“РЕАЛ М”-“ЧЕЛСИ” 1:1 ТОГЛОЛТОД ПУЛИШИЧ ХОЁР ШИНЭ ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ

0
31

Аваргуудын лигийн Хагас шигшээгийн эхний Испанийн “Реал М” – Английн Лондон  хотын “Челси” багийн тоглолт, манайхаар лхагва гаргийн өглөө болж 1:1 тэнцээгээр өндөрлөв. Мадрид хотын “Альфредо Ди Стефано” цэнгэлдэхэд болсон тоглолтын эхний бөмбөгийг “Челси”-гийн довтлогч, Америкийн хөлбөмбөгчин Пулишич 14 дэх минутад оруулсан. Тэрбээр энэ гоолыг оруулснаар хоёр шинэ дээд амжилтын эзэн болов. Америкийн шигшээ багийн  тоглогчийн хувьд Аваргуудын лигийн Хагас шигшээд гоол хийсэн анхны тоглогч, Лондон хотын багийн түүхэнд Хагас шигшээд хамгийн залуудаа /22 жил 221 сар/ айлын хаалганд гоол оруулсан хөлбөмбөгчнөөр бичигдлээ.

Тоглолтын эхний гоолоос 15 минутын дараа “Реал М”-ын шилдэг довтлогч Бензема 29 дэх минутад хамгаалагч Милитаогийн дамжуулалтаар тэнцээний гоол оруулж тооны харьцааг 1:1 болгосон. Энэ гоол нь Аваргуудын лигт түүний айлын хаалгыг “мялаасан” 71 дэх бөмбөг байв. Тус лигийн шилдэг мэргэн буучийн жагсаалтын 4 дүгээр байрт дэвшсэн Бензамагийн урьд Роналду, Месси, Левандовский нар 1, 2, 3 дугаар байрт бичигдэж байна. Хоёр баг тоглолт дуустал үлдсэн 61 минутад харилцан довтолсон ч дахиж гоол оруулж чадсангүй. Хариу тоглолт тавдугаар сарын 6-нд Английн Лондон хотод болно.

Хагас шигшээгийн хоёр дахь хос Францын “ПСЖ”-Английн “Манчестэр Сити” тоглолт манайхаар пүрэв гаргийн 03.00 цагаас Парис хотноо эхэлнэ.