АВАРГУУДЫН ЛИГИЙН ФИНАЛЫН ЭХНИЙ БАГААР МАН СИТИ ТОДРОХ УУ

0
19

Европын хөлбөмбөгийн  холбоо (УЕФА)-ноос тивийнхээ клубүүдийн дунд жил бүр зохион явуулдаг Аваргуудын лигийн Хагас шигшээгийн хариу тоглолтууд, манайхаар лхагва, пүрэв гаргийн 03.00 цагаас эхэлнэ. Эхний болон хариу, нийт хоёр тоглолтын нийлбэр дүнгээр (оноо, гоол, хэрвээ гоолын үзүүлэлт  тэнцвэл зочлон тоглолтод аль баг илүү олон гоол хийсэн чанарыг харгалзана)  ялагч болсон баг шигшээ тоглолтод шалгарна. Шигшээ тоглолт V.30-нд Туркийн нийслэл Стамбулын “Олимп” цэнгэлдэхэд болно. УЕФА болон тоглолтыг зохион байгуулагч Туркийн тал тодорхой тооны үзэгчийг цэнгэлдэхэд оруулна гэж урьдчилан зарласан. Гэхдээ Турк дэх Коронавирусийн цар тахлын тархварын түвшингээс хамаарч 80500 суудалтай цэнгэлдэхийн хэдэн хувьд нь үзэгч суулгахыг шийднэ гэж мэдэгдсэн.

Хагас шигшээгийн,  V.5-ны өглөөний  тоглолтод Английн Манчестер Сити баг талбайдаа Францын ПСЖ багийг хүлээн авна. Эхний тоглолтод Английн баг Парист зочлон 2:1-ээр буулган авсан. Тус баг талбайдаа тэнцэх, 0:1-ээр хожигдсон ч  шигшээ тоглолтод  шалгарах боломжтой учраас давуу байдал тэдний талд байна. Эсрэгээрээ Францын баг талбайд нь Ман Ситиг заавал хожих, гэхдээ  хоёроос илүү гоолын зөрүүгээр буулган авах хүнд сорилтын өмнө зогсож буй.

————- 141 жилийн түүхтэй Манчестэр Сити баг  ————-

Английн эдийн засгийн тулгуур төвүүдийн нэг Манчестэр хотын мэргэжлийн хөлбөмбөгийн хоёр баг тус улсын хөлбөмбөгийн дээд шатны Премьер лигт тоглож байгаагийн нэг нь Манчестэр Сити. Хоёр дахь нь алдарт Манчестэр Юнайтэд.

Манчестэр Сити нь 1880 онд байгуулагдсан ба Катарын “Абу Даби Юнайтед Групп”-ын баячууд  2008 онд худалдан авч тус багийг Европын төдийгүй Дэлхийн түвшний шилдэг баг болгохоор хөрөнгө оруулалт хийсэн нь маш оновчтой алхам байв. Хөлбөмбөгийн оддыг мөнгөөр цохиж багтаа элсүүлэхийн зэрэгцээ шилдэг дасгалжуулагчдыг урьсан  нь богинохон хугацаанд Английн хөлбөмбөгийн талбарт мандан бадрах тулгуур болсон.

  • Итали мэргэжилтэн Роберто Манчиниг урьж 2009-2013 онд дасгалжуулагчаар ажиллуулсан. Англи улсын АШТэмцээн Премьер лигт 1, Английн цомын тэмцээнд 1 удаа түрүүлсэн.
  • Чили мэргэжилтэн Мануэль Пеллегринийг урьж 2013-2016 онд дасгалжуулагчаар ажиллуулсан. Английн Премьер лигт 1, Английн Лигийн цомд 2 удаа түрүүлсэн.
  • Испани мэргэжилтэн Пеп Гвардиолаг урьж 2016 оны хоёрдугаар сараас дасгалжуулагчаар ажиллуулж байна. Өнгөрсөн хугацаанд түүний удирдлаган дор Английн Премьер лигт 2, Английн цомын тэмцээнд 1, Английн Лигийн цомд 3 удаа тус тус түрүүлээд байна.

Газрын тосны тэрбумтан, Катар эзэдтэй Ман Сити нь Английн хөлбөмбөгийн ертөнцөд ийнхүү гялалзаж байгаа ч Европын гэх мэт олон улсын түвшинд ганц ч цом хүртээгүй болохоор дэлхийн хэмжээний багуудын нэгд тооцоход чамлалттай юм. Аваргуудын лигт 6 түрүүлсэн Ливерпүүл, 3 түрүүлсэн МЮ багтай жишихэд тус лигт энэ жил анх удаа Хагас шигшээд шалгараад байгаа Ман Сити нь тэдний дэргэд “сонгоны бага ангийн сурагч” болж жижиг харагдана. Тус баг 141 жилийн түүхэндээ Европын клубүүдийн тэмцээнээс  ганцхан цом авсан нь 1970 оны үйл явдал байдаг. Тэр цом нь Аваргуудын лиг, Евролигийн дараа гуравдугаар зэрэглэлийн тэмцээнд тооцогддог Цомтой багуудын цом юм. Энэ удаагийн Аваргуудын лигийн Хагас шигшээд шалгарсан Испанийн Реал М урьд нь тус лигт нийт 13, Английн Челси 1 удаа түрүүлсэн бол Францын ПСЖ өнгөрсөн онд шигшээ тоглолтод шалгарч Германы багт хожигдон дэд аварга болжээ.

Ман Сити баг энэ жил Аваргуудын лигт анх удаа түрүүлдэггүй юм гэхэд, шигшээ тоглолтод анх удаа шалгарах нь дэлхийн шилдэг клубүүдийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдэх үнэлэмж болно. Олон улсын Бооцооны конторуудад хөлбөмбөгийн хөгжөөн дэмчигчдийн олонх нь Ман Ситиг хариу тоглолтод ПСЖ-эй талбайдаа тэнцэж, нийлбэр дүнгээр шигшээ тоглолтод шалгарна гэсэн дэнчин тавьжээ.