САЙН МЭДЭЭ: Х.БОЛОРТУЯА ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВЛАА

0
130

“Токио-2020” зуны олимпийн наадмын эрх олгох Дэлхийн тэмцээнээс үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд шигшээд шалгарснаар Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ес дэх буюу хамгийн сүүлийн эрхийг авчирлаа.

Ингэснээр манай эмэгтэй бөхчүүд Токиогийн зуны олимпын наадамд зургаан жинд зургуулаа буюу түүхэндээ анх удаа бүтэн багаараа оролцохоор болов. Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээний аварга Х.Болортуяа 1/8 шигшээд Хорватын Иван Герич, шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррера, хагас шигшээд Беларусийн Вероника Иванова нарыг тус бүр цэвэр ялснаар олимпын эрхээ халаасалсан. Манай бөх олимпын эрхтэй үлдэх үгүйгээ шийдэх хариуцлагатай барилдаанд 1:9-өөр хожигдож яваад гайхалтай барилдаан хийж өрсөлдөгчөө цэвэр дарж бөхөд хайртай ард түмнээ баярлууллаа, үнэхээр хэлэх ч үг алга.

Эрдэнэтийн унаган охин Х.Болортуяагийн анхны багш ОУХМ Батсайханы Идэрсайхан болон үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарт халуун баяр хүргэе.

Эх сурвалж: aguulga.mn