ЗОЧИЛЖ САЙН ТОГЛОСОН АНГЛИЙН БАГУУД ФИНАЛД ШАЛГАРАХАА V.5-6-НД ЭЦЭСЛЭН ШИЙДНЭ

0
26

Европын хөлбөмбөгийн холбоо (УЕФА)-ноос 66 дахь удаа зохион явуулж буй Аваргуудын лигийн Хагас шигшээгийн эхний тоглолтууд Испанийн  нийслэл Мадрид, Францын нийслэл Парист лхагва, пүрэв гарагт боллоо.

  • Испанийн “Реал М” – Английн “Челси” баг 1:1-ээр тэнцээгээр өндөрлөв. Гоол: Бензема 29 мин – Пулишич 14 минутад хийсэн
  • Францын “ПСЖ” – Английн “Манчестэр Сити” 1:2-ээр зочдын хожлоор өндөрлөв. Гоол: Маркиньюс 15 мин – Де Брюйне 64 мин, Махрез 71 минутад хийсэн.

Испани дасгалжуулагч Гвардиологоор удирдуулсан “Ман Сити” айлын талбайд зочлон тоглож хожсон нь тус багийг шигшээ  тоглолтод шалгарах магадлалыг маш өндөр болголоо. Газрын тосны тэрбумтан араб эзэнтэй “Ман Сити” баг нь Аваргуудын лигийн шигшээд урьд шалгарч байгаагүй.

Харин 2012 онд тус лигт түрүүлж байсан, энэ улирлаас Герман дасгалжуулагч Тухелиэс удирдуулж буй Лондон хотын “Челси” нь Испанийн эзэн хааны баг гэгддэг Реал М-тай талбайд нь гоол оруулж тэнцсэн нь шигшээ тоглолтод шалгарахад бас давуу тал болж байна. Аваргуудын лигийн Хагас шигшээгийн хариу тоглолтууд Тавдугаар сарын 5, 6-нд болно. Хөлбөмбөгийн мэргэжилтэн шинжээчид эхний зочлон тоглолтоо амжилттай үр дүнгээр төгсгөсөн Английн багууд хариу тоглолтдоо давуу байдлаа хадгалж хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялагчаар тодорч финалд шалгарна гэж төлөглөж /прогноз/ байна.

Аваргын цомын төлөөх шигшээ тоглолт Польшийн Гданск хотын төв цэнгэлдэхэд Тавдугаар сарын 30-нд болно.