ТӨРД ХАДГАЛАГДАНА”

0
45

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Нийтийн мэдээллийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  Парламент ирэх баасан гаригт Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн чуулган зохион байгуулаад завсарлах товтой байна.  Тиймээс  хаврын чуулганы хугацаанд хэлэлцэхээр баталсан хуулийн төслүүдийг өчигдөр хуралдан хэлэлцлээ.  Хуулийн төслүүдтэй холбоотойгоор гишүүд ХЗДХ-ийн сайд  Х.Нямбаатараас асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

“СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДЭД БАЙГАА ХУВЬ ХҮНИЙ МЭДЭЭЛЭЛ БҮРЭН УСТAНА”

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Хувь хүний нууц мэдээллийг хадгалахтай холбоотой эрх зүйн харилцааг зохицуулах хууль орж ирж байна. Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр янз бүрийн мэдээлэл явах юм. Янз бүрийн зорилгоор хувь хүний мэдээллийг задруулдаг нь харагдаж байна. Олон аппликейшн бөглөхөд хувь хүний мэдээллийг авдаг. Жишээ нь, хүнсний сүлжээ дэлгүүр карт өгөхдөө хурууны хээ, маш нарийн мэдээлэл авч байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Энэ хуулийн хамгийн гол зорьж буй зүйл бол хувь хүний мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл, биометрик, генетикийн эрүүл мэндийн мэдээллийг хэрхэн яаж, хамгаалах зохицуулалтыг нарийн оруулж ирж байна. Энэ хууль батлагдвал томоохон сүлжээ дэлгүүрт хөнгөлөлтийн карт байдлаар хүний биометрикийг цуглуулж буй бүх мэдээллийг төрийн тусгай байгууллагаас устгана. Биометрик зөвхөн төрд хадгалагдах байдлаар зохицуулагдана.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Өмнө нь хувь хүн өөрийнхөө нууцыг хамгаалдаг байсан бол энэ хуулиар төр хувь хүний нууцыг хамгаалах юм байна гэж ойлгосон. Тэгвэл одоо мөрдөгдөж байгаа КОВИД-ийн хууль энэ хуулийг хэрэгжүүлэх юм уу. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгууллага болгоны гадна талд QR код уншуулж байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Энэ хуулийг батлахын тулд хууль хоорондын зөрчлийг арилгах ёстой. Засгийн газраас КОВИД-ын хуулийн үйлчлэлийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээс дуусгавар болгох бодлогыг баримталж байгаа.

 

“НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙГ  НЭЭЛТТЭЙ, ХЯЗГААРЛАГДМАЛ, ХААЛТТАЙ ГЭЖ АНГИЛСАН”

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Нийтийн мэдээллийн  хуулийг хэлэлцэж батлах нь зүйтэй. Иргэн хуулийн этгээд, улсын нууцад хамаарахаас бусад асуудлаар мэдээлэл авах эрхтэй гэж заасан. Энэ хуулийн төсөл 2010 онд батлагдсан. Бусад хуулиудтай хэр зэрэг нийцэж гарч ирж байна вэ?

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Нийтийн мэдээллийн тухай хуулиар мэдээллийг гурав хувааж байгаа. Нээлттэй, хязгаарлагдмал, хаалттай гэж ангилсан. Хаалттай мэдээлэлд төрийн нууцад хамруулах мэдээлэл болон хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл хаалттай байна. Жишээ татахад, хоёр сая ам.долларын залилангийн хэрэгт нэр бүхий банкинд хүний данснаас өөр итгэмжлэл ашиглан мөнгө авсан асуудал гарсан. Энэ хэргийг шалгах явцад тухайн хүний дансанд орсон мөнгөний талаарх мэдээллийг банкны эрх бүхий ажилтан үзсэн байсан. Өөрөөр хэлбэл энэ маш том хувь хүн дээр хариуцлага тооцох асуудал. Нэг талдаа ил болгох бүх юмаа ил болгоно. Хаалттай мэдээлэлд халдвал маш том хариуцлага араасаа дагуулах ёстой.

 

“2.6 САЯ ИРГЭНИЙГ ТООН ГАРЫН ҮСЭГТЭЙ БОЛГОХОД 1-2 САЯ ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ”

 

Цахим гарын үсгийн тухай хуулиар 16 нас хүрсэн Монгол Улсын иргэний цахим үнэмлэхний санах ойд таван жилийн хугацаатай тоон гарын үсэг суулгаж өгөх юм.  Улсын хэмжээнд 2011 оноос хойш 38 мянган иргэн тоон гарын үсэгтэй. Үүний 30 мянга орчим нь Татварын хуулийн шинэчлэлтэй холбоотой татвар төлөгч ААН-ийн төлөөлөгч, 8000 орчим нь төрийн албан хаагчид байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-2011 онд цахим гарын үсэг нэвтрүүлэхэд 40 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл цахим гарын үсэгт шилжсэн байдал өнөөдөр хангалтгүй байна. Одоо тоон гарын үсэгт шилжихэд ямар төсөв зарцуулах вэ?

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Манай улсад дөрвөн компани тоон гарын үсэгт шилжих тоног төхөөрөмж, программ хангамжтай. Бид судалгааны ажлыг эхлүүлээд байна. Улсын хэмжээнд 2.6 сая иргэнийг тоон гарын үсэгтэй болгоход 1-2 сая ам.доллар шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо бий.

Гишүүд асуулт асууж үг хэлсний дараа уг хууль болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин