ТУЙЛ СУДЛААЧ, ЭРДЭМТЭН ЛХАМСҮРЭНГИЙН ДҮГЭРЖАВ

0
35

 

 

Д.ЦЭРЭННАДМИД

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

 

Хөрст алтан дэлхийн хөвөө хязгаар нутагт хөх цэнхэр далайн эрэг ирмэг газарт нэгэн ер бусын гайхалтай гэхээр өвөрмөц орон оршдог оо.

Тэр нутагт цас, мөснөөс өөр юм бараг байхгүй. Бас ургамал амьтангүй. Энэ дэлхийн нэг бөглүү хэсэг. Бөмбөрцөг дээр дөрвөн улирал ээлжилдэг бол тэнд хавар, намар гэж байхгүй ердөө зун, өвөлтэй. Зуны сар нь ердөө гурван сар. Дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сар дуустал өвөл үргэлжилнэ. Өвөл өвөлдөө жинхэнэ өвөл болно. Өвлийн улиралд тас харанхуй харин зундаа нар шингэнэ гэдгийг үзэхгүй. Хэзээ ч өдөр, шөнө ялгагдахгүй гэсэн үг. Цаг агаарын температур нь өвөлдөө -50-74 хэм. Зуны цагт наад тал нь -34 хэм хүйтэнтэй. Байнгын догшин  салхитай байдаг учир жилийн 340 хоногт цасан шуурга шуурна ийм л. Ингэж хэлэхээр хэн нэгэн юун үлгэр яриад байгаа юм бэ гэж магадгүй. Нөгөө алтан загасны өвгөн, эмгэн хоёрын суудаг газар уу гэж асуух биз ээ. Тэгвэл үлгэр огт биш. Нэг тивийн бодит дүр зураг тийм.

Энэ тухай хамгийн тодорхой хэлж өгөх хүн бол Лхамсүрэнгийн Дүгэржав. Манай сонины “Зууны хүн” булангийн зочин энэ эрхэм шинжлэх ухааны доктор профессор, судлаач басхүү Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын хүндтэй алба хашиж явсан хүн. Түүний бусдаас онцлох юм нь үлгэрлэн хэлэгдээд байгаа дэлхийн өмнөд туйл буюу Антарктид тивд хэд хэдэн удаа хөл тавьж суурь судалгааны ажлаа хийсэн. Бас тэнд улсынхаа төрийн далбааг мандуулж Монголын гэх баазтай болох эхлэлийг бий болгосон явдал. Энэ тухайг нь лавлан таньж мэдснээр уул геологийн шим ертөнц эгэл монгол хүний хувь заяа нэгэн шижмээр холбогдсон тухай энэхүү хөрөг нийтлэлдээ өгүүлэхийг зорилоо.

 

*   *   *

 

Хавартаа голын эргийн бургас улиасны нахиа найлзуур буурцаглаж тэрхүү орчинд будан татах нь улирлын нэг эгшиглэн билээ. Энэ үеэр Тэсийн голын дүр зураг ямархан буй ажив. Усны шувууд хараахан ирээгүй нь холын аяндаа жигүүр нь цуцаа юмсан уу гэмээр бодогдоно. Хаврын гуниг тээсэн цавьдир салхи юуг ч хайрлахгүй мэт сүүгэн голын усыг дураараа наадуулан бургас модыг сандаачин байх. Тэр бүхнийг ажиглан бас түүвэрлэн тэмдэглэхүйд гуниг төрмөөр ч юм шигээ. Гэхдээ энэ бол Увс аймгийн Тэс сумын нутаг Тэс голын хөндийн жирийн л хавар ажээ.

Гурван баядын нутагт очсон хүн тавгүйтэхийн учиргүй гэдэг. Тэр тусмаа энэ нутгийн үе үехэн солигдох цэнхэр салхиар илбүүлж өвөл, зуны эрс тэс уур амьсгалд нь тэжээгдэж торнисон уугуул хүмүүст бол харин ч бахархал төрдгийм гэнэ лээ.

Тэгвэл үү. Тэс гол, Тооромтын хоолойн цэнгэг уснаа умбаж шумбаж өссөн нэгэн буюу өнөөгийн нэрт эрдэмтэн Л.Дүгэржав тэр бахархлын эзэн бөгөөд “Эх нутгийн минь буян хишиг надад ихийг өгсөөн, үнэ цэнтэй амьдрахын утга учрыг ухааруулсан” гэж тэр хэлдэг юм.

Тэс голынхон буюу домог түүхт гурван хошуунаас гаралтай баяд түмэн найрч наадамчаараа алдартай л гэдэг. Тиймдээ хуур юу нь салхинаа хөглөгдөж хөгшин хөвөөгүй бии биелгээгээ урилга заллагагүй үзүүлж тэр бүхэн хөөмийтэйгөө нийлээд нутаг усных нь уянга бүрддэг гэнэм. Эрчүүд нь барилддаг, бүсгүйчүүд нь дуулдаг гэдэг дээ. Тэгвэл Л.Дүгэржав барилдаагүй бас дуулаагүй. Харин хүний газар гүний нутаг Болгараас эрдмийн дээдийг өвөртлөн уул геологийн хайгуулын инженер болж иржээ. Инженер Л.Дүгэржав гэж чухам хэн юм бэ. Түүний сэтгэлийн дотоод ертөнц рүү өнгөцхөн өнгийвөл ихийг үзэж сурах, шинийг эрэлхийлэхийн төлөө төрсөн хүн санагдсан.

Геологи хайгуулын инженер гэсэн мэргэжилдээ хайртайн учир түүндээ эзэн нь болж чадаж яваа гэж ч болох.

Энэ мэргэжлийнх нь онцлог гэвэл байгалийн болон техникийн шинжлэх ухааны уулзаврт орших бүхэл ухаан гэсэн үг. Тийм болохоор хөрвөх чадвар сайтай мэргэжил гэдгийг өөрөө хэлж байналээ.

Сургуулиа төгсгөж ирээд нүүрсний хайгуулаар дагнаад эхэлсэн ч удалгүй газрын тос руу орчихсон байдаг юм. 1990-ээд оны эхээр газрын тосны хэрэг эрхлэх газар гэж байгуулагдахад ерөнхий инженерээр нь очсон. Тэгээд Матадын Тамсагт 19 дүгээр цооногт өрөмдлөг хийлгэж тэндээс нефть оргилуулахад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж төсөл, судалгааг хийхэд нь гардан ажилласан. Бас тэр үедээ Монголын нийт нутгийн 60 шахам хувьд тунамал хурдастай учир газрын тосны их нөөц байгаа. Түүнийгээ бүрэн судалж нээгээд боловсруулдаг болчих юм бол улс орныхоо өсөн нэмэгдэж буй хэрэгцээг нефть бүтээгдэхүүнээр олон жил хангах боломжтой гэсэн судалгааг хийлцсэн байдаг.

Утаагүй түлш гэдэг юмыг анх бүтээлцэж үйлдвэрлэлийг эхлүүлсэн хүн нь мөн л Л.Дүгэржав инженер. Улмаар 1992 онд мэргэжил нэгтэй хоёр хүнтэйгээ хамтран ШУТИС-д газрын тосны инженерийн салбарыг бий болгосноор энэ талын мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн юм билээ. Энэ тухайгаа Л.Дүгэржав хэлэхдээ өнөөдөр газрын тосны салбарыг авч яваа үндэсний мэргэжилтнүүд дийлэнх нь миний шавь юм шүү гэж бахархалтай дурсана лээ.

Ингэтэл чинь та бас өөр талын мэргэжлээр эрдмийн зэрэг хамгаалжээ дээ гэхэд тэр

-За тийм ээ. Би 1989 онд өөрийн суралцаж төгссөн Болгарын уул уурхайн их сургуульд очиж “Монгол орны цэвдгийн доорх усны хайгуул, судалгаа” гэсэн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж шинжлэх ухааны доктор болсон юм л даа гэв.

Түүний эрдмийн ажлын сэдвийг товчхон тайлбарлах юм бол цэвдэг гэдэг бол нэг үгээр хэлэхэд хөрсний хөлдүү хэсэг гэсэн үг.

Дэлхийн мөнх цэвдгийн хойд талын хамгийн урд хэсэг нь Монголын нутагт хамаардаг. Тухайлбал, Улаанбаатар хот гэхэд тэр цэвдэг дээр оршиж байгаа. Тэгвэл олон жилийн судалгааны үр дүнд дэлхийн дулаарлаас шалтгаалаад тэр түвшин өөрчлөгдөж цэвдгийн бүс улам хойшоо болоод байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Монголын газар нутгийн хөрс хуурайшиж говь газраасаа эхлээд цөлжилт бий болж байгаа юм билээ. Ер нь газрын гүнд цэвдэг байна гэдэг бол чийг байна гэсэн үг. Тэгвэл цэвдэг багасахын хэрээр чийг үгүйрч улмаар байгальд хуурайшилж бий болох юм гэдэгт  Л.Дүгэржавын эрдмийн ажлын сэдэв чиглэсэн байдаг.

Басхүү Л.Дүгэржавыг зөвхөн эрдэмтэн гэдгээр нь тодотгоод орхиж болохгүй. Нийгмийн томоохон зүтгэлтэн хүн гэдгийг нь бас хэлэх учиртай юм л даа. Түүнийг Монголд ардчилсан хувьсгалыг ялуулахад бие сэтгэлээрээ оролцож явсны хувьд ардчиллын нэг зүтгэлтэн гэхэд болно. Нэг удаа байхаа УИХ-ын сонгуульд нэр дэвшээд явж байсан даа.

Мөн Болгар улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд байсныг нь олон хүн мэдэх байх. Тийм болохоор эх орноо хөгжүүлэх, улс хоорондын найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө хүчин зүтгэсэн дипломатч юм шүү гэдгийг бүр онцгойлон хэлэх байна. Одоо тэр ШУТИС-ийн “Антарктид судлал” төвийн захирал нь.

 

*   *   *

Л.Дүгэржав, Болгар болон бусад орны судлаач нөхөдтэйгөө гэрийнхээ гадаа байгаа нь.

Одоо туйл судлаач Л.Дүгэржавын ярианд түшиглэн “Антарктид” хэмээх шинэ хуудсаа нээе. Түүнийг төгссөн сургуульдаа буцаж очоод аспирантаар суралцах үед багш нар нь Болгар найз нөхөд нь цэвдэг судлал гэсэн сэдвийг нь машид таашааж байжээ. Тэр ч атугай эрдмийн зэрэг цолоо хамгаалсны дараа “Чи нэгэнт цэвдгийн судалгаа барьж авсан юм чинь Антарктидэд очиж судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлбэл яасан юм бэ гэж зөвлөсөн юм билээ. Мань хүн ч нөхдийн энэ зөвлөгөө зүгээр нэг уруу таталт биш ирээдүйтэй хэрэг хэмээн бодсон гэдэг.

Үүнтэй зэрэгцээд эзэмшсэн мэргэжлийн дагуух дур сонирхол бол амьдралын чиг баримжааг заагч луужин байдгийн учир тун удалгүй залуу эрдэмтэн Л.Дүгэржав Антарктидын зүг хөлгийн жолоо залсан юм. Хэдийгээр түүний өмнө Ж.Цэрэндэлэг, Д.Чулуунбат, А.Батболд гээд хэдэн хүн ЗХУ-ын багийн бүрэлдэхүүнд багтаж тэнд очсон шинжилгээ судалгааны ажил хийсэн байдаг ч тэд өмнөт туйлын нойль цэг буюу S 900-д хүрээгүй юм. Антарктид тивд очсон гэдэг нэг хэрэг, тэгвэл жинхэнэ өмнөт туйлд нь хөл тавина гэдэг өөр юм л даа.

Л.Дүгэржав эхний үед Болгарын Антарктид судалгааны багийн гадаад гишүүн байв. Яагаад гэхээр манай улс Антарктидын гэрээнд нэгдээгүй байсан цаг.

Харин удаа ч үгүй Монгол Улс 2015 онд уг гэрээнд нэгдсэнээр Ливингстоны арал дээр Болгар, Испанийн баазын ойролцоо газар авч төрийн далбаагаа мандуулан Монгол Улсын нэрийн өмнөөс шинжилгээ, судалгаа хийх эрхээ нээжээ.

Тэр газартаа монгол гэрээ барьж монгол ёс заншлаараа идээ будаагаа өргөж ёсыг гүйцэтгэж дуу хуураа цуурайтуулж Чингис хааны нэрэмжит судалгааны баазаа барих ажлаа эхлүүлсэн юм билээ. Энэ нь тэр харь тивд Монгол Улс гэсэн буйраа тамгалсан гэсэн үг байлаа. Бас эртний сурвалжит бичиг “Монголын нууц товчоо”-г залсан, кирилл үсгийн хөшөөг босгосон гээд олон сайхан тэмдэглэлтэй ажил хийжээ. Тэгээд л Орос, Америк, Болгар, Испани, Чили, Япон гэсэн 30 улс энд баазаа байгуулсны нэг манай улс болов. Оросууд туйл судлалын хувьд анхдагч нь гэдэг тэдний “Восток” нэртэй том бааз энд бий. БНХАУ-ын “Их цагаан хэрэм” хэмээх бааз бас томд нь ордог болж. Тэндээ жилд 200 орчим хүн байнга ажиллуулж шинжилгээ, судалгаа явуулдаг гэж байгаа. Ер нь бол Антарктидын 14.4 мянган км хавтгай дөрвөлжин газар нутаг одоогоор хэний ч өмч биш. Ёстой л малгай тавьбал манайх гэгчээр тэнд очсон эрдэм шинжилгээний хүмүүс өөрийн улсын баазтай газраа манайх гэж нэрлэж байдаг  гэнэ. Антарктидын гэрээ гэж бий. Уг нь үндсэн хууль нь юм даа. Энэ гэрээнд Антарктидэд хэн ч ирэхийг хорихгүй. Чаддаг л юм бол ир судал, ажлаа хий. Хамгийн гол нь ашиг олох үүднээс алив үйлдвэрлэл явуулахыг цээрлэдэг. Судалж олсон мэдээллээ бусадтайгаа хуваалцах ёстой гэсэн журам үйлчилнэ. Хүсвэл бусдаас мэдээлэл авч болно. Ийм гэрээ, ёс журам гэж аль ч улс оронд байдаггүй шүү дээ. Харин энэ тивд л байгаа юм. Одоогоор уг тивийн нэг хувийг ч судалж амжаагүй байгаа гэх.

Жинхэнэ туйлдаа хуурай газар гэж байхгүй “Айсберг” гэж нэрлэгдэх том том мөсөн уул л харагдах. Л.Дүгэржав үүнийг анх хараад Тэс нутагтаа Тэсээс гадна Нарийны, Жирээгийн, Үхэгийн, Орхиогийн гээд олон гол байдгийг ямар их ус байх юм бэ гэж бага байхдаа гайхдаг байснаа дурсан бодсон гэдэг юм.

Өмнөт туйлын нутгийн 90 хувь цас, мөсөөр хучигдсан. Тэр бүхэн бас байнгын шилжилт хөдөлгөөнд оршдог. Том том мөсөн уулын зузаан нь 2-3 мянган метр. Түүний багаахан хэсэг нь ил, биетийн 70-80 хувь нь далайд хөвж байдаг. Судлаачдын мэдснээр тэр мөсөн уулууд хүн төрөлхтний үүсэл хөгжлөөс өндөр настай, байгалийн гайхамшигтай бүтээл гэдэг. Мөсөн уулууд нарны гэрлийг багаар шингээж авдаг ч илчнийх нь 90 хувийг буцааж ойлгодог болохоор хүйтний туйлыг хэзээ ч уярааж чаддаггүй ажээ.

Бас жилдээ 10 мянга хүртэл тооны мөсөн уул шинээр нэмэгдэж бий болдгийг судлаачид ажигласан байдаг. Ер нь Антарктид гэхээр цас мөс л төсөөлөгддөг шүү дээ. Тиймдээ дэлхийн цэвэр усны 80 хувь тэнд байгаа гэдэг юм билээ.

Бас дэлхийн нийт хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахуйц их хүнс тэжээлийн нөөц тэнд бий гэх. Тэр нь хүн төрөлхтнийг хэдэн зуун жил хооллож ундаалахад хүрэлцээтэй. Тэгэхээр Антарктидэд их ирээдүй харагддаг гэж эрдэмтэд тодорхойлжээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл таван тив баялгаа дуусгасан тэр цагт дэлхийн долоон тэрбум хүн Антарктидэд очиж амьдрах боломжтой гэсэн хэрэг л дээ.

Сансар судлалынхан Ангараг дээр хүн очиж амьдрах тухайд төсөөлдөг бол туйл судлаачид хүн төрөлхтний хэт ирээдүйг Антарктид гэж хэлэх гээд байна. Энэ тивд байгалийн болон биологийн их баялагтай гэж байгаа. Геологичдын олж тогтоосноор далайн эрэг газраар нефть, нүүрс, төмрийн хүдэр, зэс молибденийн их нөөцтэйг баталсан гэж байх юм.

Гэхдээ жинхэнэ өмнөт туйлын хувьд ургамал амьтан гэж байхгүй л дээ. Харин далайн эрэг буюу Антарктика гэх газарт бол хадан дээр хагд хөвд бас олон төрлийн мөөг ургадаг. Бас төрөл зүйлийн амьтадтай, дэлхийд хамгийн томд тооцогддог цэнхэр халим тэнд бий.

Түүний жин 50-150 мянган кг гээд. Зөвхөн нурууны нугалам яс гэхэд 17 кг гээд бод доо. Аугаа том байгаа биз. Оцон шувууны 230 төрлийн долоон төрөл нь энд байдаг юм гэнэ лээ. Бас далайн хав, хавч хэлбэртэй амьтан элбэг. Доктор Л.Дүгэржав “Би цэнхэр халимыг харсан гэж байна лээ. Гэхдээ жаахан тайлбар ярьсан. Тэр их том мөсөн уулыг давж бүхнийг үзнэ гэдэг амар биш харин “Дрон” гэдэг нисдэг аппарат гарснаар хаа байгаа юуг ч үзэж харах, судлахад маш дөхөмтэй болсон шүү гэж байна лээ. Тэрбээр тус тивд таван удаа аялж тэндхийн байгалийн ер бусын өнгө төрх, үзэгдэл хийгээд таньж мэдээгүй байсан олон юмсын тухай эр зориг тэвчээр хатуужил шалгасан цаг хугацааг даван туулж зорилгоо хэрхэн биелүүлсэн тухайг уншихад нэн сонирхолтой байлаа.

Л.Дүгэржав үзсэн мэдснээ түмний хүртээл болгох гэж баримтат кино, зурагт хуанли хийсэн. Тэгвэл сая “Антарктид тив” гэдэг томоохон номоо бүтээжээ. Уг номыг үзэхүл тэр мөсөн туйлын гайхамшгийг мэдэрч тус тивийг дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн нэгэн төв болгоход дэлхийн улс орнуудын хандлага тэр дотор монгол эрдэмтэд, судлаачдын хувь нэмэр их байгааг мэдэж болом. Ерөөс аливааг сонсож мэдэх нэг хэрэг. Харин нүдээр үзэж биеэр мэдрэхийн ач тусыг тэр номоос үзэж болно. Нөгөө талаар алс хэтдээ тэнд хүн амьдрахад юуг урьдчилж мэдэх, бүтээж бүрдүүлэх нь чухал байна гэдгийг тодорхой болгоход Антарктидын судалгаа харуулж байгаа юм.

Монголын судлаачид эхний 10 жилд танин мэдэхүйн шинжтэй ажил амжуулсан бол одоо цаг уур, болон усны, геологийн талын судалгааг голлон хийж байна.

Антарктидэд газар зүй, соронзон орны, хүйтний гэдэг гурван туйл бий. Тэр бүхнийг багцаар нь судлахын ач тус эргээд Монгол орны цаг уур, байгаль орчны судалгааг гүнзгийрүүлэхэд нөлөөгөө өгөх юм билээ. Бид дөрвөн зүг, найман зовхис гэж ярьдаг. Тэгвэл өмнөт туйлд ганцхан хойд зүгтэй. Баруун, зүүн, өмнө гэж байхгүй ээ. Бас нэг сонин нь өмнөт туйлын төв цэгийг нэг тойроход дэлхийг тойрсонтой тэнцэнэ. Тэгвэл өдөрт дэлхийг хэд ч тойрч болох нь ээ гэмээр. Эрдэмтэн Л.Дүгэржавт хэдэн зуун жилийн дараа ч мартагдахгүй дурсагдах нэг азтай явдал тохиолдсон юм. Тэр нь Антарктидын өмнөдийн 640, 55’ 26 болон баруун 620, 02’ 21 гэсэн солбилцол дээр уулын нэг оргилыг нээж түүнийгээ “Дүгэржавын оргил” (Dugerjav Peak) хэмээн нэрлэсэн байдаг. Үүнийг нь олон орны эрдэмтэн судлаачид, найз нөхөд нь хойч үедээ гэрчлэх биз ээ.

Энэ тухайгаа Л.Дүгэржав ярихдаа

-Антарктидэд очсон судалгааны олон ажил хийсэн гэдэг нэг хэрэг. Уулчин хүн авирч буй уулынхаа жинхэнэ оргилд гарахыг л хичээдэг. Тэгвэл би амьдралын нэг зорилгоо биелүүлснээ баталгаажуулж тэнд нэршсэн оргилтой болсон юм гэж хэлсэн бий.

Бас тэрбээр Антарктидэд хүрэх гурван маршрутыг мэдэх болсон гэдэг. Нэгд нь Чили Аргентиний нутгаар дамжиж дэлхийн хамгийн урд цэг Магеланы хоолойгоор гарч Галт газрын аралд хүрэх, хоёрт нь өмнөт Африкаас гуравт нь Шинэ Зеландаар гарч Кинг Жоржийн арлуудаад очих. Антарктидэд хүрэх аяллын хугацаа саадгүйхэн явлаа гэхэд талдаа 20 хоног. Л.Дүгэржав сүүлд нэг аялахдаа 75 хоног явж 60 мянган км зам туулжээ. За тэгээд зардал мөнгө энэ тэр гээд ярьвал дуусашгүй яриа болно биз ээ.

 

*   *   *

 

Хүн төрөлхтөн хүлээлт гэдэг цаг хугацааны эрхшээл дор амьдардаг гэдэг туйлын үнэн бий. Тэгвэл эрдэмтэн судлаач, тив дамжин аялагч Л.Дүгэржав Номхон далайн эрэгт хөлөг онгоц хүлээж үзсэн. Хаа тэртээх Адриатын тэнгисийг хэзээ туулж барах бол гэж бас бие, сэтгэлээрээ хүлээсэн, Антарктидэд байхдаа тэр аварга мөсөн уулын хэлбэр, өнгө төрхийг таних гэж олон өдрөөр, сараар ажигласан гээд амьдрал нь бүхэлдээ хүлээлт байсан ажээ. Бид Монголдоо үүр цайж өглөө болохыг хэдхэн цаг хүлээдэг бол Антарктидийн өвлийн өглөөг хэчнээн сараар хүлээдэг  байх юм. Тэгэхдээ хүлээнэ гэдэг амьдралд хожихын эхлэл байдаг ажээ. Тэсийн голын хөндийд намар огшиж байхад тэр нутгийн хүү Л.Дүгэржав алс холын Чили, Аргентинд аяллаа үргэлжлүүлж явах, асар удалгүй өмнөт туйлд нэгэн гэртээ очсон юм шиг би Антарктидын хүн гэсэн аястай алхаж үзэгдэх, нэг санахад Болгарт ч юм уу, магадгүй Испанид эрдэм шинжилгээний хуралд оролцож байх гээд хэзээ ч суурин суудаггүй л хүн. Гагцхүү дэлхийн 20-30 оронд бас хэний ч эх орон биш өмнөд туйлд очиж их хөдөлмөрлөж их цаг зав, чин зориг гаргаж тэгснээрээ энэ хүн өөрийгөө бүтээжээ гэвэл түүнд зохьсон магтаал болно бизээ.

Л.Дүгэржав нэг талдаа их монгол үзэлтэн юм уу. Яагаад гэвэл Монголынхоо тухай ярихаараа Болгараас эхлээд өөр бусад улс орны тухай, олон найз нөхдийнхөө тухай хүүрнээд явчихна. Бид бүгд монголчуудын нэр төрийн төлөө хамтдаа зүтгэж бүтээж яваа гэх юм билээ.

Орчин үеийнхний хэлээр бол интернационалч хүн. Үнэндээ хэлсэн үгнийх нь утга санааг ухан үзвэл байгалийн ухааны эцэг Германы сонгодог философийн төлөөлөгч Гегелийн “Дэлхийн түүх Монголоос эхэлдэг юм. Яагаад гэвэл Хүннү хийгээд Их Монгол Улсад төрт ёс үүссэн юм” гэсэнтэй утга нь дүйж байх шиг санагднам. Өмнөт туйлд хөл тавьсан анхны монгол хүн эрхэм Л.Дүгэржавтаа холч ухаан чинь улам тэлж эрдмийн ажил нь үзэж туулсан их далай шигээ дэлгэрч байхын ерөөл өргөмүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин