АВАРГУУДЫН ЛИГ: МАН СИТИ ФИНАЛД ШАЛГАРЛАА, ХАРИН УЧРАА НЬ ЧЕЛСИ БАЙХ УУ

0
40

Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн Хагас шигшээгийн хариу тоглолт Английн Манчестэр хотноо, манайхаар лхагва гаргийн өглөө боллоо. Эхний тоглолтод Францын нийслэл Парист зочлон ПСЖ багийг 2:1-ээр хожсон Манчестэр Сити талбайдаа 2:0-ээр буулган шигшээ тоглолтод шалгарлаа. Английн багийн довтлогч, алжир хөлбөмбөгчин Макрез  13, 63 минутад гоол хийв. Францын багийн хагас хамгаалагч Ди Мария дүрмийн бус алдаа хоёр удаа гаргаж, эхлээд сануулгын “шар”, дараа нь торгуулийн “улаан” хуудас шүүгчээс авч тоглолтын 69 дэх минутад талбайгаас хөөгдсөн. ПСЖ-ийнхэн тоглолтыг 10-уулаа дуусгалаа. Тус баг өнгөрсөн жил Аваргуудын лигийн шигшээ тоглолтод шалгарч Германы Бавари М-д хожигдон Дэд аварга болж байв.

Газрын тосны тэрбумтан баян Катар эзэдтэй, дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэг Гвардиолагоор удирдуулсан Манчестэр Сити баг Хагас шигшээд Францын ПСЖ-г ийнхүү хоёр хожиж V.30-нд Туркийн Стамбул хотод болох шигшээ тоглолтод өрсөлдөх эрх авлаа. Тус баг 1880 онд байгуулагдсанаасаа хойших 141 жилийн түүхэндээ Аваргуудын лигийн шигшээ тоглолтод АНХ УДАА шалгарав. Испани мэргэжилтэн Гвардиола урьд нь Испанийн Барселонаг дасгалжуулж байхдаа 2009, 2011 онд багаа Аваргуудын лигт түрүүлгэн Цом өргөж байсан туршлагатай нэгэн.

Маргааш пүрэв гаргийн өглөө Стамбулыг зорих хоёр дахь багийн нэр тодорно. Хагас шигшээгийн эхний тоглолтод Испанийн “эзэн хааны баг” гэгддэг Реад М-тай талбайд нь 1:1-ээр тэнцсэн Английн Челси өөрийн “Стэмфорд бриж” цэнгэлдэхдээ хариу тоглолт хийнэ. Хөлбөмбөгийн шинжээчид Челсиг шалгарч шигшээ тоглолтод Ман Сити багтай тулна гэсэн таавар дэвшүүлж байна.

Эх сурвалж: aguulga.mn