АЗИ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХУТГАЛСАН ЭРД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООНО

0
114

Сан-Франциско хотод энэ долоо хоногийн эхээр Ази гаралтай хоёр ч ахимаг настай эмэгтэйн биед хүйтэн зэвсгээр халдаж, ноцтой шархдуулаад зугтсан этгээдийг цагдаа нар шуурхай ажиллан баривчилсан.  Түүнд хэд хэдэн төрлийн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Гэмт хэрэгтнийг буруутгаж буй хэргүүдийг харвал, бүх насаар нь хорих ял оноох магадлалтай.

Гэмт хэрэгтэн нь 54 настай Патрик Томпсон гэгч аж. Түүнийг хэрэг үйлдэж буй бичлэгийг ABC7 сувгийн мэдээний хөтлөгч Дион Лим цахим орчинд нийтэлж, хэрэгтний царайг олон нийтэд харуулсан.

Хэргийг эргэн сануулбал, энэ сарын 4-нд Томпсон нутгийн цагаар 17:00 цагийн орчимд Стоктон гудамжны автобусны буудал дээр зогсож байсан 65, 85 настай Ази гаралтай хоёр эмэгтэйг араас нь хутгалаад хэргийн газраас зугтсан юм. Тэрбээр эхлээд 65 настай эмэгтэйн нуруу, тохойнд хутгалж, дараад нь 85 настай Чуй Фон Иний гаранд тус тус хутгалжээ. Гэрчүүдийн хэлж байгаагаар гэмт этгээдийн хүйтэн зэвсэг энгийн хоолны хутга биш, том байсан аж.