Ц.АНАНДБАЗАРЫН “ХЭРЭГ” ХӨДӨЛЖ ЭХЭЛЛЭЭ

0
40

Олон жил бизнесийн салбарт магнат байж, сүүлд олон түмний итгэл хүлээж төр түшилцсэн Ц.Анандбазар уучилж болшгүй том асуудалд холбогдоод байна.

Түүний эсрэг олон баримт, мэдээлэл ар араасаа гарч ирсээр, Ц.Анандбазар хаашаа ч бултах, өөрийгөө зөвтгөх аргагүйд хүрлээ. Хуулийн байгууллага шалгаж эхэлснээ өчигдөр албан ёсоор зарлав.

Харин улстөрийн хүрээнд, парламент нь, нам нь энэ хүнээ хэрхэх нь вэ гэх өндөр хүлээлт олон нийтэд буй. Дуугүй байгаад байвал МАН-д бүр муу. Тэр ч үүднээс өчигдөр хүртэл дуугүй байсан улстөрчид дуугарч эхэллээ.

Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүн болоход гол түлхэц болсон гэгддэг спикер Г.Занданшатар “УИХ-ын Ёс зүйн байнгын хороо энэ асуудлаар хуралдаж шийд” гэх үүргийг өчигдөр өгснөө мэдэгдэв. Тэгвэл бусад гишүүд хэрхэн хандаж байгаа талаар хэвлэлүүд бичиж эхлээд байна.

Хамгийн түрүүнд охид, эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдсөн асуудалд эмэгтэй гишүүд хэрхэн хандах нь анхаарал татаж байв. Өнөөдрийг хүртэл дорвитой байр суурь илэрхийлээгүй, М.Оюунчимэг, Х.Булгантуяа нарын гишүүд сошиал хаягаараа дурдаад өнгөрснөөс гавьтай үйлдэл хийгээгүй. Тэд харин дотоод хаягаараа “Эмэгтэй гишүүд дуугарахгүй бол муухай харагдаад байна” гэх агуулгаар ярьж байгаа сурагтай.

Харин МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд “Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа энэ үед ийм асуудал МАН-ыг маш муухай харагдуулж байна. Нэг тийш шийдэх хэрэгтэй” гэсэн саналыг нэг биш гишүүн хэлжээ. Хуульч гишүүд Б.Энхбаяр нар хуулийн зүйл заалт тайлбарлан дуугүй өнгөрөхөөс эмээж сууна.

Ямартаа ч өөрийг нь хөтөлж оруулж ирсэн Г.Занданшатар энэ ноцтой хэрэгт анхаарч эхэлснээр Ц.Анандбазарын “хэрэг” хөдөлж эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх эгзэгтэй үед МАН-ын хувьд олон нийтийн талд шийдвэр гаргах нь зайлшгүй юм.

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА